Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Их Хүрээний жимээр

Нийслэл Улаанбаатар түүхэндээ 28 удаа бууриа сэлгэж байжээ. 2003 онд тэрхүү бууриа сэлгэж байсан газруудад гэрэлт хөшөө босгосон байх юм. Гэрэл хөшөөнүүдийн хадгалалт, хамгаалалт ямар байгааг шалгах үүргийг хүлээсэн нийслэлийн байгууллагууд наадмын дараахан аян замд гарсан юм. Энэ бол нийслэлийн Аялал жуулчлалын газар мөн Соёл, урлагийн газрынхан байв. Аяллын багт доктор, профессор О. Сүхбаатар явсан нь аяллын бас нэг зорилготой холбоотой байлаа. Тэр нь дотоод, гадаадын аялал  жуулчлалын шинэ маршрутыг хөгжүүлэх боломжийг эрэлхийлэх явдал байв. Өөрөөр хэлбэл хэнбугай ч аялж явахдаа богино хугацаанд, ихийг үзэж, сонсохыг хүсэх нь гарцаагүй. Тиймээс аяллын оновчтой маршрут хаагуур байж болохыг судлах. Ингэхдээ нийслэлийн бууриа сэлгэж байсан газрууд руу чиглүүлэх гарцыг хайсан юм. Энэ жил хаа сайгүй зуншлага сайхан байнаа. Зөвхөн гадаадынхан аялладаг гэсэн бодол ард хоцорч, дотоодын аялал ч газар авч байна.  Тиймээс нийслэлийн бууриа сэлгэж байсан газруудаар аяласнаа танд хүргэе. 

Хүйн нуур дахь гэрэлт хөшөө

Нийслэлийнхний аяллын анхны цэг Хараа голын эх Хүйн нуур байлаа. Төв аймгийн нутаг л даа. Бургалтай гэх нэрээр нь хүмүүс мөн мэднэ. Бургалтайн гол Хараад цутгана. Энэ орчмын буюу Хүйн нуурын цутгал Бургалтай, Үдлэг, Сөгнөгөр, Хунцал, Хүйн мандал зэрэг газраар нийслэл Хүрээ 60 шахам жил буудаллаж байв. 1736-1740 онд нийслэл Улаанбаатар хот Их хүрээ нэртэйгээр хоёрдугаар Богдын үед Бургалтайд суурьшиж байлаа. Бургалтайд нийслэл хот суурьшиж байсныг илтгэх гэрэлт хөшөө босгосон байна. Хүйн нуурыг Наваан Жалбын нуур гэж хожим нэрлэсэн ч шившээгүй гэнэ. Хажууханд нь  байрлах тахилгатай овоог соц нийгмийн үед зургадугаар сар бүрт нууцхан тахидаг байжээ. Өнөөгийн төмөр замын өртөөний байр байрлаж байгаа газарт хоёрдугаар Богдын гэрийн буурь байсан бөгөөд Бургалтай голын эхэнд өртөө байрлаж, жанжин Сүхбаатар улаа нэхдэг байв. Цайны зам Шижирийн даваагаар давж, Бургалтайгаар дайран өгсөнө. Бидний өвөг дээдэс газар шинжихдээ гарамгай байжээ. Хоёрдугаар Богдын Их хүрээг  Бургалтайд буулгасан нь хот байгуулалт талаасаа хамгийн оновчтой сонголт байсныг өнөөгийн судлаачид үнэлдэг юм билээ. Ер нь нийслэлийг өндөрлөг газарт байгуулж ирсэн нь нэг талаас өндөр дээд гэгээтэн гэдгийг илтгэх боловч нөгөө талаас алсын харааг харах зорилготой байж. Мөн үер уснаас бүрэн хамгаалагдсан, зундаа ялаа шумуулгүй, өвөлдөө зуд турхангүй тийм л газар Их хүрээ байгуулагдаж байж. Их хүрээ дан ганц Бургалтайд суурьшиж байсангүй. Үдлэгт ч бас байрлаж байсан бөгөөд тэнд гэрэлт хөшөө босгосон юм билээ. Өндөр гэгээн Занабазарын гэрийн буурь Үдлэгт байх бөгөөд тэнд сүм байгуулсан нь 1921 оны 2 дугаар сарыг хүртэл байсан байх юм. 1973 он хүртэл сүм байсан газар арай л өөр өнгөөр харлаж харагддаг байсныг доктор, профессор О.Сүхбаатар хэлсэн юм. Яагаад гэвэл Үдлэгийн сүмд  ном хурж байсан лам нарыг гамин цэргүүд сүмтэй нь хамт шатаажээ. Олон хүн шатаж үхсэн болохоор тэр орчмын газар их тодоор харлаж харагддаг байж. Тухайн үед өндөр Дугаржав /сайхан Дугаржав гэдэг байсан бөгөөд Барон Унгернтай нийлж байсан гэдгээр нь сайхан гэх нь зохимжгүй хэмээж өндөр гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн/ Боран Унгерн хоёрт хөөгдсөн гамин цэргүүд Сэлбийн эхийг өгсөж зугтахдаа Шадивлангийн аманд дахь хийдийн 20 орчим ламыг Барон Унгерний цэрэгт газарчилсан, зам зааж өглөө хэмээн шатаасан байх юм. Гамин цэргүүд дараа нь Гүнтийн амаар давж, бага үдийн алдад Үдлэгт ирж хоол хүнс, унаа гаргаж өгөхийг шаардаж, улмаар Үдлэгийн сүмийн 10 гаруй ламыг шатаасан гэдэг.  Шадивлангийн аманд буриад айл олноор амьдардаг. Үдлэг орчмын Мухарын аманд орос айлууд, Үдлэгийн аманд хятадууд тариа тарьж амьдардаг байлаа. Хийдүүдийг шатаахдаа орос, буриад айлуудын бухалдсан өвсийг авчирч овоолоод, хаалгыг нь хадсан гэдэг. Үдлэгийн сүм шатсны дараа сүмийн гол баганы суурьнаас толгойгүй хүн чулуу гарсныг Үдлэгийн хятадууд, Мухарын амны оросууд тээрмийн чулуу болгон ашиглахаар хөрөөдсөн гэнэ лээ. Тэгэхээр энэ орчмын нутагт Түрэгийн үеийн язгууртнууд амьдарч байсныг энэхүү жишээ харуулж байгаа юм.

Ноёдын морьдыг ялаа зооглох ёсгүй

Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Сөгнөгөрийн голын адаг, Алтан бус уулын Их нарстайн амны дэнжид 1730-1732 онд их Хүрээ мөн л хоёрдугаар Богдын үед суурьшиж байжээ. Нарстай ам агаар сайхантай гэдэг. Сэвэлзүүр салхитай энэхүү дэнжид ялаа, шумуул тогтдоггүй юм билээ. Дээр нь зундаа үер усгүй, өвөлдөө зуд турхан болж байгаагүй өнтэй нутаг. Үржил шимтэй хөрстэй учраас хятадууд суурьшиж газар тариалан эрхлэж  байж. Байгаль нь үзэсгэлэнтэй сайхан аж. Хүрээний хаад, ноёд Их нарстайн дэнж дээр амьдарна. Жирийн ард, иргэд арай доохон талд нь амьдардаг байсан гэнэ.  Энэ нь ноёд, хаадын морьд, хоол ундыг ялаа, шумуул зооглох ёсгүй гэж үздэг байсантай холбоотой аж.  Хүрээний олон гэр, асар байршихад талбайн хувьд хавчигдмал байсан учир их Хүрээ Сөгнөгөрөөс Бургалтай руу нүүсэн байна.   

Хиймэл нууранд загас элбэг

Төв аймгийн Жаргалант сум. Манай улсын газар тариалангийн бүс нутаг. 2500 оюутан, цэргийн албан хаагчид ургац хураалтад дайчлагдаж байсан цаг саяхан. Жаргалант сумын төвөөс урагш зургаан км яваад л Жаргалант голын дэнж, Буурал уулын бэлд хүрнэ.  Хүрээ энд 1723-1727 онд суурьшиж байжээ. Өндөр гэгээн Занабазар насныхаа сүүл үед энэхүү газарт өвөлжиж байв. Өвөлдөө өнтэй, дулаан нутаг. Зундаа өвч сайн ургана. Ган, зуд болж байгаагүй. Мөн Жаргалант, Хүйлийн хан, Ногоон нуруу ууланд ан гөрөө элбэг. Өглөө, оройны нар эрт тусдаг өвөрмөц тогтоцтой нутаг. 1970 оны үед Буурал уулын бэлд хиймэл нуур байгуулсан нь өдгөө загас элбэгтэй болж. Улсын хэмжээнд загас барих уралдааныг эл нууранд явуулдаг байх юм. Буурал уулын орчимд эрвээхэй ихтэй учраас энэ чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Жаргалантад өвөрмөц төрлийн хонь үржүүлж, хулан, тахийг эвцэлдүүлэх гэж оролдож байсан гэнэ лээ. Хүрээ байрлаж байсан энэхүү газар 2003 онд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр мөн л гэрэлт хөшөө байгуулсан байна.

 Бүрд, Улаанбаатар хүйн холбоотой

Ямар ч улс гадаадын жуулчдыг нийслэл анхлан суурьшиж байсан газраараа аялуулдаг. Улсын нийслэлээс тухайн улсын нүүр царай, үүх түүх, уламжлалыг мэддэг болохоор аргагүй биз. Тэгвэл Монгол Улсын төв хэсэг, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт цагаан нуурын хөвөөнөө Монгол Улсын нийслэл анхлан байгуулагдаж байлаа. 1634 он. Лэгдэн хаан нас бараад удаагүй, Монгол Улс хаангүй болоод байв. Хангууд бүгд л хаан болчих санаатай, хоорондын эв эе муудсан үе. Удам судраар нь хөөгөөд хааныг тодруулах гэхээр бүгд л нэг түвшний хангууд байв. Шарын шашин ч хүчтэй түрэн орж ирсэн үе. Шашин номын хүчээр Монгол Улсыг нэгтгэхээс өөр арга зам байсангүй. Тиймээс 1639 онд Түшээт хан Гомбодоржийн таван настай хүү Занабазарыг хутагтаар өргөмжлөн, шар бүсийн ордыг байгуулсан түүхтэй. Өндөр гэгээний түүх, намтарт ч шар бүсийн ордыг хаана байгуулж байсан тухай дурдсан байдаг юм. Тиймээс 1974 оны Ширээт цагаан нуурын хөвөөнөө хүндэтгэл үзүүлэх тухай яригдаж эхэлсэн байна. 1979 онд анхны нийслэлийн тухай нэвтрүүлэг цацагдаж, 1999 онд энэхүү газарт нийслэл байгуулагдаж байсан гэдгийг “тамгалан” гэрэлт хөшөө босгосон байна. Өвөрхангай аймгийн Бүрд сумын хойд хэсэгт далайн түвшнээс дээш 1800 метрт өргөгдсөн Их Монгол, Бага Монгол гэх хоёр улаан хүрэн уул бий. Хэмжилт хийж үзэхэд Бага Монгол уул нь Их Монгол уулаасаа 20 метр өндөр болох нь тогтоогдсон юм билээ. Харин харагдах байдлаараа энэ нь эсрэгээрээ байдаг байна. Их, Бага Монгол уул хоорондоо 10-аад км зайтай. Бага Монгол уулын баруун үзүүрээс эхэлсэн Монгол элс хэмээх элсэн манхнууд Жаргалант, Тарны голыг дагаж хойд зүгт Өвөрхангай, Булганы нутаг дамжин 70-аад км үргэлжилдэг аж. Манхан элснүүд хамгийн өндөр нь 10-15 метр өндөртэй. Их болон Бага Монгол уул, хойд урд Шилүүстэй, Хөгнө хан зэрэг орчны өндөр уулан дээрээс Монгол элсийг харахад урдаасаа хойш цуварч яваа монгол үүлдрийн улаан үхэр мэт харагдана. Элсэн манхнуудын өндөр нэмэгдэх тутам бутлаг ургамал нь сийрэгшиж оройн хэсэг нь нүцгэн элсэн толгод болдог бөгөөд энэ нь холоос улам сүрлэг сайхан харагддаг байх юм. Намхан элсэн гүвээнүүд нь бутлаг ургамал элбэгтэй. Тэнд бургас, хайлаас, арц ургана. Тарна, Жаргалант, Нарийн, Рашаант зэрэг голтой. Хоёр Монгол уулын хооронд орших Цагаан нуурын хойд хөвөөн дээр ширээ мэт тэгш оройтой толгой бий. Тиймээс Ширээт нуур гэж нэрлэсэн бөгөөд 1639 оноос буюу өргөө үүссэн үеэс барьсан хийд, суварганы үлдэгдэл болох шавар хатаамал цац олноор гарч ирдэг байжээ. Ширээт цагаан нуур эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн учраас гадны ямар нэгэн довтолгооноос сэргийлэх боломжтой байсан учраас Занабазарыг хутагтаар өргөмжлөх ёслолыг энд хийсэн гэж үздэг. Хожим 1672 онд Ширээт цагаан нуурын байгалийн тогтоц, Өндөр гэгээнийг өргөмжилсөн зэргийг билэгшээн халхын ноёдын чуулганыг Бүрдэд хуралдуулж байсан гэдэг. Тиймээс үүх түүх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгал зэргийг харгалцан энэ нутгийг аялал жуулчлалын нэгэн цэг болгох боломжтой юм билээ.

Улаанцутгалан урсаж байна

Өндөр гэгээн Занабазарыг дагалдсан олон дагуул шавь нарын малын бэлчээрийн даацыг Ширээт цагаан нуурын хөндий дийлэхгүй болсон байна. Тиймээс Ширээт цагаан нуураас нүүдэллэн өнөөгийн Архангай аймгийн Өгий нуур сумын нутагт Өгий нуурнаас урагш 15 км газарт байрлах Улаанхудагийн хөндийд Хүрээ суурьшжээ.  Өндөр гэгээн энэхүү нутагт 1672-1686 он хүртэл 14 жил суурьшсан гэдэг. 1686 онд ойрдын Галдан бошигтыг ирэхэд Өндөр гэгээн энд байж байгаад Туул, Тэрэлжээс урагш Өгөөмөрийн хөндий рүү зугтсан аж. 1710 онд Улаанхудагт буцаж ирэхдээ Хасарын угсааны нэлээд хүнийг авчирч, тэд өндөр гэгээнийг явсаны дараа Хорчиний хийдийг байгуулсан гэдэг. Анх гэр хийд байснаа хожим модон болсон Хорчиний хийд 1937 оныг хүртэл байсан бөгөөд өдгөө хийдийг хуучин байрлаж байсан газрын хажууд нь сэргээн байгуулсан байх юм. Улаанхудагийн эргэн тойрон 50 км тойрогт Орхон голын хөндийд Хятан, Түрэг, Уйгар, Их Монгол Улсын хаад нүүдэллэж байхдаа зарим үед нийслэлээ байгуулж байсан байх юм. Улаанхудагийн ойролцоо Их Монгол Улсын нийслэл Хархорим, Уйгарын нийслэл Хар балгас, Түрэгийн нийслэл Хөшөө цайдамын туурь, балгас, хөшөө, бунхан, бичээс олон бий. Түүнчлэн Эрдэнэзуу хийд ч ойрхон. Өгийнуур, Орхон голыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх маш их нөөц энэхүү нутагт байна. Орхон голын эхний олон рашаан, Цагаан голын боргио, Улаан цутгалангийн хүрхрээ, унтарсан галт уул, сүрлэг хавцлууд, олон үзэсгэлэнт нуур, ан амьтан, ургамлаар баялаг уул нуруу олон бий. Аяллын баг Эрдэнэзуу, Хөшөө цайдам, Үүртийн тохой, Цагаан голын боргио, Улаан цутгалан зэрэг газраар аяласан. Улаан цутгалан тасарлаа гэх яриа дуулдаж, харамсах сэтгэл төрж байсан нь саяхан. Энэ жил цутгалан ус ихтэй байна. Тийм болохоор хүрхрээг зорих гадаад, дотоодын жуулчин олон байлаа.  Хархорим Улаанбаатартай засмал замаар холбогдсон. Мянганы зам Өгийнуурын эргээр өнгөрөх, Хархоримоос Хөшөө цайдам хүртэл засмал зам тавигдаж, Орхоны хөндийгөөс олдсон Түрэгийн үеийн ховор олдворыг хадгалж буй музей тэнд  байгуулагдсан байна. Түрэгийн үеийн энэхүү музейн олдворууд эх загвараараа тавигджээ. 734 оны Билгэ хааны гэрэлт хөшөө болон түүний зүүж байсан алтан титэм, 731 оны Культегиний гэрэлт хөшөө зэрэг сонирхол татахуйц үзмэр тэнд олон. Анхаарал татсан бас нэг зүйл нь Сандо Амбаны гэрэл зураг байв. Монголд байгаа хүн чулууг бүртгэх, гадагш нь гаргах ажлаар явахдаа эл патераа татуулсан бололтой.  Тиймээс Улаанхудаг аялал жуулчлалын нэг чиглэл болох боломж байгаа нь эндээс харагдаж байлаа.

Анхны суурин хотын туурь Эрдэнэтолгойд бий

1684 оноос Их Монгол улсын гадаад байдал хүнд байлаа. Орос, манжууд хоорондоо хуйвалдаж, зүүн, баруун хоёр Монголыг хооронд нь эвдрүүлэх бодлого явуулах боллоо. Зүүн, баруун хоёр Монгол ч өөрсдийн нөлөөний улсыг байгуулахыг зорьж байв. Тэр үед оросууд Ерөө гол хүртэл түрэн орж иржээ. Зүүн гарын Чахундорж дөрвөн ч удаа оросуудыг нутгаасаа хөөж гаргаад байлаа. Оросууд Чахундоржийг дарахын тулд Галданд тусалж, их буу, сум өгсөн гэдэг. Баянхонгорын Галуут нуурын орчим Чахундорж Галдан бошигтыг тосон байлдсан боловч ялагдал хүлээсэн юм. Учир нь Галдан бошигт их буутай болсон. Дээр нь Чахундоржийн цэргийн тал нь Ерөөд хамгаалалтад байсан гэдэг. Тэр үед өндөр гэгээн Занабазар Төвхөний хийдэд Бүтээлийн сүмээ байгуулж байв.  Энэ үед буюу өнөөгийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Эрдэнэтолгой багийн нутаг Эрдэнэтолгойд Хүрээ 1700-1719 онд суурьшиж байжээ. 1706 онд Монголын анхны Батцагаан хэмээх цогчин дуганыг дунд Цэцэрлэгийн голын Эрдэнэтолгойд барьсан нь нүүдлийн өргөө суурин хэлбэрт шилжих эхлэл нь байв. Энэхүү дунд Цэцэрлэгийн Эрдэнэтолгойг Тамирын Эрдэнэтолгойтой зарим судлаач андуурах нь бий. Энэ хоёр Эрдэнэтолгойд өндөр гэгээн хоёуланд нь нутаглаж байжээ. Дунд цэцэрлэгийн Эрдэнэтолгойд өндөр гэгээн Занабазар 19 жил суурьшиж, хэд хэдэн том дуган барьсан бол Тамирын Эрдэнэтолгойд тэрээр амьдралынхаа сүүлчийн жилд хэдхэн сар нутагласан гэнэ. Өнөөгийн Архангай аймгийн Цэнхэр сумын нутгаар урсах Цэцэрлэгийн голыг баруун Цэцэрлэг, Төвшрүүлэх сумын Хөх сүмийн голыг дунд Цэцэрлэг, Хотонт сумын  Цагаан сүмийн голыг  зүүн Цэцэрлэгийн гол гэдэг байжээ. Эрдэнэтолгойн баруун тал, дунд Цэцэрлэгийн голд Хөх сүмийн хийдийн туурийн ул мөр одоо ч байна. Дөрвөлжин суурьтай цогчин дуганы өндөр нь нэг метр байсан бололтой. Түүний хойно дугуй сүмийн нэг метр орчим өндөртэй туурь байх юм. Сүмүүдийн туурьнаас чамин хийцтэй дээврийн ваар, хананы чимэглэл, ногоон паалантай ваарны хэлтэрхий элбэг олдоно. Сүмийн туурийг харахад нэлээд том, бас ч үгүй хоёр давхар байсан нь илт. Хийдийн гадна ус зайлуулах шуудуу байсны ул мөр ч тодхон аж. Түүнчлэн хөх тоосго цохиж байсан ул мөр байсныг судлаачид тогтоожээ. Хийд байхгүй болсон шалтгааныг олон янзаар тайлбарладаг аж. 1800 хэдэн онд Шинжааны Уйгарууд Манжийн эсрэг бослого гаргаж ар Монгол руу орж ирэхдээ замдаа тааралдсан бүхнээ түйвээсэн гэдэг. Тиймээс бослого гаргасан хуйхуй нар шатаасан гэх нь бий. Хуйхуй нар баригдсаныхаа дараа Чингисийн Монгол төв халхыг ийм дорой болсон гэж бодсонгүй хэмээсэн нь тэмдэглэгдэн үлджээ. Харин зарим нутгийн ардын хууч яриагаар бол Батцагаан дуган 13 жил болоод шатаж хайлсны дараа өндөр гэгээн тэндээс явсан гэдэг байна. Ямартай ч энэхүү дуган шатаж үгүй болсон гэдэг.  Эрдэнэтолгойн туурь далайн түвшнээс 1710 метрт өргөгдсөн. Нийслэл буудаллаж байсан газруудаас хамгийн өндөр нь Эрдэнэтолгойн туурь юм. Гурван Цэцэрлэгийн голуудын халуун, хүйтэн рашаан нь эмчилгээ, аялал жуулчлалын ач холбогдолтой. Дунд Цэцэрлэгийн голын баруун салаа Бор Бургасны рашаанд Өндөр гэгээн байнга ирж, биеэ чийрэгжүүлдэг байсан. Дараа нь Заяын гэгээн эл рашаанд ирдэг байсан бөгөөд тэдний рашаанд орсны дараа нарлаж хэвтдэг ор хэлбэртэй чулуу өнөөг хүртэл байсаар байна.    

ГЭРЭЛ ЗУРГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж