Мексикт хотын даргын аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Мексикт хотын даргын аминд хүрчээ

Өчигдөр Мексикийн Сан-Луис-Потоси мужийн Матеуала хотын шинээр сонгогдсон хотын даргыг нэгэн үдэшлэгээс гэрлүүгээ буцаж явах үед нь зэвсэглэсэн этгээдүүд дайрч, тэдний машин руу гал нээсэн байна.

Үүний улмаас Эдгар Моралес Перез болон түүний олон нийттэй харилцах албаны дарга Франциско Хернандез нар амь үрэгджээ. Энэхүү дайралтаас нэг хүн амьд гарсан бөгөөд албаныхан түүний нэрийг нууцалж байгаа юм. Тэрбээр уг хэргийг харсан боловч зэвсэглэсэн этгээдүүдийг хэн болохыг тодорхойлж чадахгүй байгаа аж.

Албаныхан одоогоор дайралтын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Матеуала хотын дарга агсан Эдгар Моралес Перез нь “Institutional Revolutionary Party” намаас хотын даргын сонгуульд нэр дэвшиж  ялалт байгуулан,  өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хотын даргаар ажиллаж эхэлжээ.

Өнгөрсөн пүрэв гаригт мөн тус мужид цагдаа нар бүхээгтэй машин дотроос 14 хүний цогцос олсон бөгөөд тэднийг хар тамхины бүлэглэлүүдийн хоорондох дайны хохирогчид хэмээн үзсэн юм. Мексикт сүүлийн үед хар тамхины бүлэглэлүүдийн хоорондох тулаан ширүүсч олон тооны хүн үүний хөлд үрэгдээд байгаа билээ. Мексикт гарсан аллагын ихэнхи нь АНУ-тай хиллэдэг мужуудад үйлдэгддэг байна. Учир нь хар тамхины бүлэглэлүүд АНУ руу хар тамхи нэвтрүүлэх тусгай замуудад хяналтаа тогтоохын тулд хоорондоо тулалддаг аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж