Монгол хөрсөн дээр монгол клип хийх ёстой

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Монгол хөрсөн дээр монгол клип хийх ёстой

“Дэлгэцийн урлагийг дэлхийн тавцанд” уриатай “Ticket to Hollywood” реалити шоу эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Анх 16 найруулагч энэ шоунд бүртгүүлж байсан бол одоо таван найруулагч тунаж үлдээд байна.
Тэд багаар долоо долоо хоногийн хугацаатайгаар шүүгчдийн зүгээс өгсөн даалгаврыг гүйцэтгэн хамгийн сайн нэг баг тухайн долоо хоногийнхоо шагналын эзэн болж, харин хамгийн муу оролцсон нэг баг хасагдсаар эцсийн шат руугаа ойртсоор байна. Холливуудын зохиолч, найруулагч Патрик Макманус, Монгол кино нэгдлийн захирал, Кино урлагийн дээд сургуулийн захирал, найруулагч  Ж.Солонго, оператор Г.Маш нар шүүгчээр ажиллан оролцогчдын  бүтээлийг гурван өөр өнцгөөс харж дүгнэн зөвлөмж, шүүмжээ харамгүй өгч байгаа.
Энэ долоо хоногт “TV9”, “A-artist”, “House design”, “Jim”, “Red line” багуудын шоунд оролцон хийж байсан даалгавруудын тухай өөрсдийнх нь сэтгэгдлийг үзэгчидтэй хуваалцах юм байна. Мөн тэдэнтэй хамтран ажиллаж байсан уран бүтээлчид  тэдний тухай ярих гэнэ. Өнөөдрөөс эхлэн ням гаригийг дуустал үдэш бүр 22.00 цагаас “B.”, “Eagle” телевизээр “Ticket to Hollywood” реалити шоуг хүлээн авч үзээрэй.
“Ticket to Hollywood” реалити шоунд  уригдан шүүгчээр  оролцсон “On’n off” продакшны захирал С.Ононбаттай уулзан ярилцлаа. Түүнийг танихгүй хүн ховор биз ээ. Тэрээр Монголын рок, попын ертөнцөд 1993 оноос хойш одоог хүртэл олон сайхан уран бүтээл туурвисаар байгаа, туршлагатай найруулагчдын нэг . Түүний бүтээсэн олон сайхан клип, реклам, нэвтрүүлгийг бид мэднэ.

-Найруулагчдын дунд анх удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү шоуны талаар та ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?
-Оролцогчдын урмыг хугалахгүй гээд шүүмж их хэлээгүй. Найруулагчдын дунд долоо хоногоор даалгавар өгөөд оролцуулна гэдэг хэцүү л дээ. Ялангуяа энэ мэргэжил нь өөрөө бодох цаг хугацаа их хэрэгтэй байдаг тийм мэргэжил. Одоо манайд л киног гялс хийгээд байгаа болохоос биш дэлхийд бол хэдэн жилээр бодон байж хийдэг ажил. Үнэхээрийн сайн хийх юм бол тэр бүтээлээрээ ашиг олно. Хэрвээ чадахгүй бол тэгээд л өнгөрдөг. Жеймс Камерон гэхэд л сая “Титаник” киноноос хойш юм хийгээгүй байж байгаад л “Аватар”-ыг хийлээ гэх мэтчилэн. Сайн найруулагчид бол тэгж л ажилладаг юм байна л даа. Мэдээж юм, юм руу үсчээд байвал сайн бүтээл болохгүй нь тодорхой. Энэ шоунд жижиг даалгаврууд байгаа болохоор оролцож байгаа найруулагчдын хувьд сайн л байна. Нэг нь ч гэсэн Холливууд яваад яг газар дээр нь яаж кино бүтдэг, хэрхэн хийдгийг хараад, мэдээд ирвэл сайн л байна.

-Видео клип болон кино найруулагч хийхийн ялгаа нь юу вэ?
Видео клип бол дэлгэц киноны урлагийн бүтээл. Клипдээ ч биш, телевизээр гарч байгаагаасаа болохоос биш уг нь киноны найруулагч нар хийж ирсэн. Анх “Queen”, Michael Jackson-ны клипийг киноны найруулагч нар л хийж эхэлсэн. Тэд нараас үүдэлтэй дараа нь залуучууд сонирхож хийдэг болоод нөгөөдүүл маань томроод кино руу ороод гэх мэтчилэн клип хийж дадлагажиж байгаад кино руу орж байсан дамжлага маягийн юм уу даа. Тийм ч утгаараа Холливууд явуулна гэдэг бол сайхан хэрэг. Гэхдээ хамгийн гол нь зөв хүнээ л явуулах хэрэгтэй. Тэр хүн Монголд ирээд л юм хийх ёстой. Сургуулиа төгсчихөөд шал өөр ажил хийгээд явж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ.

-Сүүлийн үед шинэ залуу студи, продакшнуудын чанартай, чанаргүй олон клип төрж байна. Тэд чанаргүй гарсан уран бүтээлээ санхүүгээс болсон гэж тайлбарладаг.
-Санхүү бол клипэнд мэдээж нөлөөлнө. Хичнээн сайхан санаа байгаад гүйцэлдүүлэх санхүү байхгүй бол хичнээн хичээгээд ч хэцүү. Өөрийн гэсэн тоног төхөөрөмж  байхгүй хүнд бол бүр хэцүү. Тийм хүмүүс юм түрээслэнэ, баахан хүмүүс хөлслүүлж ажиллуулна, тэгэхээр энэ болгонд чинь санхүү хэрэгтэй. Тоглож байгаа жүжигчнээс аваад зурж байгаа зураач, гэрэл барьж байгаа хүмүүс бүгдээрээ л ажил хийж байгаа юм чинь тохирсон хөлсөө авах хэрэгтэй болно. Маш олон продакшн, студи байна. Чаддаг, чаддаггүй байгаа ч тэндээсээ суралцаад шат ахиж болно л доо. Хүн шууд чаддаг байдаггүй, суралцаж байгаа нь их сайн. Гэхдээ миний бодлоор юмыг амархан аргачилж хийхийг урьтал болгочихсон. Юм хуулж хийнэ. Маш олон клип хүний бүтээлийг хулгайлан хийсэн байдаг.Өөрсдийн санаа гэж зүйл барагтай л байхгүй болчихсон. Тэр нь үнэхээр харамсалтай. Аль болох өөрсдийн санаа л байх ёстой. Тэр хичнээн тэрийг харсан байж болно, хуулсан байж болно. Тэгэхдээ монгол хөрсөн дээрээ буулгаж болно шүү дээ. Монгол хөрсөн дээр монголчууддаа тохирсон клип л хийх ёстой.

-Та энэ шоунд өрсөлдөж байгаа найруулагч нарын клип хийх даалгавар дээр уригдан оролцсон. Тэд даалгавраа хэр гүйцэтгэсэн бэ?
-Энэ шоунд оролцож байгаа хүүхдүүдийн хувьд муу гэх нь хаашаа юм. Анх оролцож байгаа л  хүмүүс. Цаашид сайжраад явах байх. Хугацаа давчуу байсан ч гэсэн аргалаад хийчихсэн юм шиг санагдсан. Үнэхээр сайн гэхээр бүтээл байгаагүй ээ. Зургаар клип хийсэн багийн хувьд тав, зургаан зураг зураад л тэрийгээ наана цаана нь оруулаад халтуурдаад хийчихсэн байсан. Би үнэхээрийн энд оролцъё түрүүлэх ёстой гэж бодсон бол мэдээж өшөө олон арав, хорин зураг зурж хийх байсан болов уу. Харин тэр дуучин Солонгоогийн клипийг хийсэн нь арай л гайгүй санагдсан. Хөдөлмөр гаргасан байна лээ. Гэхдээ тэр япон хүүхэн болоод байдаг нь л сонин санагдсан. Оролцсон найруулагчдын хувьд харьцуулалтын хэмжээнд одоогийн төвшний хаана нь ч хүрэхгүй. Арай л болоогүй байна. Өөр сайн хүүхдүүд зөндөө, тэд нар яагаад оролцоогүйг л гайхаж байна.

-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?  Шинэ жил болохоор  “Цэнхэр дэлгэц” маш их үгүйлэгддэг. Энэ нэвтрүүлгээ дахин хийх үү?
-Реклам, клипэн дээр ажиллаж байна. “Цэнхэр дэлгэц” хүмүүст их хүрсэн нэвтрүүлэг л дээ. Гадуур  явж байхад  хүмүүс их асуудаг “Цэнхэр дэлгэц”-ийг хэзээ хийх вэ? Яагаад хийхээ больчихов гээд л. “Цэнхэр дэлгэц”-ийг  нүсэр баг, Монгол кино нэгдлийн заал гээд л томоохон хүрээг хамран хийдэг учраас хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хийлгүй удсан. Энэ жил  хийхээр төлөвлөж байгаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж