Цахилгааны урамшууллаа мартаагүй биз?

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Цахилгааны урамшууллаа мартаагүй биз?

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хороол­лын айл өрхийн цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрийг улсаас 50 хувь хөнгөлөх шийдвэр гарсан. Энэхүү урамшууллыг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас эхлэн энэ оны тавдугаар сар хүртэл олгосон. Зуны дэлгэр өдрүүдэд, агаарын бохирдол, нүүрс түлээ зэргийг бага зэрэг умартаад байгаа ч холбогдох байгууллагууд дээрхи хөнгөлөлтөд хамрагдахыг хүсэгч­­дийн өргөдлийг авсаар байгаа. Энэ талаарх мэдээллийг иргэдэд хүр­гэхийг зорьлоо.

Цахилгааны урамшуулалд хамруулах нөхцөл шалгуур

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулинд дараах нөхцөл шалгуурын аль нэгийг хангасан айл өрхөд урамшуулал  олгоно гэж заажээ. Тодруулбал,

  • Стандартын шаардлага ханга­сан дулаалгатай гэр, амины орон сууцтай
  • Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнд холбогдож цахилгаан халаа­гуур хэрэглэж байгаа 
  • Бүх төрлийн хийн түлшээр ажилла­даг халаалттай 
  • Газрын гүнийн дулаан, нар салхины болон бусад сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа
  • Стандартын шаардлага ханга­сан шахмал болон коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр хэрэглэж байгаа.
  • Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууцтай
  • Түлш хэмнэх замаар хүлэм­жийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын тус­ламж, төсөл хөтөл­бөрт хамрагдаж байгаа бол цахилгааны үнийн урам­шуу­лалд хамрагдах боломж­той юм байна.
Хэдэн төгрөг хэмнэх вэ?

Гэрийн халаалтын системийг бүрэн цахилгаанаар шийдсэн, цахилгаан халаагуур бүхий айл өрхийн сард шөнийн цагаар хэрэглэсэн 3000 кМтц хүртэлх цахилгааны төлбөрийг 50 хувиар бууруулдаг аж. Шөнийн цаг гэдэг нь 18.00 цагаас 09.00 цаг хүр­тэлх цагуудад хэрэглэсэн цахилгаан хөнгөл­дөг­дөнө гэсэн үг. 

Харин шахмал болон коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр хэрэглэж байгаа, стандартын шаардлага хангасан дулаалгатай гэр, амины орон сууцтай гэх мэт бусад шаарлагыг хангаж буй өрхүүдийн ахуйн хэрэглээнд хэрэглэсэн 200 кВтц хүртэлх цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлөх ажээ. Өөрөөр хэлбэл, дүүрэг,  хороодоор дамжуулан худалдаалсан утаагүй зуух, гэрийн дулаалга авч хэрэглэж байгаа айлуудын цахилгааны төлбөр сард дунджаар 20 мянган төгрөг байдаг. Энэ урамшуулалд хамрагд­са­наар сар бүр 10 мянган төгрөгийг хэмнэж чадах юм байна.

Цахилгааны урамшууллыг ирэх аравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ

Цахилгааны урамшуулал олгох ажил өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 5-наас энэ жилийн тавдугаар сарын 1-ний хооронд үргэлжилсэн. Энэ жилийн хувьд урамшуулал олгох журамд ямар өөрчлөлтүүд орсон талаарУлаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн Хэрэглэгчдийн гэрээ, мэдээллийг хариуцсан инженер Б.Баярмаагаас тодрууллаа.

-Хэдэн сараас эхлэн айлуудын цахилгааны төлбөрийг хөнгөлж эхлэх вэ?

-Энэ жил хүйтний улирал эрт эхлэх төлөвтэй байгаа болохоор айл өрхийн цахилгааны төлбөрийг ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн хөнгөлөхөөр болсон. Энэ нь аравдугаар сараас эхлэн ирэх оны тавдугаар сарын 1-ныг хүртэл урамшуулал эдлэх боломжтой гэсэн үг.

-Хэрэглэгчдэд тавигдах шаард­лага, кВтц-д өөрчлөлт орсон уу?

-Ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Харин нийслэлийн агаарын чанарын бүсэд орших хороодын тоог нэмсэн байгаа. Бидний зүгээс тавьж байгаа шаардлагуудыг хангаж байвал хэрэглэгчдийн тоог хязгаарлахгүй бөгөөд аль болох хурдан шуурхай иргэдтэй гэрээ хийхээр хичээн ажиллаж байна.

-Одоогоор хэдэн өрх энэхүү урамшуулалд хамрагдаад байгаа вэ? Иргэдийн хүсэлтийг хүлээн авч байгаа юу?

-Өнгөрсөн жил нийт 26508 өрх урамшуулалд хамрагдсан. Хөнгөлт эдлэх хугацаа өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс түр завсарласан. Зун цаг болсонтой холбогдуулан иргэд энэ ажлыг түр завсарласан гэж ойлгож байгаа байх. Гэсэн ч бид иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байгаа. Энэ зун нийт 160 орчим өрхтэй гэрээ байгуулаад байна. 

-Иргэдийн хүсэлтийг хэдий хугацаанд шийдвэрлэдэг вэ?

-Дүүргийн салбар хорооноос ирүүлсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт бүхий хэрэглэгчийн тодорхойлолтыг хүлээн авсан даруйдаа шийдвэрлэдэг. Ингэхдээ дүүрэг бүрт байрлах хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээрээ дамжуулан хэрэглэгчидтэй гэрээ хийнэ. Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь урамшуулалд хамрагдах нэрсийн жагсаалтыг өөрийн байранд олон нийтэд ил тод байрлуулах ба хэрэглэгч бүрийн гар утсанд ирж гэрээгээ хийнэ үү гэж мэдээлэл илгээдэг.  

Бүрдүүлэх баримт, хандах газар

Цахилгааны урамшуулалд хамраг­дах нөхцөл шалгуурыг хангасан айл өрх нь өөрийн дүүргийн Агаарын бохирдлыг бууруулах салбар хороонд дээрхи шаардлагуудын аль нэгнийг хангасан гэдгийг батлах хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэх, цахилгааны дэвтэр зэргээ авч очин хүсэлт гаргах хэрэгтэй гэнэ.  Дүүргийн агаарын бохирдлыг бууруулах салбар хороо хүсэлт гаргасан айл өрхийг зохих шалгуур үзүүлэлт хангасан эсэхийг шалгаж үзсэний үндсэн дээр цахилгааны урамшуулалд хамруулах тодорхойлолт хийж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулан “УБЦТС” ТӨХК-д өгөх ажээ. Таны утсанд мэдээлэл ирсэн даруйд дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандан гэрээгээ байгуулсанаар та цахилгааны хөнгөлөлт эдлэх боломжтой болно.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж