-УИХ-ын чуулган дээр та намын хуучин нөхөд болох “Шударга ёс” эвслийн гишүүдэд хатуухан үг хэлж байсан. Улс төрийн томоохон хүчин, олонхийн суудал авсан Ардчилсан нам “Шударга ёс” эвсэлтэй нэгдэж байгаад эсрэг байр суурьтай байгаа гэж ойлгож болох уу?
-“Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн 11 хүн бол Н.Энхбаярын буянаар УИХ-ын гишүүн болсон хүмүүс. МАН-аас гарсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар бол урвагчид. Тэд өмнө нь ч гэсэн урваж байсан. “Элсний 13” гэж ярьдаг. Энэ зүгээр ч нэг гарч ирсэн зүйл биш. 2007 онд М.Энхболдын Засгийн газрыг унагаана гэж Ч.Улаан, Д.Тэрбишдагва тэргүүтэй хүмүүс гарч ирж байсан. М.Энхболдыг намын дарга байх үед нь би хамгаалж үг хэлж байсан. “Элсний 13” гэх бүлэг хүмүүс Засгийн газрыг унагаана гэж байсан. Тиймээс л энэ бүлэглэл гарч ирсэн, тэргүүлэгч нь Д.Тэрбишдагва. Нам доторхи ийм уйваагүй хүмүүсийн үйлдэл нь УИХ, Засгийн газрын тогтворгүй байдлыг бий болгох байсан. Засгийн уналт хэзээ ч сайн зүйл авчирдаггүй. Д.Тэрбишдагва гэдэг хүн Хүнс хөдөө аж ахуйн сайд байхдаа тухайн үеийн намын дарга, Засгийн газрын тэргүүн М.Энхболдыг унагаах ажлыг зохион байгуулж байсан хүн. Гэтэл одоо Ардчилсан намтай эвсээд Шадар сайд болох гээд явж байна. Өөрийнхөө намын Ерөнхий сайдыг унагаж байсан хүн, хүний намын Ерөнхий сайдыг унагах бол асуудалгүй. Уг нь бол олонхийн суудал авсан Ардчилсан нам дангаараа Засгийн газраа байгуулаад үлдсэн намууд нь сөрөг хүчин болж, хяналтаа тавиад явж болох зүйл байсан. Гэтэл яагаад заавал “Шударга ёс” эвсэлтэй нэгдээд байна вэ, энэ цаанаа ямар нэг тохиролцоотой байгаа зүйл. Бид юмаа ойлголцоод явъя гэдэг эрх нь нээлттэй байгаа. Энэ бол нэгдүгээр хувилбар. Хоёр дахь хувилбар, Ардчилсан нам Ерөнхийлөгчийн хэлдгээр Ерөнхий сайдаа УИХ-ын гишүүнээрээ тавиад, бусад сайд нараа гаднаас тавиад Ардын намтай бодлогоо хоёр талаасаа хашаад явах бололцоотой. Энийг ер тоосонгүй.
-Гэхдээ хуулинд бол олонхи болсон нам Засгийн газрын эрхийг дангаараа байгуулна гэсэн байгаа шүү дээ?
-Ардчилсан нам 32 гишүүнтэй болсон. Хуулинд бол тэдэн гишүүнээс дээш гэсэн тоо заагаагүй, харин олонхи гэсэн байгаа шүү дээ. Ардчилсан нам дангаараа Засгийн газраа байгуулаад МАН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчид нь харин хяналтаад тавиад бодлогоо зангидаад явах боломж бий шүү дээ. Олохийн суудал авсан нам дангаараа Засгийн газар байгуулж болохгүй гэсэн хуулийн хашилт байхгүй. Сөрөг хүчин зөвшөөрсөн тохиолдолд Ардчилсан нам Засгийн газраа дангаараа байгуулах боломж бий. Бид ч зөвшөөрөх байсан.
-Тодруулбал, УИХ-д 39-ээс дээш тооны суудал аваагүй бол Засгийн газрыг дангаараа байгуулах бололцоогүй гээд хуульд заачихсан шүү дээ, энэ яагаад үйлчлэхгүй болчихоод байна?
-Үйлчлэхгүй ш дээ. Сөрөг хүчин болох манай намынхан “Ороод ирсэн хүнийг чинь дэмжинэ ээ, та нар дангаараа Засгаа байгуулчих, бид Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй, бодлого дээрээ тохирчихъё гээд явчих юм бол нийгмийн талаар ийм бодлого явуулчихъя, эдийн засгийн бодлого дээрээ ийм юм явуулчихъя гээд тохирч болох зүйл. Би жишээ нь Хууль зүйн сайд хийхгүй гэдгээ хавар зарлачихсан. Одоо боллоо, арван жил хийлээ. Эрүүгийн ертөнц Монголын төрийг бүтэн хэмжээгээр атгачихсан байх үед би энэ салбарыг хүлээж авсан. Гэхдээ сайд байх хугацаандаа хийе гэж бодсоноо хийсэн учраас одоо надад хоргодоод байх юм үгүй.
-Урвагчид дахин Ардчилсан намаас урвана гэж та хэлээд байна л даа. Эвсэгчид тодорхой зөвшилцөл, шийдэлд хүрээд хамтарсан байх?
-Ардчилсан нам өнгөрсөн нэгдүгээр сард хамтарсан Засгийн газраас гарахад МАН бага хурлаа хийж, сайдууд томилох шаардлага гарсан. Гэтэл Ч.Улаан гишүүн Сангийн сайд болно гэж зүтгэсэн. Гэхдээ намын бага хурлаар өөр хүн сонгосны төлөө шарлахсандаа “Элсний 13” гэх бүлгийнхээ толгойлогчтой хамт намаас гарсан шүү дээ. Энэ урвалтууд буцаад Монголын төрийг хэврэг болгоод, урвах гэдэг үзэгдлийг хойч үедээ үлдээх гээд байгаа юм. Мөн Н.Энхбаярыг шийтгүүлээгүй байхад намын нөхөд нь шийтгэл өгвөл Засгийн газраас гарна гэж байсан. Гэтэл Н.Энхбаярыг шүүж, шүүхээс ял оноогоод албан тушаал өгөхөд өнөөдөр тэд нэг хүний эрх ашиг бус, ард түмний эрх ашиг, амласан мөрийн хөтөлбөр биелүүлэхийн тулд Засгийн газарт орно гээд сууж байна. Ийм л урвагчид.
-Урвагчид гээд яриад байна л даа. Яг хэнийг хэлээд байна вэ, намаасаа гарсан гишүүдийг хэлж байна уу
-Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нар манай намд байсан. Гэтэл албан тушаал сайдын суудал өгөөгүй учраас тэд шарлахсандаа намаасаа гарсан. Тэд өөрсдийн нам дотроо байр суурь нь тогтворгүй болоод ирэхээр харьд очиж талх зулгааж байгаа хүмүүс. “Элсний 13” гэдэг бүлэг өөрийнхөө намын Ерөнхий сайдыг унагааж байсан хүмүүс шүү дээ. Монголын төрд, намуудад олон урвагч бий.
-Ардчилсан нам танай намд Засгийн газарт орох боломж олгоогүй учраас шарлахаж байна гэж хэлэх хүмүүс бас байна л даа?
-Би 2000 оноос хойш 12 жилийн турш төрийн алба хашиж буй. Сайд, УИХ-ын дарга, гишүүн, бүлгийн дарга гээд бүгдийг хийж байсан. Гэхдээ албан тушаалаас болж хэлж, ярих үгээ цэгнэх шаардлага гардаг. Одоо би олон жил сэтгэлийн гүнд байсан үгээ хэлнэ. Эд бол албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс. Ялангуяа энэ урвагчид. Урвагчид сайдын суудалд суугаад өөрийн бизнесээ хөгжүүлж, өөрсдөө л баяжиж байснаас Монголын ард түмнийг хэзээ ч бодож байгаагүй. Монгол Улсын сүүлийн 20 жилийн түүх зөвхөн хувийн явцуу сонирхолд хөтлөгдсөн урвалтууд байсан. Энэ урвалтууд Монголын төрийг сульдуулж байна. Хамгийн гол нь энэ хоёр намыг сульдуулж байгаа юм. Би Ардчилсан нам, МАН хоёрыг Монголын төрийн хоёр том багана гэж ойлгож байсан. Урвалтууд зөвхөн энэ хоёр намаас л гарч байсан. Монголын улс төрд ийм зүйл болоод байгаад би зэвүүцэж байгаа юм. Тиймээс л би хэлдэг. Хэлснээрээ би буруутан болж, адлагддаг. Энэ нь ч миний амьдралд хэвшил болж дээ. Ардчилсан намыг газрын хөрстэй тэгшлэх ёстой гэдэг үгийг би биш, Ч.Улаан гишүүн хэлж байсан, гэтэл өнөөдөр ямар нүүрээрээ Ардчилсан намынхантай эвсээд УИХ-ын дэд дарга болоод сууж байна вэ. Өөрсдөд нь албан тушаал өгөөгүй учраас бүтэн таван жилийн турш “Элсний 13” МАН-ыг самарсан.
-МАН энэ удаагийн сонгуульд олонхи болж чадаагүй. Гэтэл Ардчилсан намтай эвсэх, эсвэл хамтрах санал МАН-д тавиагүй учраас ийм зүйл ярьж байна гэх хүмүүс байна л даа. Хамгийн гол нь эдгээр зүйлийг өмнө нь яагаад ярьж байгаагүй юм бэ, улс төрийн ийм нөхцөл байдлын үед яриад эхлэхээр тэгж ойлгогдоод байна?
-Би хэлсэн, намын удирдлагуудаас энэ албан тушаалыг хаш, энэ албанд суу гэсний дагуу би албан тушаал хашдаг байсан. Ийм үед үг яриа, хэлэх үгээ цэгнэдэг байх ёстой. Ерөөсөө энэ Монголын улс төрд урвагч, увайгүй хүмүүс албан тушаал, өөрийн эрх мэдлийн төлөө урвадаг ийм зүйлтэй би цаашид тэмцэх болно. Яагаад гэвэл Монгол төрийг хамгийн их сульдуулж, сорж байгаа зүйл бол урвалт.
-УИХ-ын тухай хуулинд намууд бүлэг байгуулах хүсэлтээ УИХ-ын дарга томилогдсоноос 24 цагийн дотор УИХ-ын даргад өргөн мэдүүлэх ёстой гэж заасан байдаг. Мөн УИХ-ын дарга одоо хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн. Гэтэл танай намын зарим гишүүд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулна гэж яриад байгаа?
-Миний л хувьд бүлэг байгуулах талаар ярьж, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж бодож байна. УИХ дахь МАН-ын бүлгийг сонгогчид, Үндсэн хууль хоёр байгуулчихсан.
-Гэхдээ таны тайлбарлаад байгаа заалт тань бүлэг албан ёсоор байгуулагдсаны дараа нам нь татан буугдвал бүлгийг байхгүй болгодог юм биш үү. Одоо бол танай намын бүлэг албан ёсоор байгуулагдаагүй байгаа?
-Бид бүлгээ байгуулаад, хуралдаад явж байна. Миний л хувьд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахгүй гэж бодож байна.
-УИХ-ын дэгийн дагуу байнгын хорооны дарга нарыг томилсон. Ц.Даваасүрэн гишүүн, З.Баянсэлэнгэ нар байнгын хорооны дарга болсон. Энэ томилгоо хэр нүдээ олсон бол?
-Ц.Даваасүрэн гишүүн манай намаас хасагдсан. Шударга ёс яриад, ард түмэн МАН-ыг шийтгэсэн гээд л яриад гарч ирэхээр нь би албан тушаалд очиж байгаа юм байна гэж бодож байсан. Гэтэл Төсвийн байнгын хорооны даргын албан тушаал өгсөн. Түүнээс хойш дугараагүй шүү дээ. Харин З.Баянсэлэнгэ гишүүний хувьд олонхийн бүлгээс гаргасан шийдвэр байх, би мэдэхгүй байна.
-Ардчилсан нам Засгийн газар байгуулах ажилдаа орох боллоо. Ерөнхий сайдыг өнгөрсөн долоо хоногт томилчихсон. Сайд нарын томилгоо орж ирэхэд та дэмжих үү?
-Уг нь Ардчилсан нам дангаараа Засгийн газар байгуулах бололцоо байгаа юм шүү дээ. Гэхдээ улс эх орны чухал шийдвэр гаргах гэж байгаа учраас МАН чуулганд оролцоно.
-Танай намынхан УИХ-ын чуулганд оролцохгүй байсан гэнэт орох болсон. Үүнийг зарим ажиглагчид МАН Засгийн бүрэлдэхүүнд орох хүсэлт тавьсан гэж хараад байгаа?
-Үгүй ээ, бид заавал Засгийн газрын бүрэлдэхүүнд орох алба байхгүй. Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүйгээр Ардчилсан намын зүгээс зөв бодлого явуулах юм бол түүнийг дэмжээд явчих хувилбар бидэнд бас байгаа. МАН-ыг 29 гишүүнтэй гээд тооцчих, Ардчилсан намынх нь 31 гишүүнтэй гээд бодохоор 60 болж байгаа биз. Цэвэр 60 хүн энэ танхимд сууж байгаад наадах цаадахаа яриад, Ардчилсан нам дангаараа Засаг бариад явчих бололцоо бий. Бид сонгогдынхоо өмнө хүлээсэн үүргийн дагуу улс эх орныг чиглүүлэх Засгийн газрын гишүүдийг томилох чуулганд оролцоод явна.