М.Зоригт: Монголын ардчилалд оюутнуудын гүйцэтгэсэн үүргийг хүндэтгэж байдагт би баярладаг | News.MN

М.Зоригт: Монголын ардчилалд оюутнуудын гүйцэтгэсэн үүргийг хүндэтгэж байдагт би баярладаг

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

М.Зоригт: Монголын ардчилалд оюутнуудын гүйцэтгэсэн үүргийг хүндэтгэж байдагт би баярладаг

Одоогоос 20 жилийн өмнө буюу 1990 оны
гуравдугаар сарын 2-ны өдөр Монголын Ардчилсан хувьсгалд үнэтэй хувь
нэмэр оруулсан Монголын оюутны холбооны онц IV бага хурал болж байлаа.
Нийгмийн өмнөх тогтолцоонд залуучуудын болон оюутны байгууллага нь улс
төрийн болоод намын үзэл суртлын хүлээнд байж, удирдлагыг нь ч дээрээс
томилдог байжээ. Энэ бүхнийг болон нийгмээ өөрчлөх асуудлаар хурц,
халуун яриа тус бага хурлын үеэр өрнөсөн гэдэг. Өөрчлөлт, шинэчлэлийг
эхлүүлж, ардчилсан хувьсгалыг жолоодсон хүчнүүдийн нэг болох Монголын
оюутны холбооны тус бага хурлыг түүхэн үйл явдал гэж үзэх үндэслэлтэй.
Тиймээс энэ түүхэн үйл явдалтай холбогдуулж, Иргэний зориг намын
Ерөнхий нарийн бичгийн дарга М.Зоригттой ярилцлаа. Тэрбээр Монголын
оюутны холбооны анхны оюутан ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан
билээ.

-Хорин жилийн өмнөх цагаан
морин жилийн ардчилсан хувьсгалыг ярихын тулд тэр үеийн Монголын оюутны
холбоог дурсахгүй өнгөрөх аргагүй юм. Тэр хувьсгалд Монголын ард
түмнийг манлайлан зохион байгуулсан дөрвөн холбоо байсны нэг нь
Монголын оюутны холбоо өдгөөгөөс хорин жилийн өмнө гуравдугаар сарын
энэ өдрүүдэд Онц бага хурал зарлан хуралдуулж байжээ. Энэ нь ардчилсан
хувьсгалын үйл явцад чухам ямар нөлөө үзүүлсэн бол. Тэгэхэд та
удирдлагуудынх нь нэг байсан. Эндээс яриагаа эхлэх үү?

-Чөлөөт
сэтгэлгээ, оюун санааны болон хүний бусад эрх чөлөөг хаан боогдуулж
байсан нийгмээ өөрчлөн шинэчлэх уур амьсгалыг өөрчлөх, оюутны холбооны
удирдлагыг  дээрээс томилон үзэл суртлын гар хөл болгодог явдлыг
өөрчлөх, нийгмээ тогтцоор нь өөрчлөх асуудлыг Онц бага хурлаар
хэлэлцсэн юм. Энэ бүхнийг, нийгмийг өөрчлөх ёстой гэдэгт оюутнууд санал
нэгдэж, ардчилсан хувьсгалыг зохион байгуулах эрх хүчээ эндээс
нэгтгэсэн юм.

Энэ өдрийг бид хорин жилийн дараа дахин тэмдэглэхээр шийдвэрлэж, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

-Гуравдугаар
сарын 2-4-ний өдүүдэд болсон Онц бага хурлын дараахан Улс төрийн
товчоог огцлруулах шаардах бичгийг өргөн барьж байжээ. Тодруулбал 3
дугаар сарын 4нд.

-Тэр үеийн Улс
төрийн товчоог огцруулах талаар дөрвөн зүйл бүхий шаардлагыг
гуравдугаар сарын 4-ний өдөр болсон ардчилсан хүчний дөрвөн холбооны
цуглаанаас гаргаж, түүнийгээ эрх баригчдад өргөн бариад байсан. Харин
7-ны өдрийн өлсгөлөнг гэнэтхэн зарласан юм. Үүний өмнөхөн буюу
гуравдугаар сарын 5-ны өдөр манай хоёр оюутан МУИС-ийн Тавхай, Төрөө
хоёр маань 17-18 зүйл бүхий шаардлага, мөн үүнийг хүлээж авахгүй бол
өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн өргөх бичиг бариад над дээр хүрээд ирдэг
юм. Өлсөх гэдэг үхэхтэй ялгаагүй санагдаад шууд дэмжиж чаддаггүй.
Тэгсэн хэрнээ адилхан зорилготой болохоор ойлгоод байдаг. Юу ч гэсэн
хоёр найзыгаа дайлахаар МУИС-ийн хажуугийн 18 дугаар гуанзанд орж,
хооллох зуураа гурвуулаа ярилцаж тохиролцлоо. Ярилцсаар байгаад би тэр
хоёртой хамт өлсөх, тэгэхдээ гуравдугаар сарын 4-ний цуглаанаас
гаргасан дөрвөн зүйл шаардлагыг хүлээж авахгүй бол 9-ны өдрөөс өлсгөлөн
зарлая гэдгийг нөгөө хоёроороо зөвшөөрүүлсэн юм. Тэгээд тэр дор нь
үүнийгээ өргөдөл болгож бичээд АИХ-ын тэргүүлэгчдэд хаяглаад Төрийн
ордны арын иргэдийг хүлээн авах байранд аваачиж өгч байсан. Энэ баримт
одоо ч архивт бий. Гэтэл өлсгөлөн 7-нд эхэлж, Тавхай, Төрөө хоёр
“чамаас болоод өлсгөлөнгөөс хоцорлоо” гээд надад уурлаж билээ. Тэгээд
8-ны өдөр манай хоёр өлсгөлөнд нэгдсэн дээ. Ер нь оюутнууд цаг үеэ маш
соргогоор мэдэрч, олонзүйлд түүчээлж байсан. Ардчилсан хувьсгалыг
эхлүүлсэн анхны цуглаанаас хэдхэн хоногийн өмнө буюу 1989 оны 12 дугаар
сарын 7-ны өдөр Ховдын багшийн дээд сургуулийн оюутнууд цуглаан зохион
байгуулж, тэр үеийн нийгэмд хамгийн анх удаа зохион байгуулалттайгаар
эрх баригчид, МАХН-ыг шүүмжилсэн юм. Тэгэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл
зөвхөн төрийн, МАХН-ын тушаал заавраар юуг мэдээлэх, эс мэдээлэхээ
шийддэг байсан үе болохоор үндсэндээ ард түмэн тэр цуглааны талаар юу ч
мэдэлгүй өнгөрсөн. Энэ цуглааны дараа 12 дугаар сарын 10-ны өдөр
ардчилсан хөдөлгөөнүүдийн анхны цуглаан нийслэлд болсон юм. Өлсгөлөн
зарлаж, өөрсдийн шаардлагаа хүлээн зөвшөөрүүлэх талаар оюутнууд бас анх
ярилцаж байсан.

-Мөн 1990 оны
гуравдугаар сарын 7-ны өдрийн өлсгөлөн сайнаар төгсөхөд Монголын оюутны
холбооны удирдлагууд маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэж олон хүн дурсдаг
юм билээ?

-Маргааш нь
эмэгтэйчүүдийн баяр болох гэж байхад нэг хэсэг нь өлсгөлөн зарлалаа гэх
уур амьсгал байсан л даа. Тэр үед МОХ-ныхон хэсэг, хэсгээрээ их, дээд
сургуулиуд дээр очиж цуглаан, ухуулга явуулдаг байсан юм. Талбайд
өлсгөлөн эхэлсэн тэр өдөр би Анагаахын дээд сургууль дээр очиж таарсан.
Тэгэхэд яг Мартын 8-ны үдэшлэг болж, оюутнууд баяраа тэмдэглэж байв.
Баярын үдэшлэгийг нь тасалдуулан микрофоныг нь аваад цаг үеийн нөхцөл
байдал, улс төрийн талаар ухуулга хийсэн бид хэд тэндээс хөөгдөөд гарч
байсан юм. Харин маргааш нь бид зургаан мянга шахам оюутныг зохион
байгуулан талбай руу жагсаалаар орж ирсэн нь өлсгөлөн зарлагчдыг сэтгэл
санаагаар өргөн дэмжсэн, эргэлзэж байсан хүмүүсийг зоригжуулж,
хурцалсан алхам болсон. Ер нь оюутнууд өлсгөлөнд оролцогчдоо хутган
үймүүлэгч, эсэргүүцэгчдээс хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах үүрэг
хүлээж байсан. Өлсгөлөн эхэлснээс хоёр хоногийн дараа 9-ны өдөр талбай
руу цэргийн хүч оруулна гэсэн яриа тарсан юм. Сүхбаатарын талбай руу
нэвтэрч орох таван гарц байдгийн нэгийг МоАХ, хоёр дахийг нь Шинэ
дэвшилт холбооныхон, гурав дахийг нь Ардчилсан социалист холбооныхон
хамгаалахаар болж, үлдсэн хоёрыг нь оюутнууд хамгаалалтад авахаар
төлөвлөж байсан. Ардчилсан хүчний дөрвөн хөдөлгөөнөөс хамгийн цул,
хүчтэй нь МОХ байсан хэрэг л дээ. Мөн 9-ний өдрийн үдээс хойш талбай
дээр харгалзах хүнгүй яваа хүүхдүүдийг болзошгүй аюулаас холдуулах
зорилгоор оюутнууд ажилласан. Хүүхдүүдийг МУИС-ийн хоёрдугаар байрны
хурлын зааланд цуглуулаад компотоор дайлаад, зураг зуруулаад…

-Тэр үеийн оюутнууд одоо хаана юу хийцгээж яваа бол. Холбоотой байдаг биз дээ?

-Тэр
үед хамтран зүтгэж явсан олон нөхөд маань хувь заяагаа дагаж, өөр
өөрсдийнхөө замаар л явцгаасан. Ардчилсан хувьсгалын түүхэнд үнэтэй
хувь нэмэр оруулсан Монголын оюутны холбооны 20 жилийн ойг тэмдэглэж
байгаа энэ өдөр нийгмээ өөрчлөх, эх орноо ардчиллын замаар хөтлөхөд
хувь нэмрээ оруулсан тэр үеийн бүх оюутнууд, найз нөхдөдөө баярын
мэндчилгээ дэвшүүлье. Ардчиллаар овоглосон он жилүүд, түүний төрсөн
өдрийн баяр Монголын бүх ард түмний баяр байдаг юм. Ардчилсан хувьсгал
бүх иргэдийн оролцоогоор бий болсон. Дэмжсэн, дэмжээгүй гээд фронтын
аль талд байснаас үл хамаараад бүх нийтээр тэр хувьсгалд оролцсон.
Хамтын бүтээл нь өнөөгийн ардчилал юм. Хорин жилийн өмнө шинэ нийгэм
байгуулахын төлөө хамтдаа зорьж, тэмцэж явсан оюутан залуу насны найз
нөхдөө баярын энэ өдөр дурсахад зарим маань бидний дунд үгүй болсон
байна. Тэднийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж, итгэл үнэмшлээ болгож
явсан ардчиллыг гүнзгийрүүлэхийн төлөө бид ажиллах нь бидний үүрэг юм.

-Маргааш
/өнөөдөр/ Монголын ардчилсан хөдөлгөөний 20 жилийн ойд зориулсан хурал,
бусад хүндэтгэлийн арга хэмжээ болно. Үүнтэй холбогдуулж “XX зуун:
Оюутны чөлөөт нэгдэл”-ийн талаар та ярилцлагын төгсгөлд дурсвал…

-Бид
тэр үед “XX зуун: Оюутны чөлөөт нэгдэл” гэдэг байгууллага байгуулан
ёстой өдөр шөнөгүй ажиллаж байсан. Өдөр нь сургуулиуд, орой нь дотуур
байруудаар явж ухуулга, цуглаан хийдэг байлаа. Бид саяхнаас “ХX зуун:
Оюутны чөлөөт төв” гэдэг төрийн бус байгууллага байгуулан ажлаа
эхэлсэн. Дэргэдээ сангийн үйл ажиллагаа явуулж, тэр үеийн оюутан
найзуудынхаа амьдралд шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлж байх юм.
Төрийн бус байгууллага маань гол нь түүхээ хадгалах, ингэснээрээ
ардчиллаа хамгаалах зорилготой. Хэн яаж, ямар замаар гарч ирсэн,
ардчиллын үйл хэрэгт ямар хувь нэмэр оруулсныг сануулах, түүхээ үлдээх
ёстой. Миний хувьд Монголын оюутны холбооны анхны оюутан ерөнхийлөгч нь
болж байсан гэдгээрээ бахархдаг. Одоо ч бид Монголын оюутны холбоотой
хамтран ажилладаг. Ардчилсан хувьсгалд оролцож байсан тэр үеийн оюутны
холбооныхонд өнөөдрийн МОХ-ны зүгээс ядарсан нэгэнд нь тусалж дэмжиж,
бас баярыг нь хуваалцаж байдаг. МУИС, ТИС-ийн өмнөх талбайг бид Оюутны
талбай, чөлөөт индэр болгохоор хамтран ажиллаж байгаа. Тэр индэр
дээрээс хэн ч үгээ чөлөөтэй хэлдэг, тэр нь олон нийт, төр засагт хүрч
байдаг болгохоор зорьж буй юм.

Тухайн
үед Монголын оюутны холбоог цэгцлэн байгуулж, үйл ажиллагааг нь удирдан
чиглүүлэхэд хэсэг оюутнуудын байгуулсан “XX Зуун-Оюутны чөлөөт нэгдэл”
байгууллага яахын аргагүй голлох үүрэг гүйцэтгэсэн байдаг юм. Тийм ч
учраас өнгөрсөн жилээс эхлэн Монгол орон даяар тэмдэглэж буй Ардчилсан
хувьсгалын 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “XX зуун-Оюутны чөлөөт
төв” Төрийн бус байгууллага, Монголын Оюутны Холбооноос нийгэмд бий
болгосон шинэ уур амьсгал, гүйцэтгэсэн үүрэг, өрнүүлсэн санаачилгыг энэ
өдрүүдэд хүндэтгэн дурсаж, өнөөдөр тус байгууллагын 20 жилийн ойг
тэмдэглэж байна.

Ойн хүрээнд өнөөдөр
14.00 цагаас Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны хөшөөнд цэцэг
өргөж, хүндэтгэл үзүүлэх бол Монголын оюутны Ардчилсан Хөдөлгөөний 20
жилийн ойн хүндэтгэлийн хурал 14.30 цагаас  УДЭТ-т болох ажээ. Хурлын
үеэр Монгол Улсын Баатар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Хувьсгалын II үе
шат” нэртэй илтгэл тавих юм. Энэхүү илтгэлийг MҮОНТ, “Eagle” болон
“Боловсрол суваг” телевизээр шууд дамжуулахыг онцолж байна.

З.Гил

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж