Коксжих нүүрсний үнэ эрчимтэйгээр доошилжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Коксжих нүүрсний үнэ эрчимтэйгээр доошилжээ

Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд төмрийн хүдрийн үнэ
өнгөрсөн долоо хоногт доод түвшиндээ хүрсэн бол коксжих нүүрсний үнэ ч багагүй
хэмжээгээр буурчээ. Эрдсийн түүхий эдийн зах зээл судалгааны байгууллага “
Plattsийн мэдээлж
буйгаар, өнгөрсөн долоо хоногт коксжих нүүрсний үнэ Австралийн боомтууд дээр 153-175
ам.доллар/тонн-д хүрч буужээ. Ердөө сар ч хүрэхгүй хугацааны өмнөх дүнтэй
харьцуулахад коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 50
орчим ам.доллараар буурсныг уг
дүн харуулж байна. Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Австралийн коксжих
нүүрсний үнэ 226 ам.доллар/тонн байсан юм. Коксжих нүүрсний үнэ ийнхүү унасан
нь Хятадын гангийн үйлдвэрлэл Европ, АНУ-ын эдийн засаг суларсны улмаас буурч
буйтай холбоотой ажээ. Хятадын гангийн үйлдвэрлэл энэ сарын сүүлээр өнгөрсөн
дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад 12 хувиар буурч, 1.8 сая тонн/өдөр болж доошилж
магадгүй байна. Уг үзүүлэлт өнгөрсөн зургадугаар сард 2.01 сая тонн, харин
долдугаар сард 1.99 сая тонн байжээ. Хятад нь дэлхийн ган үйлдвэрлэлийн бараг тал
хувийг нийлүүлдэг улс юм. Тус улс энэ жил 700 гаруй сая тонн ган үйлдвэрлэх
төлөвтэй байгаа тухай Хятадын Ган, төмрийн холбоо мэдэгджээ.

Энэ жилийн эхний хагасын байдлаар тус улсын гангийн
үйлдвэрүүд өмнөх оныхтой харьцуулахад 96 хувиар бага ашигтай ажилласныг тус
холбоо мөн мэдэгсэн байна.

Гангийн эрэлт буурснаар коксжих нүүрс, төмрийн хүдрийн
үнэ ихээхэн буурч байгаа ч, энэ нь мөн дэлхийн аж үйлдвэрлэл болон дэд бүтэц,
барилгын бүтээн байгуулалт эдийн засгийн таагүй байдлаас үүдэн бүхэлдээ удааширч
эхэлснийг харуулж байна.


Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж