Нэгэн цагт дэлхийн поп урлагийн ертөнцөд мандаж байсан “Spice Girls” хамтлаг, Английн алдарт дуучин Жорж Майкл, домогт альтернатив хамтлаг “Elbow” үдшийн сор байлаа. Лондонгийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Лорд Себастьян Кое “Энэ цаг үе үнэхээр биднийх байж чадлаа. Бид үүнийг хийж чадлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Харин Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге хүн төрөлхтний эв найрамдал, эрүүл энхийн төлөөх үзэл санааны оргил болсон 30 дахь удаагийн олимпийн наадам ийнхүү өндөрлөж байгааг албан ёсоор мэдэгдэж, ирэх олимпийн буухианд улс үндэстэн бүр амжилттай оролцохыг хүсэн ерөөжээ. Мөн тэрбээр хэлсэн үгэндээ “Дэлхий ертөнц энэ цаг хугацаанд нэгэн зүрх сэтгэлээр, нэгэн зорилгын дор нэгдэж чадлаа. Бидний ийнхүү эв нэгдэл, эерэг бодол, чин сэтгэлийн инээмсэглэл энэ олимпийн наадамд улс бүр баатарлаг амжилт гаргаж чадсан гэдгийг бэлхнээ харуулж байна” гэжээ. Түүнчлэн энэхүү олимпод амжилт гарган оролцсон нийт 204 орны баг тамирчдад баяр хүргэн, ирэх олимпод амжилттай оролцохыг хүсэн ерөөсөн байна.
Дэлхийн нийтийн хүлээж байсан хаалтын ёслол олимпийн нээлтийн адилаар британи хэв маягийг өвч шингээсэн байлаа. Английн түүх соёлыг харуулсан найрал хөгжим, дуу бүжиг, жүжигчдийн хувцаслалт гээд хаалтын ёслол бүхэлдээ Британийн түүхэн соёлыг илтгэжээ.
Хаалтын ёслолын ажиллагаанд Уэльсийн хунтайж Харри оролцсон. Харин тайзан дээрх урлаг, соёлын үзүүлбэрт 3500 гаруй сайн дурынхан оролцсон гэнэ. Олимпийн хамгийн гол сюрпризүүдийн нэг нь “Spice Girls” хамтлаг байсан. Дэлхийн хөгжмийн урлагийн ертөнцөд урьд хожид байгаагүй өндөрлөгт хүрсэн цорын ганц охидын хамтлагийн тоглолт Олимпийн цэнгэлдэхэд цугласан олныг суудлаас өндөлзүүлж чаджээ. Тэд анхны сингль болох “Wannabe” дуугаа, хит бүтээл “Spice up your life” дуугаа дуулсан байна. Ингэхдээ Британийн бас нэгэн илэрхийлэл болсон Mini машин дээр зогсч цэнгэлдэхийг тойрон “аялав”. Түүнчлэн Жорж Майзкл, Жесси Жей, Эмили Сэйнд, алдарт “Madness”, “Petshop Boys” зэрэг уран бүтээлчид оролцжээ.
Ийхүү 16 хоногийн турш дэлхий нийтийн анхаарлын төвд оршсон Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хот халамж залгаагаа Рио де Жанейрод хүлээлгэн өгснөөр зуны XXX олимпийн наадам хөшгөө хаалаа.