Инфляци хазаарлагдсан харагдахын шалтгаан

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Инфляци хазаарлагдсан харагдахын шалтгаан

Үндэсний статистикийн хорооноос сар
тутмын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллээ өчигдөр танилцууллаа.
Улсын хэмжээнд инфляцийн түвшин өнгөрөгч сарын байдлаар 14.5 хувьтай
гарсан таатай мэдээ байна. Өнгөрсөн сарынхаас инфляци 0.6 хувиар өссөн
байна. Ерөнхий индексийн үзүүлэлт өмнөх сарынхаас өсөхөд хүнс, ундаа,
усны бүлгийн барааны үнэ дүнгээрээ 1.3 хувь, гэр ахуйн тавилга,
барааных 0.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Хэдий инфляцийн түвшин
баярлууштай санагдах хэдий ч түүний чанарыг шалгаж, зах төрхийг нь
шинжих хэрэгтэй бус уу. Өнгөрсөн улиралд 17 хувьд хүрээд байсан
инфляци энэ сард навс буурчээ. Тэгвэл инфляци хазаарлагдсан харагдахын
шалтгаан нь хэрэглээний үнийн сагсанд буй хүнсний бүтээгдэхүүний эзлэх
хувийг 41 хувиас 30 хувь хүртэл бууруулсан нь инфляци буурсан
үзүүлэлттэй гарах үндэслэл болжээ. Нэг үгээр хэлбэл, инфляцийн өөг
далдалсан гэсэн үг. Хэрэв хэрэглээний сагсанд өөрчлөлт ороогүй гэж
үзвэл инфляцийн түвшин одоогийнхоос ч өндөр байх байлаа гэж
Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал халагласан юм.

Хэрэглээнийн үнийн сагсанд буй хүнсний
бараа бүтээгдэхүүний эзлэх хувийг бууруулсан шалтгааныг “Улс орны
хөгжлийн түвшинг дагаад хэрэглээний үнийн индекст эзэлж буй хүнсний
бараа бүтээгдэхүүний эзлэх хувь буурсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн
амьжиргааны түвшин дээшилж, хоол хүнсэндээ нийт орлогынхоо 40 хувийг
зарцуулдаг байсан бол одоо 30 хувиа зарцуулдаг болсонтой холбоотой.
Өрхийн хэрэглээний бүтэц өөрчлөгдсөн” хэмээн ҮСХ-ны Макро эдийн засгийн
статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг тайлбарлалаа. Нэг үгээр хэлбэл,
хэрэглээний үнийн сагсанд хүнсний бүтээгдэхүүний эзлэх хувийг 41
хувиас 30 хувь хүртэл буурсан нь зүй ёсны бууралт буюу хөгжлийн хэмжүүр
гэлээ.

Мөн иргэдийн орлогын ялгаанаас хамаарч
инфляци харилцан адилгүй нөлөөгөө үзүүлсээр байна. Энэхүү нөлөөлөл нь
бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг даган газар авсаар. Нэг үгээр
хэлбэл, инфляцийн татвар төлдөггүй өрх манайд тун ховорджээ. Тухайлбал,
Бага орлоготой иргэдийн хүнсний хэрэглээний нийт зардал нь нийт
орлогын 50 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, олсон орлогынхоо тал
хувийг зөвхөн хүнсний хэрэгцээндээ зарцуулж байна гэсэн үг. Иймэрхүү
орлогын түвшин тааруухан өрхөд инфляцийн бодит нөлөөлөл нь 50-60 хувь
байна хэмээн Монголбанкнаас хийсэн “Эдийн засгийн аюулгүй байдал ба
нийгмийн дундаж давхарга” гэсэн судалгаандаа онцолжээ. Харин дундаж
орлоготой иргэдийн хүнсний хэрэглээний нийт зардал 35 хувь бол
инфляцийн бодит нөлөөлөл нь 20-30 хувь байдаг байна. Тэгвэл өндөр
орлоготой иргэдэд инфляцийн бодит нөлөөлөл 2-3-хан л хувиар нөлөөлдөг
аж.

СЭЗДС-ийн Эдийн засгийн тэнхмийн эрхлэгч
Ц.Батсүх “Инфляцийн татвар гэдэг нь инфляци татвартай адилхан гэсэн
ойлголт л доо. Би өмнө нь 1000 төгрөгөөр авдаг байсан зүйлээ өнөөдөр
1200 төгрөгөөр худалдаж авлаа гэж бодъё. Түүний 200 төгрөг нь надаас
авч буй инфляцийн татвар гэсэн үг. Миний орлого хэвэндээ бол инфляцийн
татвар нэмэгдээд л байна. Уг нь орлого маань түүнтэй адил өссөн бол
миний бодит амьжиргааны түвшинд бараг нөлөөлөхгүй. Инфляцийн татвар
орлого нь хурдацтай өсдөггүй хүнд шууд нөлөөлдөг. Үнийн өсөлтийн
хурдаас орлого нь удаан хүмүүс л инфляцийн татварыг хамгийн ихээр
мэдэрдэг” хэмээн тайлбарласан юм. Гэхдээ зарим хүмүүсийн орлогын өсөлт
үнийн өсөлтөөс хурдтай өсөж буй тохиолдолд инфляцийн татварыг мэдрэхгүй
өнгөрөх тохиолдол ч байдаг байна. Тиймээс төрөөс тогтмол орлоготой,
орлогын өсөлт муутай иргэдэд инфляцийн татвар хүндээр тусдаг учраас
хамгаалах ёстой аж. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сараар
бус өдрөөр нэмэгдэж буй өнөө цагт инфляци нам түвшинд байгаа нь сайн
хэрэг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд мах магнаг болж нийслэлчүүд махны
инфляцид дарлуулав. Эцэст нь 17 хувийн босго даваад байсан инфляци
багахан буурч, иргэд түр амсхийлээ. Дахиад л намар, өвөл айсуй. Цагаа
дагаад инфляци уруудах уу, өгсөх үү. Үүнийг зөвхөн Төвбанкны бус төрийн
бодлого л жолоодох учиртайсан.

Б.Баяртогтох

Эх сурвалж: WWW.MONGOLIANECONOMY.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж