Малчдыг хямралаас гаргаж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Малчдыг хямралаас гаргаж чадах уу?

Би 2008 оны зургадугаар сард “Зууны мэдээ” сонинд “Ноолуурын үнэ яагаад унав” гарчигтай нийтлэл хэвлүүлжээ. Тэгвэл энэ хавар ноолуурын үнэ урьд өмнө байгаагүй огцом өссөнтэй холбогдуулан үргэлжлүүлэн бичиж байна. 2008 оны хавар  килограмм ноолуурын үнэ 30-аад мянган төгрөгөөс доош унаж байсан бол энэ хавар 50.0 мянган төгрөг гарч өсчээ. 2008 оноос хойш ноолуурын үнийг өсгөж малчдаа аврахын тулд төрөөс “Ноолуурын 10.0 тэрбум”, “Ямааны 30.0 тэрбум”, “Экспортын татварын 4.0 мянгыг тэглэх” тогтоол шийдвэрүүд гаргасан юм. Харин энэ жил ноолуурын үнийг бууруулахын тулд экспортын татварыг буцаах, НӨАТ-ын ногдуулалтыг эргэн харах, бэлтгэлийн ноолуурын ихэнхийг дотооддоо утас, бэлэн хувцас болгох хөтөлбөр гаргах шаардлага гарсан гэнэ. Учир нь энэ салбарын үйлдвэрүүд дампуурч олон мянган хүн ажилгүй болно гэх юм. Ноолуурын үнийг төрийн бодлого шийдвэр тогтоодог уу, бэлтгэлийн  ноолуурын ихэнхийг утас, бэлэн хувцас хэлбэрээр борлуулах дотоод гадаад зах зээлийн боломж бий юу, салбарын боловсруулах үйлдвэр, малчдын ахуй амьдралын асуудлыг төр шийдэж чадах уу… зэрэг асуудлаар санал бодлоо хуваалцъя. Юуны өмнө ноолуурын бодлого шийдвэртэй холбоотой хуучраагүй түүх сөхье.

“Ноолуурын 10.0 тэрбум”, “Ямааны 30.0 тэрбум”, “Татварын 4.0 мянга” ямар үр дүн өгөв?

2008 он сонгуулийн жил байсан болохоор ноолуурын үнийн уналт нийгэмд нилээд шуугиан дэгдээж улс төрийн нам, тэдний нэр дэвшигчид 30.0 мянган төгрөгөөс бууруулахгүй мөрийн хөтөлбөр дэвшүүлж ярьж байлаа. Тэд сонгууль болохоос сарын өмнө УИХ-ын 51 тоот тогтоол гаргуулж "Чанар, зэрэглэлийг нь харгалзан нэг килограмм монгол ямааны ноолуурыг 30,000-32,000 төгрөгөөс доошгүй үнээр малчдаас худалдан авсан ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний аж ахуйн нэгжүүдэд Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангаас эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн татаасыг олгох замаар зохион байгуулах” үүргийг Засгийн газарт өгчээ. Тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд Сангийн сайд 2008 оны 6 сарын 20-ны өдөр тушаал гаргаж ноолуурын үйлдвэрүүдийн эргэлтийн хөрөнгийн зээл олгоход зориулан Худалдаа хөгжлийн банкинд 10.0 тэрбум төгрөгийг хадгаламж хэлбэрээр гэрээ байгуулан  жил 6 сарын хугацаатай жилийн 10 хувийн хүүтэй байршуулжээ. Сангийн яам болон хуучин Үйлдвэр худалдааны яамны албан ёсны мэдээллээр дээрх эх үүсвэрээс тодорхой шалгуурын дагуу “Говь” ХК-д 6.0 тэрбум, “Сор кашимер” ХХК 1.0 тэрбум, “Туул кашимер” ХХК-д 1.0 тэрбум нийт 8.0 тэрбум төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай 15.0-16.8 хувийн хүүтэй олгох эрхийг нээсэн байдаг. Гэвч гурван компанийн захирлуудын нэг нь надад ярьснаар тэд зээлийг аваагүй юу, арилжааны банк төрийн бага хүүтэй эх үүсвэрээр ашиг олоод өнгөрсөн үү, эсвэл компаниуд зээлээр ноолуур худалдаж аваагүй илүү ашигтай наймаанд зарцуулсан уу зэрэг асуултад хариу өгөх төрийн ажил хариуцсан хүн олдохгүй байна. Ямар ч байсан энэ тогтоол гарснаар ноолуурын үнэ тогтворжоогүй 20.0 мянгаас доош хүртэл унасныг бид бүхэн мэднэ. Ноолуурын үнийг 30.0 мянган төгрөгөөс бууруулахгүй байх улс төрчдийн амлалт биелээгүй учир малчид тэдний чихнээс хонх уясаар “Ямааны 30.0 тэрбум” буюу нэг килограмм ноолуур тутамд 5000 төгрөгийн нөхөн олговор олгох шийдвэр гарахад хүргэсэн юм.
АНУ-ын нэр хүндтэй банк, санхүүгийн том компаниудын дампуурлаас эхтэй гэх дэлхийн эдийн засгийн  хямрал хүрээгээ тэлэхтэй зэрэгцэн МАА-н гаралтай бүх түүхий эд түүний дотор ноолуурын үнийн уналт үргэлжилсээр Монгол Улс 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуультай золгосон юм. МАХН-аас нэр дэвшигч түүхий ноолуурын экспортын татвар 4000 төгрөгийг тэглэж хилээр чөлөөтэй гаргах замаар “үнийг өсгөнө” гэсэн сурталчилгаа  явуулж  хууль санаачлан 2009 оны зургадугаар сарын 11-ний өдөр УИХ-аар батлуулсан юм. Гэвч энэ нь хорио цээрийн гэрээгээр урд хөрш түүхий ноолуур оруулахгүй, малчдын гар дээр ноолуур үлдээгүй, зах зээлд ноолуурын хэрэгцээ бага байсан учир үр дүн муутай шийдвэр болов. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2007, 2008 онд улсын хилээр түүхий ноолуур гараагүй байна. Энэ хууль батлагдсан буюу 2009 оны зургадугаар сарын 11–ний өдрөөс хойш түүхий хэлбэрээр 48.1 тонн, угаасан хэлбэрээр 3526.7 тонн буюу түүхийд шилжүүлбэл 4600 гаруй тонн, самнасан хэлбэрээр 1623.3 тонн буюу түүхийд шилжүүлбэл 3247.0 тонн гарчээ. Түүхий ноолуурын экспортын татварыг тэглэсэн ч түүхий хэлбэрээр гадагш гарсан тоо хэмжээ их нэмэгдээгүй, хууль үр дүнтэй үйлчлээгүй байна. Харин Гаалийн ерөнхий газрын мэдээгээр улсын төсөвт ямааны угаасан ноолуурын экспортын татварын орлого 2007 онд  6.0 тэрбум төгрөг, 2008 онд 7.7 тэрбум төгрөг татварт орж ирж байсан бол 2009 онд 3.3 тэрбум төгрөг болж 50% буурсан дүн гарчээ. Энэ жилээс хойш түүхий, угаасан ноолуурын экспортын татварын орлогоор улсын төсөвт орж байсан 7.0-9.0 тэрбум төгрөг тэг болж байна. За яахав төсөв баян юм чинь энэ хэмжээний орлогыг тоохгүй орхъё.
Ингэж үйлдвэрийг зээлийн эх үүсвэрээр дэмжих, малчдын орлогыг бууруулахгүйн тулд ноолуурын үнийг тогтворжуулах зорилготой төрийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хяналт сул, дүгнэдэг механизм тодорхой биш, түшмэдүүд, арилжааны банк, компанийн захирлуудын ёс зүй, нийгмийн хариуцлага сул байгаа учир үр дүн гарсангүй.

Бэлтгэлийн ноолуурын үнэ яагаад өсөв?

Түүхий ноолуурын үнэ нь дотоод, гадаад зах зээлийн хэрэгцээнээс хамаардаг болохыг бидний олон жилийн туршлага хэлдэг. 2008 оны хавраас түүхий болон хагас боловсруулсан ноолуурын үнэ тогтмол буурч 2010 оны эхэн үе хүртэл зах зээл сэргэсэнгүй. Харин оны эхнээс өмнөд хөршид ноолууран бүтээгдэхүүний эрэлт ихээр нэмэгдсэн, дэлхийн эдийн засгийн хямрал саармагжиж Европ, Америкийн захиалга нэмэгдсэн нь түүхий эдийн нөөц багатай байсан Хятад Улсын ноолуурын үйлдвэрүүдийн ноолуурын хэрэгцээг гэнэт нэмэгдүүлэв. Мөн манай улсын боловсруулах үйлдвэрүүд нөөцгүй шинэ оныг угтаж гадны захиалгат ажлыг хугацаанд нь гүйцэтгэх зайлшгүй хэрэгцээг хангахын тулд ноолуурын үнийг давхар хөөрөгдөв. Цөлжилт бэлчээрийн даацаас хамааран өмнөд хөршийн Өвөр монголд олон жил ямааны тоог бууруулж зөвхөн цагаан өнгийн нарийн ноолуурын ямааг сонгон үржүүлэх болсноор бэлтгэлийн хэмжээ буурсан бол манай улсад энэ жилийг эс тооцвол бэлтгэлийн хэмжээ тасралтгүй өсөж ирсэн. Дээр бичсэн ноолууртай холбогдуулан УИХ-аас гаргасан экспортын татварыг тэглэсэн, одоо буцаан хэрэглэх тухай яриа шийдвэр нь зах зээлийн хэрэгцээ, үнэ ханшийг тогтоохгүй болохыг энд онцлон хэлэх гэсэн юм.

Ноолуурын салбар хямралд нэрвэгдсэн үү? Үйлдвэрүүд түүхий эдээ бэлтгэж чадах уу?

Манай улс 2009 онд 19.6 сая толгой ямаа тоолуулж 5400 гаруй тонн ноолуур улсын хэмжээнд бэлтгэх бололцоо байсан ч цас зудны гамшигт 3.3 сая толгой ямаа хорогдсон нь бэлтгэлийн хэмжээг даруй 900 тонноор бууруулж 4500 тонн орчим ноолуур бэлтгэхээр байна. Ноолуурын салбарын үйлдвэрүүд түүхий эдийг боловсруулж, олон ажлын байрыг хадгалдаг, ажилчдын нийгэм, эрүүл мэндийн даатгал, ХАОАТ, гааль, НӨАТ, уур, ус, цахилгаан, дулааны төлбөрт багагүй мөнгө төлдөг улсын татварын том бааз мөн. Төр засаг татварын энэ том бааз суурийг бүрдүүлдэг ноолуурын салбарт анхаарал хандуулах нь тодорхой бизээ.
Татварын ерөнхий газрын мэдээллээр манай улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг МАА-н гаралтай бүтээгдэхүүний бизнесс эрхэлдэг 90 гаруй НӨАТ төлөгч үйлдвэр аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Түүний хажуугаар НӨАТ төлөгч бус 80 гаруй жижиг аж ахуйн нэгжүүд байна. Харин ноолуурын чиглэлээр нэмүү өртөг шингээж утас, бэлэн хувцас бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадын зах зээлд өндөр үнээр борлуулж байгаа нь цөөхөн байна. Гүн боловсруулалт хийх техникийн боломжтой манай улсыг төлөөлөх үйлдвэрүүдийн экспортын үнийн дүн жил бүр буурсаар байгаа нь энэ салбар хямралд багагүй нэрвэгдсэнийг гэрчилнэ. Харин гадны хөрөнгө оруулалттай хагас боловсруулалт хийдэг үйлдвэрүүдийн экспортын үнийн дүн өссөн байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай ноолуурын үйлдвэрүүдийн борлуулалтын харьцуулсан судалгааг Гааль, Татварын газрын мэдээнээс нэгтгэв.
Гүн боловсруулалт хийдэг хамтарсан болон дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдийн сүүлийн 3 жилийн экспорт, дотоод борлуулалтын мэдээ

(Гааль, татварын ерөнхий газрын мэдээгээр)











Хамтарсан  болон дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд

Экспортын дүн

/мян. ам. доллараар/

Дотоод борлуулалтын дүн

/сая. төгрөгөөр/

2007 он

2008 он

 

2009 он

 

2007 он

2008 он

2009 он

1

Говь ХК  (25%-Хөрөнгийн бирж)

(75%-Монгол, Япон)

6,650.1

4,822.5

4,093.9

8,698.7

10,313.1

14,658.5

2

Гоёо ХХК (Монгол,Хятад)

1,439.7

1,531.7

1,144.7

4,030.6

6,578.0

7,596.6

3

Буян ХХК

2.1

3.8

296.8

399.0

295.7

342.7

4

Ээрмэл ХК

519.5

1,243.1

3,318.8

4,145.3

4,783.0

74.0

6

Алтай кашимер ХХК

649.8

2,017.7

1,765.4

1,264.6

1,278.6

2,172.0

Хагас боловсруулалт хийдэг гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдийн сүүлийн 3 жилийн экспортын дүн (Гааль, татварын ерөнхий газрын мэдээгээр)











Гадаадын хөрөнгө оруулалт давамгайлсан
үйлдвэрүүд

Экспортын дүн

/мян. ам. доллараар/

2007 он

2008 он

 

2009 он

 

1

Ханбогд кашимер ХХК (Хятад)

12,118.0

25,576.6

23,198.0

2

Хаян ХХК (Хятад) ноос, ноолуур

7,931.6

17,913.5

15,476.2

2

Лоро Пьяна Монгол ХХК (Итали)

   4,820.3

10,409.6

   8,939.3

3

Монитал кашимер ХХК (Итали)

9,626.9

11,610.0

9,181.5

4

Ти энд Ай ХХК (Япон)

1,797.5

613.6

1,379.9

5

Туяа ХХК (Япон)

409.1

323.6

124.0

Хагас боловсруулалт хийдэг дотоодын хөрөнгө оруулалттай зарим үйлдвэрүүдийн сүүлийн 3 жилийн экспортын дүн (Гааль, татварын газрын мэдээгээр)











Дотоодын хөрөнгө оруулалт давамгайлсан
үйлдвэрүүд

Экспортын дүн

/мян. ам. доллараар/

2007 он

2008 он

2009 он

1

Сор кашимер ХХК

852.9

2,456.2

494.6

2

Монгол микрон ХХК

5,619.8

1,638.4

2,056.9

3

Алтан дөл ХХК

20.9

31.2

15.1

4

Туулкашимер ХХК

Гааль, татварын албаны мэдээнд ороогүй.

5

Мон-Форте ХХК

 

 

 


Жич: Ноос, ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг боловч гааль, татварын албаны мэдээнд ордоггүй гадаад, дотоодын  хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд байна.

Үйлдвэрүүд экспортын борлуулалтынхаа буурсан зөрүүг дотоод зах зээлд нөхөх бодлого явуулжээ. Хэрэглэгч бидэнд тодорхой нэгэн зүйл бол гүн боловсруулдаг том үйлдвэрүүд дотоодын зах зээлд хямдрал зарлаж өрсөлдөх болсоор тодорхой хугацааг үдэв. Дотоод зах зээлийн хэрэгцээ багтаамж бага учраас хямдралын өрсөлдөөн нь зах зээлийг тогтворгүй болгож монгол ноолуурын имиджийг бууруулан зах зээлийн орон зайнд хэцүүхэн амьдарч байгаа жижиг цехүүдийн хаалгыг бариулж  байна. Саяхан Говь ХК  килограмм утасны үнээ нэмж 154,000 төгрөг болгожээ. Жижиг үйлдвэрлэгчид килограмм утсаар 3.6 ширхэг цамц хийгээд томоохон компаниудын хямдралын үнэ буюу 144,000-288,000 төгрөгийн орлого олж чадах эсэх нь эргэлзээтэй байна.











Кг утасны үнэ

Цамцны дундаж жин

Кг утсаар хийх цамцны тоо

Цамцны борлуулах дундаж үнэ

 

Үйлдвэрүүдийн 
хямдрал
20-50%

154,000 төгрөг

270 грамм

3.6 ширхэг

80,000-110, 000 төгрөг

40,000- 80,000 төгрөг

Жижиг үйлдвэрлэгчид үндсэн түүхий эд болох утасны үнээ төлөөд ажилчдын цалин хөлс, хоол унд, хэрэглэсэн цахилгаан, уур усны зардал, дэлгүүр, ажлын байрны түрээс, сэлбэг материалын зардлаа төлөх боломжгүй болсон гэж ярих юм. Өрсөлдөөн дунд тэдний бүтээгдэхүүн ч зарагдах найдвар муу болжээ. Нэгдсэн бодлогогүй дотоод борлуулалтын харгис өрсөлдөөн нь энэ чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэгчийг зах зээлээс нэг мөр арчих нь бараг тодорхой байна.
Ноолуурын салбарын татварын албанд бүртгэлтэй ихэнхи үйлдвэрүүд Хятад, Америк, Япон, Итали, Англи, Швейцари зэрэг улсын иргэд, компаниудын эзэмшилд байна. Өөрийн болон дотоодын арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр ноолуур бэлтгэдэг цөөн тооны үйлдвэрүүд нь Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгө давамгайлсан үндэсний чанартай аж ахуйн нэгжүүд юм. Тэд санхүүгийн боломжгүйгээс түүхий эдээ хангалттай бэлтгэж чадахгүй байгаа нь энэ хаврын нөөцийн хомсдолоос харагдаж байна. Үйлдвэрийг хэвийн найдвартай тасралтгүй явуулахад 3-6 сарын түүхий эдийн нөөц бүрдүүлэх ёстой юм.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2009 онд түүхий, угаасан, самнасан хэлбэрээр гадны хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдийн экспортод гаргасан хэмжээ түүхийд шилжүүлснээр 7890.0 тонн гаруй болж байгаа нь бэлтгэлийн хэмжээнээс хол давсан байна. Ингэж Хятад,  Итали, Америк, Япон Улсын мөнгөн эх үүсвэрээр бэлтгэсэн ноолуур дэлхийд үнэтэй брэнд бүтээгдэхүүний түүхий эд болж гарсаар олон жил өнгөрлөө. Зах зээлийн үнэ ханш ч тэднээс бүрэн хамааралтай болжээ. Мэргэжлийн хүмүүсийн тооцсноор бэлтгэлийн дөнгөж  10 орчим хувийг дотооддоо гүн боловсруулж байна.
Эх орны түүхий эдийг гүн боловсруулалт хийж нэмүү өртгийг Монгол Улсад үлдээж ажлын байрыг нэмэгдүүлж татварын бааз сууриа авч үлдэх нь салбарын болоод төрийн бодлого мөн. Гэхдээ одоогоор гүн боловсруулалт хийдэг үйлдвэрүүдийн хүчин чадалтай нь харьцуулсан экспортын тоо хэмжээ хэт доогуур, дотоод зах зээлийн багтаамж бага, манай зах зээлийг тодорхойлогч гадны хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд хагас боловсруулсан хэлбэрээр гадагш авч явах сонирхолтой байгаа нь бидний зорилтыг хэрэгжүүлэх хугацааг сунгах нь тодорхой байна.

Өнөөдөр малчдын амьдрал ямар байна вэ?  Тэд ноолуураас хамааралтай юу?

Хөдөөгийн малчид иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь ямааны ноолуурын орлого мөн. Ноолуур нь малын гаралтай түүхий эдийн дотроос хамгийн үнэтэй, хөрвөх чадвар сайтай баялаг бөгөөд малчид өр зээлээ төлөх, ахуй амьдралаа дээшлүүлэх чухал хэрэгсэл юм. Малчдын гар дээр жил бүр 100.0-150.0 тэрбум төгрөг очдог гэсэн тооцоо мэдээ байна. Өнгөрсөн өвөл, хаврын цаг агаарын гамшиг мал аж ахуйд томоохон эрсдэл дагуулав. УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайдын хийсэн мэдээллээр гамшиг зудын байдлаас болж 4 сарын 19-ний байдлаар оны эхний нийт малын 15.6 хувь буюу 6.9 сая мал зүй бусаар хорогдож, зах зээлийн дундаж ханшаар тооцвол 360.3 тэрбум төгрөгийн шууд хохирол малчдад учирчээ. Түүнээс 8711 өрх огт малгүй, 32756 өрх малынхаа 50-иас дээш хувийг хорогдуулж,  1400 гаруй малчин өрх аймаг, сумын төв рүү шилжин байршжээ. Улсын хэмжээнд нийт 69.6 мянган малчин өрх арилжааны банкуудад 63.9 тэрбум төгрөгийн зээлтэй, түүний 2.1 тэрбум нь малгүй буюу цөөн малтай иргэдэд ноогджээ. Засгийн газар малжуулах хөтөлбөрийг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Малжуулах арга хэмжээний хүрээнд малгүй болсон  малчин өрхийн 50% буюу 4355 өрхийг хамруулж, үлдсэн 4356 өрхийг эдийн засгийн бусад салбарт шилжүүлж ажлын байраар хангахаар төлөвлөжээ.
 

Төр боловсруулах үйлдвэр, малчдыг дэмжсэн дундын ямар бодлого явуулбал зохистой вэ?

Ноолуурын салбарт татварын дарамтыг нэмэгдүүлэхгүй байя. Энэ салбарын үйлдвэр, малчид хямралд гүн өртжээ. Бид уул уурхайн салбарын орлогоос төсвийн ихэнхийг бүрдүүлэх төлөвтэй учир ноолуурын салбарын татварын орлогыг тодорхой хугацаагаар царцаах боломжтой юм. Нэгэн үе энэ салбар эдийн засгийг тогтворжуулах төсөв, валютын орлогыг бүрдүүлэх үүргээ сайн биелүүлсэн. Мөн олон мянган ажилчдыг бэлтгэж байнгын ажил амьдралтай үе дамжсан ажиллах хүчний армийг бүрэлдүүлсэн салбар юм.
Улс төрчид сонгуулийн өмнөх ноолуурын шоунаас татгалзъя. Сонгуулийн үеэр ноолуур ярьж малчдад таалагдах шоу, түүнийг дагалдан гардаг төр засгийн шийдвэрүүд нь энэ салбарын асуудлыг нэг мөр шийдэж чадахгүй байна. Төр засгаас малчдыг зудтай үед өвс тэжээл өгөх, малгүй болсон нөхцөлд малжуулах, ноолуурт мөнгө өгөх зэргээр туслаж байна. УИХ-аас баталсан “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”, одоо хэлэлцэж байгаа “Монгол мал” хөтөлбөрийн гол үзэл санаа ч малчид руу чиглэсэн юм. Тэгвэл  боловсруулах үйлдвэрүүдийг давхар дэмжих боломжийг бас ярилцья. Гэхдээ ноолуур бэлтгэлийн энэ улиралд ноолуурын экспортын татвараар оролдохгүй байх нь зүйтэй юм. Учир нь татвар тавьсан хэмжээгээр худалдан авагч үнээ бууруулах төдийгээр үйлдвэр, малчдын суурь асуудлыг шийдэж чадахгүй юм. Үнийг төр засгийн оролцоогүйгээр зах зээл өөрөө тодорхойлдог болохыг дахин хэлье.  
Үйлдвэрүүдийг зээлийн бодлогоор дэмжье. Төрөөс үнэт цаас гаргаж хүү багатай урт хугацааны зээлийг ноолуурын бэлтгэлд зориулж үйлдвэрүүдэд өгөх боломжтой. Ингэхдээ үр дүнтэй хэрэгжүүлэх арга замыг маш тодорхой болгож Засгийн газар, үйлдвэрүүдийн хүлээх үүрэг хариуцлагыг хатуу гэрээгээр зохицуулах ёстой. Үйлдвэрүүд гүн боловсруулалт, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх, түүхий эдийн худалдан авалтын үнэ, дотоод зах зээлийн борлуулалтыг нэгдсэн зохицуулалтаар хийж жижиг ажил олгогчийг дэмжих нь зүйтэй байна.
Экспортын урамшуулал, импортын бодлогоор дэмжье. Гүн боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн болон ээрмэл утас экспортолж байгаа үйлдвэрүүдэд тоо хэмжээ, үнийн дүнгээс хамааруулан экспортын онцгой урамшуулал олгох хуулийг Засгийн газар, Ноос ноолуурын холбоо хамтран боловсруулж УИХ-аар батлуулах нь зүйтэй юм. Харин гадаад улс орноос чанар муутай хямд үнэтэй ноос, ноолууран ээрмэл утас импортоор оруулахыг татварын бодлогоор зохиуцуулах боломжтой юм.
Бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлж, малчдыг хоршооны гишүүнчлэлтэй болгоё.
УИХ “Биржийн тухай” хууль гаргаж мал аж ахуйн гаралтай түүхий эдийн чанар стандартыг мөрдүүлж, үнийг тогтворжуулах бэлтгэлийн нэгдсэн тогтолцоог шинээр байгуулах шаардлагатай байна. Малчдыг хоршооны гишүүнчлэлд хамруулж хамтын хөдөлмөрийн үр дүнг тэр бүтцээр нь дамжуулан мал болон түүхий эдийн чанартай уялдуулан урамшуулдаг  тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй юм.
Эцэст нь хэлэхэд Би ямаа олноор тархсан аймгийн төвүүдэд угаах, самнах үйлдвэр байгуулж хагас боловсруулсан бүтээгдэхүүнээр Улаанбаатар хотын үйлдвэрүүдийг хангах, тэд зөвхөн гүн боловсруулалт хийж үнэ ханшийг тогтворжуулах  тогтолцоонд аажмаар шилжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Ямааны 30.0 тэрбум яригдах үед ч энэ саналыг хэлж байлаа. Хөвсгөл аймагт ийм үйлдвэр байгуулах төслийн ажлыг төр, хувийн хэвшлийн хөрөнгийн оролцоотой хэрэгжүүлж байна. Энэ төслийн үр дүнгийн талаар бичиж дараа дахин уулзах болно…
Монголчуудыг халуун хошуут малын буян ивээх болтугай.
         
Цэрэнбатын Сэдванчиг
Улсын Их Хурлын гишүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж