Профессорууд юу хэлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.14-нд нийтлэгдсэн

Профессорууд юу хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай оронд айлчилж буй Стэнфордын их сургуулийн профессор Ларри Даймонд “Ардчиллын чанар чансаа, түүний оршихуйн увдис”, Фрэнсис Фукуяама “Дэлхийн санхүүгийн хямралын дараах загварууд”, Стивен Краснер “Төр улсыг засан тохинуулахуй: Юу зохистой байв” сэдэвт лекцээ өчигдөр Төрийн ордны их танхимд танилцууллаа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: БИД ЭНДЭЭС ШИНЭ БАРИМЖАА АВНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Уг илтгэлийг сонсохоор УИХ болон Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаачид, оюутан залуус цугласан бөгөөд мянга гаруй хүний суудалтай их танхимын бүх суудал эзэнтэй болсон байлаа. Ингээд арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн ба түүний илтгэлийн агуулга нь “төр нийгмийн амьдрал хэдэн хүний амбиц, хэвлэлийн хурлын мэдээнд хөтлөгдөхгүйгээр шинжлэх ухааны дүгнэлт, эрдэмтэн мэргэдийн санаа бодлоор бодлого гарч байх ёстой. Хэн нэгэн хууль тогтоогч юу бодож, “өглөө аль хөл дээрээ боссоноос” шалтгаалан нийтээр хэрэгжих хууль дүрэм гарч болохгүй” гэх санаа байв.

Түүний хэлсэн үгнээс онцловол “Монголд ардчиллын төлөөх хөдөлгөөн 1989 оны хүйтэн өвөл эхэлж байлаа. Энэхүү түүхэн шилжилтийг нэг ч цонх хагалахгүйгээр хийж чадсанаараа монголчууд бахархдаг. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, оюун санааны бүхий л салбарт шинэчлэлийг хийж байгаа ард түмэн. Дэлхий нийтээрээ Азийн улс орнуудад ийм шилжилт хийх боломжгүй гэж үздэг байсан ч бид эвдэж чадсан. Эрх чөлөөгөө олж авна гэдэг нь юунаас ч хамааралгүй жам ёсоороо болдог. Нураах амархан, бий болгох хэцүү гэдэг үг шиг социализмийг нураах амархан байсан. Харин ардчиллыг тогтооход бэрх байсан. Өнөөдөр Монголд нэр хүндтэй гурван профессор ирж лекц уншиж байгаа нь Монголын ардчиллыг үнэлсэн хэрэг боллоо. Шинжлэх ухаанд, эрдэмтдийн санаа бодолд суурилсан бодлоготой байж л улс хөгжинө. Энэ гурван эрдэмтэн монголчуудын оюун санаанд “сэрүүлэг” дуугаргах гэж ирсэн байх. Бид эндээс шинэ баримжаа авна гэж найдаж байна” гэв.

Ийнхүү үг хэлсний дараа зочин профессорууд дарааллан илтгэлээ танилцуулсан бөгөөд эхний илтгэгч нь дэлхийд алдартай улс төр судлаач, философич Фрэнсис Фукуяама байлаа.

ФРЭНСИС ФУКУЯАМА: ХҮЧТЭЙ ТӨР ГЭДЭГ НЬ ОЛОН ХҮН АЖИЛЛАДАГ ДАНХАЙСАН ТӨР БИШ

Түүний илтгэл “Санхүүгийн хямрал хөгжиж буй орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ” гэх асуултад хариулт өгөх байдлаар эхэлсэн юм. Тэрээр “Санхүүгийн хямралын хувьд дөрвөн жилийн өмнөх АНУ-аас үүдэлтэй хамрал, мөн өнөөдөр ч үргэлжилж байгаа Европоос үүдэлтэй санхүүгийн хямралыг дурдаж болох байна. Эдийн засгийн хямралын улмаас улс иргэдэд сэтгэл гутрал хэлбэрийн эдийн засагтаа итгэхгүй байдал ажиглагдах болсон. Тэгэхээр одоогийн нөхцөл байдалд ямар боломж байгааг судлах хэрэгтэй. Нэн тэргүүнд дундаж анги болон засаглал хоорондын уялдааг нягтруулах нь чухал. 1970-2010 оны хооронд ардчиллыг сонгуулийг аргаар сонгох орон 35-аас 110 болтлоо өссөн. Мөн үүнтэй холбоотойгоор нийгэмд томоохон өөрчлөлт харагдаж байна. Дэлхий нийтийн ДНБ-ий хэмжээ дөрөв дахин өссөн байна. Мөн анхаарал татаж буй нь нийгмийн дундаж анги өсч байгаа явдал байна. Дундаж анги нь засаглалын чанарын асуудлыг чухалчихдаг. Тэд төрийг өмчийг нь хамгаалж чадах эсэхийг чухалчилдаг. Ирэх жилүүдэд дэлхийн дундаж давхаргын хэмжээ өсөх судалгаа бий. Одоогоор энэ бүлэг 35 хувийг эзэлж буй бол 2025 онд 50 хувьд хүрнэ гэсэн байна. Ингэхээр цаашид дундаж ангийн өсөлт нь Засгийн газраас илүү зүйлийг шаарддаг болно” гэв. Мөн цааш нь эдийн засгийн өсөлтийг улс орны төрийн засаглалын бүтэцтэй хэрхэн уялдах талаар үргэлжлүүлэн ярилаа. “У.Черчиль Ардчилал бол хамгийн адгийн зүйл. Гэвч өнөөдрийг хүртэл бид түүнээс илүүг бодож олоогүй байна” гэж хэлж байсныг бүгд мэднэ. Үүнтэй адил либерал ардчиллыг хамгийн бодит дэглэм гэж ярихын тулд бусад дэглэмүүдтэй нь харьцуулах хэрэгтэй. Монгол Улсын хөрш улсууд гэдэг утгаар нь Хятад, болон Оросын жишээг ярья. Энэ хоёр оронд өнгөрсөн арван жилд эдийн засгийн өсөлт гарсан. Хятад улс төрийн дэглэмээ АНУ зэрэг ардчисан тогтолцоотой улсуудын эсрэг жишихдээ дээрх өсөлтөө онцолж өөрсдийн загвараа зөв гэж нотлохыг оролдож байгаа. Гэвч аливаа загварыг ганц арван жилд турших боломжгүй. Ядаж бүтэн жарны хугацаанд туршигдаж, үнэлэгддэг. Гэтэл тэдгээр улсын загвар нь бүгд залуухан байна. Түүнчлэн Оросын эдийн засгийн өсөлт нь зөвхөн эрчим хүчний салбар дээр тулгуурлаж байгаа. Уг нь эдийн засгийн загвар нь улс төртэй хутгалдвал амжилтгүй үр дүн үзүүлдэг сөрөг нөлөөтэй. Яах вэ, Хятад улс хэдийгээр авторитар дэглэмтэй байгаа ч Арабын бусад улсыг бодвол иргэдийн санаа бодлыг бодлого хөтөлбөрт тусгах тал дээр уян хатан байна. Гэвч урт удаан хугацаанд энэхүү дэглэм нь ямар байх вэ гэдэг нь асуудалтай байна. Ганц хувилбар нь Хятад улсын урт хугацаанд тулгамдах асуудал нь удирдагчтай холбоотой. Өнөөдөр сайн хаантай байлаа гэхэд маргааш нь өөр нэг сайн хаан байж чадах уу гэдэг тун эргэлзээтэй. Энэ нь өөрөө дэглэмийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй. Хятадын дараагийн сул тал нь хариуцлага тооцох ёс нь урвуу хамааралтай байгаад байна. Одоо бол дээрээс доош нь хариуцлагын тогтолцоотой. Угтаа иргэдээс нь дээд удирдлага руу чиглэсэн хариуцлагын тогтолцоо байх нь зөв. Гэхдээ өнгөрсөн жилд төмөр замын газар нь тоног төхөөрөмж оруулж ирэхдээ хяналтыг сул хийсэнтэй холбоотой Хятадад томоохон сүйрэл гарсан. Ингээд ослын шалтгааныг мөрдөх явц удаашрах үед иргэдийн зүгээс их шахалт өгч байснаас нь харвал хариуцлагыг гартаа авах хандлага ажиглагдаж байна гэсэн үг. Европын хувьд хэд хэдэн загвартай. Мөн Европын холбоог үүсгэж байхдаа мөнгөний нэг орон зайг бий болгосон ч төсвийн нэг орон зайг бий болгоогүй нь алдаа болсон. Улс орон бүрт өөрийн асуудал байгаагийн жишээ нь АНУ-д орлогын тэгш бус хувиарлалт нь асуудал болж байгаа. Үүнээс болж нийгэмд бухимдал үүсэх, популист хандлага хүчээ авч байна. Гэвч дэлхийн эдийн засгийн үндэс суурь нь ардчилалд тулгуурлаж буй тул АНУ-ын эдийн засгийн салбар өөдрөг хандлагатай харагдаж байна. Монгол Улс байгалийн баялаг ихтэй. Үүгээрээ эдийн засгийн өсөлт ихтэй орны тоонд орж байгаа. Гэхдээ улс төрийн тавцанд бэрхшээл үүсээд байгааг Ерөнхийлөгч үгэндээ хэлсэн. Тэгэхээр эрдэмтний хувьд би энэ асуудалд анхаарлаа хандуулах болно. Хүчтэй төр гэдэг нь олон хүн ажилладаг данхайсан төр биш. Зөв зохион байгуулалттай, цэгцтэй ажиллагаат төрийг хэлдэг. Баялаг нь хараал болох уу, тус болох уу гэдэг нь засаглал, төрийн үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Нигер, Ангол зэрэг орнуудад засаглал хяналтгүй тул баялаг нь хараал болж байгааг анхаарах ёстой” гэж байлаа.

Ийнхүү эдийн засгийн өсөлтөнд зөв баримжаатай улс төрийн бүтэц, дэглэмтэй байх ёстой тухай илтгэлийн дараагаар улс төр судлалын салбарт улс орны бүрэн эрх, хараат бус байдлын сэдвээр гүн гүнзгий судалгаа шинжилгээний ажил хийснээрээ манай гаригийн номын мэргэдийн хүндэтгэлийг хүлээсэн Стивен Краснер индэрт гарч ирсэн юм.

СТИВЕН КРАСНЕР: БАЯЛАГ АШИГЛАСНААР ГАДААД ВАЛЮТ ХЭТЭРХИЙ ИХЭЭР ОРЖ ИРЖ ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛДЭГ

Төрийн институци нь чанартай, сайн байж чадаагүйгээс авлига, хээл хахууль нүүрлэдэг. Үүний тод жишээ нь Нигер зэрэг Африкийн орнууд байна. Миний хэлэх гэж байгаа гол санаа бол баялгийн хараал Монголд нүүрлэх вий гэж анхааруулж байгаа юм. Ингэж баялгийн хараал хүртэхгүй байхын тулд дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбартаа илүү анхаарах хэрэгтэй байна. Монгол Улс уул уурхай хөгжиж байгаа жижиг орон гэдэг утгаараа энэ “өвчин”-г тусах магадлалтай. Тиймээс үүнийг хянаж, зохицуулах хүчирхэг институц хэрэгтэй. Тухайлбал, Монголын хөгжлийн сан байгуулах санал гаргаж байна. Монголын хөгжлийн санг нэг талаас Монгол улсын Засгийн газар, нөгөө талаас Азийн хөгжлийн сан гэх мэт аль нэг олон улсын байгууллага хамтран үүсгэх боломжтой. Мөн тус санг Сингапур гэх мэт гуравдагч оронд байгуулах бөгөөд данс нь ч гуравдагч орны сүлжээнд байрлавал илүү хяналт сайтай болно. Монголын хөгжлийн санд улсын төсөвт уул уурхайн салбараас орж ирсэн орлогын 70 хувийг төвлөрүүлэх бөгөөд энэ хөрөнгийг дэд бүтэц, нийгмийн хөгжилд ашиглах хэрэгтэй. Мөн захирлуудыг Монголын Засгийн газар болон олон улсын байгууллагаас ижил хэмжээтэй гаргавал зохистой. Харин мөнгө, хөрөнгийг юунд зарцуулах вэ гэдгээ Монголын тал бие даан шийдэх боломжтой байх хэрэгтэй. Баялагтай орнууд Голланд өвчин буюу баялгийн хараал хүрэхгүйн тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Баялаг ашигласнаар гадаад валют хэтэрхий ихээр орж ирж дотоодын зах зээлийг үнэгүйдүүлдэг. Монголчууд Хүний хөгжлийн сангаар иргэддээ бэлэн мөнгө тараасан ч үүнийг иргэд зөвхөн ойрын хэрэгцээндээ хэрэглээд дуусгасан. Дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийг хөгжүүлэх нь төрийн нуруун дээр үлдсэн. Гэвч энэхүү хөгжлийн сан аль ч оронд шууд нэвтрүүлэх зүйл биш. Ардчиллын бааз суурь сайн, өргөн хүрээтэй байснаар энэ сан бий болох боломжтой. Үгүй бол Азарбайжен тэргүүтэй орнуудын жишээ шиг хэрэгжих боломжгүй болох вий гэдгийг бодох ёстой” гэлээ.

Дараагийн илтгэгч Ардчилал, хөгжил ба хуулийг дээдлэх төвийн захирал, профессор Ларри Даймонд байлаа.

ЛАРРИ ДАЙМОНД: АРДЧИЛЛЫН ДАВАЛГААНД ХАМГИЙН ИХ СААД БОЛСОН ЗҮЙЛ НЬ АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ

Ардчилал үгүй бол эрх чөлөө байхгүй болно. Ардчиллын чанар доогуур болсноос хүний эрх зөрчигдөх, хүчирхийлэл гарах зэрэг сөрөг талууд гарч байгаа. Ардчиллын чанар, хувь хүний эрх чөлөө хоорондоо нягт уялдаатай. Дэлхий дээр 100 орчим орон чанартай ардчилалтай байгаа тухай судалгаа байна. Ардчилал нь хамгийн бодитой дэглэм болох нь харагдаж байна. Бразил, Чили нь 20 жилийн өмнө эдийн засгийн хямралтай орон байсан. Ардчилал хөгжсөнөөр тэдгээр улсуудад өөрчлөлт орсон. Одоо зарим улсыг ардчилсан орон гэж нэрлэсээр байх уу үгүй юу гэдэг асуудал гарч байна. Жишээ нь, Кубын нийгэм энэ дэглэмд санаа зовж буйгаа илэрхийлсээр байна. Эдийн засгийн хөгжил сайтай орныг ардчилсан гэж хэлж болохгүй. Тухайлбал, Хятад том гүрнүүдийн тоонд ордог, эдийн засгийн өсөлт сайтай ч бүрэн ардчилалтай орон биш. ОХУ-д ч ардчилал хумигдмал байдаг. Ардчиллын гурав дахь давалгаанд хамгийн их саад болсон зүйл нь авлига, хээл хахууль. Баялгаа хэр зохистой ашиглаж байна вэ гэдэг ардчилын чанараас шалтгаалдаг. Коммунист нам хэчнээн сайн ажилласан ч иргэд нь орлого нэмэгдсэний үр ашгийг харж чаддаггүй. Үүний жишээ бол БНХАУ юм. Хятад улс БНСУ-ын 1987 оны ДНБ-ний хэмжээнд хүрсэн ч иргэд түүний үр ашгийг үзэж чадаагүй. Гэтэл БНСУ-ын ДНБ 1987 оныхоосоо өсөөд иргэд нь ч үр ашгаа хүртэж байна.

Арга хэмжээг нээсэн Ц.Элбэгдорж хаалтын үгийг мөн хийсэн ба “Эрх чөлөө бол шинэ баялаг бүтээх боломж. Аль ч төр мөнгөнд дуртай байдаг. Ардчилсан төр ч ялгаагүй. Тэгэхээр төр, засгийн мөнгөнд дурлах дурыг боох хэрэгтэй. Би шүүхийг шинэчлэхийн тулд УИХ руу 16 хуулийн төсөл санаачлан явуулсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн суудлаас явсан ч ард нь шүүхийн шинэчлэлт үлдэнэ. Монголчууд эрх чөлөөтэй, ардчилалтай ч сайн засаглалгүй, сайн хуульгүй бол хол явахгүй. Төрийн чанарыг сайжруулж, халамж хэрэгтэй иргэддээ л туслалцаа үзүүлж байхын тулд ардчиллын хонх, сэрүүлэг дээр байн байн дарах хэрэгтэй” юм гэснээр өндөрлөлөө.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж