Н.Энхболд: Гишүүд байнгын хороодод орж ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Н.Энхболд: Гишүүд байнгын хороодод орж ажиллана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, бүлгийн дотоод бүтэц, зохион байгуулалтын тухай ярьсан байна. Энэ асуудлын хүрээнд тус намын бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар тодруулахгүй юу?

-УИХ дахь МАН-ын бүлэг дотоод зохион байгуулалтын асуудал ярьж, дүрмээ дэгээ шинэчиллээ. Мөн байнгын хороодод харьяалагдах гишүүдийнхээ саналыг авсан, маргааш өглөө гэхэд байнгын хороодын бүрэлдэхүүнд орж ажиллахаар ярилцлаа.

-Танай намын хувьд бүлэг байгуулагдсан эсэх асуудал маргаан үүсгээд байна. Гэхдээ танай гишүүдийн хувьд “Бүлэг албан ёсоор байгуулагдсан” гэсэн байр суурь хэвээр байна гэсэн үг үү?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 20.4-т УИХ дахь намын бүлэг УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болно гэж заасан байдаг. Ингэхдээ найм буюу түүнээс дээш тооны суудал авсан бол бүлэг байгуулагдах бүрэн үндэстэй. Энэ асуудлаа УИХ-ын даргад танилцуулна гэж заасан байдаг, бид танилцуулсан. УИХ-ын даргын хувьд мэдээлэх эсэх асуудалд хуулийн маргаантай байгаа юм билээ. Гэлээ гэхдээ аливаа зүйл Үндсэн хуулиас эхтэй, уг хуулийн хүрээнд бүтэц, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцээд, мэдүүлсэн учраас хуулийн хүрээнд хэлж болно.

-Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг байгуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлтэй та бүхэн танилцсан уу,  бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл хараахан бидэнд ирээгүй байна. Ерөнхийдөө манай намын бүлэг өмнө нь байр сууриа илэрхийлсэн. Зардал төсвийг хэмнэх, төрийн байгууллагыг цомхон чадварлаг байлгах үүднээс яамдын орон тоог нэмэхгүй, түрүүчийн парламентад гаргаж байсан гишүүдийн саналыг харгалзаж үзэх байх хэмээн найдаж байна. МАН дангаар Засгийн газрыг байгуулж байх үед Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүн байх шаардлагагүй гэсэн байр суурийг өмнөх парламентын гишүүд барьж байсан, хуулийн төсөл санаачилж байсан зүйлүүд бий. Ерөнхийлөгчийн хувьд ийм байр суурьтай байсан, энэ бүхнийг харгалзаж үзнэ гэж бүлэг шийдсэн.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж