Санхүүгийн зах зээлийн тойм

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Монголбанкнаас ирүүлсэн Санхүүгийн зах зээлийн өнгөрсөн долоо хоногийн тойм мэдээллийг хүргэж байна.

 (2012 оны 27, 28 дахь долоо хоног)

АНУ

АНУ-ын барилгын салбар дахь зарцуулалт 2012  оны 5  дугаар сард өмнөх сараас 0.9 хувиар нэмэгдсэн нь судлаачдын таамаглаж байсан 0.2 хувиас хамаагүй өндөр байлаа. 2012 оны 4 дүгээр сард өмнөх сараас 0.6 хувиар нэмэгдээд байснаа ийнхүү судлаачдын хүлээж байснаас ихээр өссөн АНУ-ын барилгын салбар дахь зарцуулалтын талаар 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдөр тус улсын Худалдааны яамнаас мэдээлсэн билээ. 2012 оны 5 дугаар сарын байдлаар АНУ-ад хэрэгжиж буй барилгын төслийн нийт хэмжээ жилийн 830 тэрбум ам.доллар буюу 2009 оны 12 дугаар сараас хойш байгаагүй өндөр түвшинд хүрсэн тухай мөн дээрх мэдээнд дурьджээ. Барилгын салбарын үзүүлэлт ийнхүү харьцангуй “сайн” гарч байгаа ч Евро-бүсийн өрийн хямрал болон АНУ-ын төсвийн тодорхой бус байдал бизнес эрхлэгчдийн итгэлийн түвшинд сөргөөр нөлөөлж, улмаар барилгын томоохон төслүүдийг эхлүүлэхэд садаа болох болов уу гэж судлаачид болгоомжилж байна. Жилээр авч үзвэл, 2012 оны 5 дугаар сарын байдлаар АНУ-ын барилгын салбар дахь зарцуулалт 7 хувиар нэмэгджээ. 2012 оны 5 дугаар сард өмнөх сараас 0.3 хувиар буураад байсан АНУ-ын хэрэглээний үнийн индекс 6  дугаар сард өмнөх сараас өөрчлөлтгүй гарсан тухай тус улсын Хөдөлмөрийн яамнаас 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдөр мэдээллээ. Ингэснээр тус улсын инфляци 2012 оны 6 дугаар сард жилийн 1.7 хувьтай гарч, улмаар инфляцид санаа зовних шаардлагагүй болсон Холбооны нөөцийн банкны Мөнгөний бодлогын зөвлөл дэлхийн хамгийн томд тооцогдох АНУ-ын эдийн засгийн өсөлтөд анхаарлаа хандуулах боломж бүрдэж байна гэж судлаачид дүгнэлээ. “Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөл одоо өсөлтөд илүү анхаарал хандуулна. Тэд мөнгөний тэлэх бодлогыг баримтлах хандлагатай байгаа гэсэн дохиог өгч эхэлсэн” гэж Moody’s Analytics Inc.-ийн ахлах эдийн засагч Ryan Sweet  хэлжээ. АНУ-ын суурь инфляци 2012 оны 5 дугаар сард жилийн 2.3 хувь байснаас буурч 6 дугаар сард жилийн 2.2 хувьд хүрчээ. Инфляци ийнхүү буурахад сүүлийн гурван сар дараалан буураад байгаа эрчим хүчний түүхий эдийн үнэ голлон нөлөөлсөн гэнэ.

Евро-бүс

Евро-бүсийн ажилгүйдлийн түвшин 2012 оны 4 дүгээр сард 11 хувьтай тэнцэж байснаа нэмэгдэн 2012 оны 5 дугаар сард 11.1 хувьд хүрсэн тухай мэдээллийг Люксембург дахь Европын холбооны Статистикийн албанаас 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдөр өглөө. Энэ нь ажилгүйдлийн түвшинг 1995 оноос бүс нутгийн хувьд бүртгэж эхэлснээс хойш хамгийн өндөр түвшин байлаа. Евро-бүсийн санхүүгийн хямрал бүс нутгийн экспорт болон хэрэглэгчдийн мөнгө зарцуулалтад сөргөөр нөлөөлж буй энэ үед компаниуд алдагдалгүй ажиллахын тулд зардлаа бууруулах арга хэмжээ авч байгаагийн дотор хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга бол орон тоогоо бууруулах алхам юм. Үнэхээр, Deutsche Lufthansa AG, PSA Peugeot Citroen  зэрэг компаниуд болон Испани улсын мэдээллийн Efe агентлаг цаашид ажлын байрны цомхотгол явуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдээд байгаа2 билээ. Испани улсын ажилгүйдлийн түвшин 2012 оны 5 дугаар сарын байдлаар бүс нутгийн нийт 17 орноос хамгийн өндөр хэвээр буюу 24.6 хувьтай байлаа. 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Европын холбооны Статистикийн албанаас гаргасан мэдээнд Евро-бүсийн жижиглэнгийн худалдааг 2012 оны 4 дүгээр сард өмнөх сараас 1.4 хувиар буураад байснаа 5 дугаар сард гэнэт 0.6 хувиар нэмэгдсэн тухай бичжээ. Судлаачид энэхүү үзүүлэлтийг 2012 оны 5 дугаар сард өмнөх сараас өсөлтгүй гарна гэсэн хүлээлттэй байсан билээ. Улс тус бүрээр авч үзвэл, Франц улсад жижиглэнгийн худалдаа 2012 оны 5 дугаар сард өмнөх сараас 1.2 хувиар өссөн бол мөн хугацаанд Испани улсад мөн 1.2 хувиар, харин Ирланд улсад 1.7 хувиар тус тус өсчээ. Евро-бүсийн хамгийн том эдийн засаг болох ХБНГУ-ын жижиглэнгийн худалдаа тайлант хугацаанд 0.3  хувиар буурсан бол Португал улсых мөн хугацаанд үүнээс хамаагүй илүүгээр буюу 2.9  хувиар буурчээ. 2012 оны 4 дүгээр сард өмнөх сараас 1.1 хувиар буураад байсан Евро-бүсийн аж үйлдвэрлэлийн гарц 5 дугаар сард өмнөх сараас 0.6 хувиар нэмэгдсэн тухай бүс нутгийн Статистикийн албанаас 2012 оны 7 дугаар сарын 12-ны өдөр мэдээлсэн ба энэхүү өсөлтөд ХБНГУ-ын аж үйлдвэрлэлийн гарцын өсөлт голлон нөлөөлжээ. Жилээр авч үзвэл, нийт 17 орныг нэгтгэсэн бүс нутгийн аж үйлдвэрлэлийн гарц 2012 оны 4 дүгээр сард 2.4 хувиар буураад байсан бол 5 дугаар сард үүнээс илүүгээр буюу 2.8 хувиар буурсан байна. ХБНГУ-ын аж үйлдвэрлэлийн гарц 2012 оны 4 дүгээр сард өмнөх сараас 2 хувиар буураад байснаа 5 дугаар сард өмнөх сараас 1.5 хувиар нэмэгдсэн бол Итали улсад энэ үзүүлэлт 2012 оны 5 дугаар сард өмнөх сараас 0.8 хувиар, Испани улсад мөн хугацаанд 0.9 хувиар тус тус өсчээ.  Харин Евро-бүсийн хоёр дахь том эдийн засаг болох Франц улсын аж үйлдвэрлэлийн гарц 2012 оны 5 дугаар сард өмнөх сараас 2.1 хувиар буурсан байна.

Их Британи

Их Британи улсын орон сууцны салбарын тухай 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр гарсан мэдээллээс дурьдвал Английн Төв банкнаас гаргасан орон сууцны зээлийн хэмжээ болон Chartered Institute of Purchasing and Supply  байгууллагаас гаргасан барилгын салбарын гарцын судалгааг нэрлэж болно. Английн Төв банкны мэдээнд Их Британи улсад олгогдсон орон сууцны зээлийн нийт хэмжээ 2012 оны 4 дүгээр сард 51,627 байснаа  буурч 5 дугаар сард 51,098-д хүрсэн тухай бичсэн бол Chartered Institute of Purchasing and Supply байгууллагаас явуулсан судалгаанаас харахад Их Британи улсын барилгын салбарын гарцын индекс 2012  оны 4  дүгээр сард 54.4  нэгж байснаа буурч 2012 оны 5 дугаар сард 48.2 нэгжид хүрчээ. Их Британи улсын орон сууцны захын тухай BNP Paribas SA  банкны Лондон дахь салбарын эдийн засагч David Tinsley  хэлэхдээ: “Хэрэглэгчдэд олгосон зээлийн хэмжээ нэлээд хугацаанд бага хэвээр байгаа бөгөөд цаашид энэ үзүүлэлт сайжирах төлөвгүй байна” гэжээ. Тэрээр мөн Их Британи улсын эдийн засгийг 2012 оны II улиралд хумигдсан хэмээх таамгыг дэвшүүлээд байгаа билээ. Их Британи улсын үйлдвэрлэл 2012 оны 4 дүгээр сард өмнөх сараас 1.2 хувиар буураад байснаа 5  дугаар сард эргэн 0.8  хувиар нэмэгдсэн тухай мэдээллийг тус улсын Статистикийн албанаас 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өгчээ. Гэвч Investec Securities байгууллагын эдийн засагч Philip Shaw “энэ нь тун сайн мэдээ ч, үүнийг 2012 оны 5 дугаар сард ажлын өдрийн тоо бусад сарыхаас нэгээр илүү байгаагаар тайлбарлана” хэмээн болгоомжилж байна. Тэрээр мөн Их Британи улсын үйлдвэрлэлийн салбарын ерөнхий чиг хандлагыг тодорхойлоход бэрхшээлтэй байгаа ч байдал амаргүй хэвээр байна гэж дүгнэжээ. Томоохон орнуудын Төв банкууд эдийн засгаа дэмжих бодлогын  “шинэ давалгааг” эхлүүлсний дотор Английн Төв банк 2012 оны 7 дугаар сарын 5-ны өдөр бонд худалдаж авах хөтөлбөрийн хэмжээгээ 50 тэрбум фунт стерлинг (78 тэрбум ам.доллар)-ээр нэмж 375 тэрбум фунт стерлингт хүргэсэн бол Европын Төв банк мөн өдөр бодлогын хүүгээ түүхэн доод түвшин болох 0.75 хувьд хүртэл бууруулжээ.

Эх сурвалж: Bloomberg, Reuters, Financial Times
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж