МАН УИХ-ын дэд даргыг мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

МАН УИХ-ын дэд даргыг мэдүүлнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс өмнөх хуралдаанаараа бүтэц зохион байгуулалтын асуудал хэлэлцэх үеэрээ УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболдыг нэр дэвшүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс өнгөрсөн долдугаар сард УИХ-ын дэд даргад М.Энхболдыг, УИХ дахь МАН-ын бүлгийн даргад Н.Энхболдыг томилох санал гаргаж, бүлгээр нь эцэслэгдэж байсан юм.

Мөн тус бүлэг “Бүлэг байгуулах тухайгаа өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт албан ёсоор чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулсан учраас заавал УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэх шаардлагагүй. Хэрвээ дээрх хуульд өөрчлөлт оруулна гэвэл УИХ-ын даргыг томилсон хууль зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно” гэж үзжээ. Тиймээс УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэх шаардлагагүй, харин УИХ-ын дэд даргад М.Энхболдыг нэр дэвшүүлж буй тухай төслийг мэдүүлэх ёстой” хэмээн шийдвэрлэсэн байна. Тус бүлэг үдээс хойш хуралдахаар болж хуралдаан 16.00 цагт зарласан боловч одоо хэр нь хурал нь эхлээгүй байгаа юм. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Төрийн ордны “В” танхимд хуралдаж байна.

Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс хойш ээлжит хуралдаанаа зарлана гэж байсан ч одоо хэр нь хурлын цагаа тодорхойлоогүй байгаа юм. Энэ нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэхтэй холбоотойгоор хойшлогдож байх талтай тухай эх сурвалж хэллээ. Тус бүлэг уг хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж