Ц.Нямдорж: АН дангаараа Засаг байгуулж болно

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: АН дангаараа Засаг байгуулж болно

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Танай намын гишүүд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр яаж бүлэг байгуулах болж байгаа юм бол. Ийм байр суурьтай гишүүн олон байна гэх юм?

-Угаасаа УИХ дахь МАН-ын бүлгийг сонгогчид, Үндсэн хууль хоёр байгуулчихсан байхгүй юу даа. Үүнийг байхгүй болгох эрх хэнд ч байхгүй. Тэр тусмаа энэ нь даргын ая зан, олонхийн ая зангаас шалтгаалдаг асуудал биш. Хуульд хоёрхон тохиолдолд бүлэг байгуулахгүй болохоор заасан байдаг. Нэг нь нам нь татан буугдсан тохиолдолд…

-Гэхдээ таны тайлбарлаад байгаа заалт тань бүлэг албан ёсоор байгуулагдсаны дараа нам нь татан буугдвал бүлгийг байхгүй болгодог юм биш үү. Одоо бол танай намын бүлэг албан ёсоор байгуулагдаагүй байгаа?

-Тийм асуудал байхгүй, бүлэг байгуулагдчихсан.

-Тэгвэл та УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байгаа гэсэн үг үү?

-Миний хувьд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна. Наадахыг чинь хүнээс асуудаг эрх биш. Хүн амьд явах эрхтэй байх аа, энэ чинь Үндсэн хуулийн эрх биз дээ. Түүн шиг л гэж ойлго.

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилсон. Хэр оновчтой томилгоо гэж та харж байгаа вэ? 

-Би мэдэхгүй, олонхийн бүлгээс наадахаа асуусан нь дээр. УИХ-ын гишүүн болчихсон хүн, намын жагсаалтаар. Энд тэгэхдээ нэг л юм байгаа байхгүй юу, эвслийн бүлгийн гишүүд гэж өөрсдийгөө яриад л яваа 10-аад хүн байна аа даа. Яг үнэнийг хэлэх юм бол Н.Энхбаярын сөрөг хүчинд л гарч ирсэн хүмүүс шүү дээ. Эцсийн үнэн бол энэ. Эд нараас өөрийнхөө улаан хөлөөр таварцаглаж яваад гарч ирэх хүн ганц ч байхгүй, бүр Д.Тэрбишдагвыг нь оролцуулаад ч байхгүй шүү. Хэрвээ Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар эрийн сайнд гарч ирсэн гэж бодож байгаа бол тэрэн шиг худлаа юм байхгүй. Дахиад сонгууль явуулаад наад хэдийг чинь санал хураавал нэг нь ч цухуйхгүй.

-З.Баянсэлэнгэ гишүүнд эрүү үүсгээд маргааш шүүх хурал нь болох нь, та Хууль зүйн сайдын албыг хашдаг хүнийхээ хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Миний мэдэхийн л Ганцхудагт сувилагч хийж байсан, дараа нь халагдсан нь үнэн.  Дараа нь Цагдаагийн сургууль төгсөөд Баянзүрх дүүргийн цагдаад хэрэг бүртгэгч хийж байгаад туйлын ноцтой зөрчил хийж, халагдсан нь үнэн. Ийм хэдэн үнэн байдаг юм. Болсон үйл явдлын тухайд З.Баянсэлэнгэ хэвлэлийн хурал хийлгэсэн, Н.Энхбаярын шүүх хурлын шийдвэр гарсны дараа. Ийм хурал хийхэд хэн хэн оролцсоныг би ч харсан. Тэр хуралд Э.Батшугар, З.Баянсэлэнгэ, н.Жамъяндагва билүү өмгөөлөгч нь байсан. Дахиад нэг иргэний хөдөлгөөний нөхөр харагдаж байна лээ. Тэр хурал дээр тогтоол уншаад сууж байсан байх аа, З.Баянсэлэнгэ, “Хэлэлцээрийн явцад хэлмэгдүүлэлт гарвал Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарна” гээд. Ийм юм уншингуут нь З.Баянсэлэнгэд байнгын хорооны даргын алба өгөөд амыг нь хааж байна. 

-МАХН-ын дарга Н.Энхбаярт анхан шатны шүүхээс ял өглөө. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би тэр талаар ямар ч дүгнэлт хийхгүй. Ер нь давж заалдах өргөдөл өгсөн байх. Давж заалдах шатны шүүх ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй. Ер нь УИХ-д 10 гаруй жил суусан хэрнээ Хууль зүйн сайд юу хариуцдагийг мэддэггүй гишүүн энэ парламент дотор байна. Намайг Н.Энхбаярыг шоронд хийчихлээ гэж яриад байх юм. Би бусдыг шоронд хийдэг ажил эрхэлдэг хүн биш. Засгийн газрын хуулинд заалт байдаг. Түүнд Засгийн газар хэрэг бүртгэх, мөрдөн байцаахаас бусад асуудлаар цагдаагийн байгууллагыг удирдана гэж… Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах гэдэг нь саяны мөрддөг ажил л даа. Уг нь ийм төрлийн хэргийг цагдаа дээр шалгаж байсан ч Авлигатай тэмцэх газрыг байгуулснаар энэ асуудал хамаагүй болсон.  Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг Ерөнхийлөгч санал болгож УИХ томилдог. Тодруулж хэлбэл, тэд хэргийг шалгаад, прокурор хяналт тавиад, шүүхэд шилжүүлдэг. Тэгэхээр миний оролцоо байхгүй байгаа биз. Ийм хууль мэддэг хүмүүстэй юу ч ярих вэ дээ. Тэгээд бас болоогүй Шадар сайд болно гээд үхчих шахаад л гүйгээд байна ш дээ, наадуул чинь. Н.Энхбаярын хувьд давж заалдах эрх нь бий.

-Ардчилсан нам Засгийн газар байгуулах ажилдаа орох боллоо. Ерөнхий сайдыг өнгөрсөн долоо хоногт томилчихсон. Сайд нарын томилгоо орж ирэхэд та дэмжих үү?

-Уг нь Ардчилсан нам дангаараа Засгийн газар байгуулчих бололцоо байгаа юм шүү дээ.

-Яаж тэр вэ?

-Ардчилсан намд дангаараа Засгийн газар байгуулах эрх нь нээлттэй, Ардын намтай учир зүйгээ ололцоод л… Бид Засгаа байгуулъя, та нар сөрөг хүчнийхээ хяналтыг тавьчих. Бид юмаа ойлголцоод явъя гэдэг эрх нь нээлттэй байгаа. Энэ бол нэгдүгээр хувилбар. Хоёр дахь хувилбар, Ардчилсан нам Ерөнхийлөгчийн хэлдгээр Ерөнхий сайдаа УИХ-ын гишүүнээрээ тавиад, бусад сайд нараа гаднаас тавиад Ардын намтай бодлогоо хоёр талаасаа хашаад явах бололцоотой. Энийг ер тоосонгүй.

-Гэхдээ танай намынхан Ардчилсан намын байгуулах Засгийн газарт орох сонирхол цухалзаад байгаа хэрэг биш үү?

-Үгүй ээ, бид заавал Засгийн газрын бүрэлдэхүүнд орох алба байхгүй. Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүйгээр Ардчилсан намын зүгээс зөв бодлого явуулах юм бол түүнийг дэмжээд явчих хувилбар бидэнд бас байгаа. МАН-ыг 29 гишүүнтэй гээд тооцчих, Ардчилсан намынх нь 31 гишүүнтэй гээд бодохоор 60 болж байгаа биз.  Цэвэр 60 хүн энэ танхимд сууж байгаад наадах цаадахаа яриад, Ардчилсан нам дангаараа Засаг бариад явчих бололцоо бий. Яагаад гэвэл олон суудал авсан нам дангараа Засаг байгуулж болохгүй гэсэн хуулийн хашилт байхгүй.

-Гол нь УИХ-д 39-ээс дээш тооны суудал аваагүй бол Засгийн газрыг дангаараа байгуулах бололцоогүй гээд хуульд заачихсан шүү дээ, энэ яагаад үйлчлэхгүй болчихоод байна?

-Үйлчлэхгүй ш дээ. Сөрөг хүчин болох манай намынхан “Ороод ирсэн хүнийг чинь дэмжинэ ээ,  та нар дангаараа Засгаа байгуулчих, бид Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй, бодлого дээрээ тохирчихъё гээд явчих юм бол нийгмийн талаар ийм бодлого явуулчихъя, эдийн засгийн бодлого дээрээ ийм юм явуулчихъя гээд л… З.Энхболдтой уулзаж, Н.Алтанхуягтай юм ярих гээд байгаагийн учир энэ ш дээ. Би жишээ нь Хууль зүйн сайд хийхгүй гэдгээ хаврын зарлачихсан. Одоо боллоо, арван жил хийлээ. Эрүүгийн ертөнц Монголын төрийг бүтэн хэмжээгээр атгачихсан байх үед би энэ салбарыг хүлээж авсан. Гэхдээ сайд байх хугацаандаа хийе гэж бодсоноо хийсэн учраас одоо надад хоргодоод байх юм үгүй. Хамгийн аюултай юм урвалт шарвалт л байна.
 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж