Тус улс 28.9 сая хүн амтай, өнөр өтгөн “өрх“ аж. Юуны урьд хүн амын хувьд венесуэльчүүдийг мулат буюу хар цагаан, эсвэл нутгийн аборгенчуудын эрлийз гэсэн тодотгол дагалдах нь олонтаа. Саяхны нэг судалгаагаар тус улсын хүн амын 42 хувь нь өөрсдийгөө цагаан арьстан гэж тодорхойлжээ. Тэгвэл өнгөт арьстан бас нутгийн оршин суугчид буюу индианчууд тус тус хүн амын гурван хувь болдог ажээ. Хэрэв энэ статистикаар бол хүн амын тал илүү хувь нь мулат аж.
Венесуэль бол залуучуудын эх орон. Хүн амынх нь 43 хувь нь 15 хүртэлх насныхан. Харин иргэдийнх нь материаллаг хангалтын талаар ямар тоо баримт байна вэ. Статистикчид нэг баримтыг ихэд онцолжээ. Эдүгээгийн ерөнхийлөгч Уго Чавесийн эрх барьж буй 14 жилийн хугацаанд ядуурал 21 хувиас долоон хувь болтлоо буурсан гэжээ. Хүн амынх нь бараг тэн хагас шахам нь ядуу гэсэн ангилалд хамаардаг Монгол Улстайгаа жишиж үзвэл энэ долоон хувь гэдэг тун бага үзүүлэлт шиг төсөөлөгдөнө. Энэ нь одоо ойролцоогоор 2.5 сая хүн ядуу байна гэсэн үг. Эдгээр ядуусын 800 мянга нь тав хүртэлх насны хүүхдүүд юм байна. 2010 онд Венесуэльд 590 мянган эх төрсний 130 мянга нь 15-19 насны охид байсан бол 15 нас хүрээгүй 8000 охин үрийн зулай үнэрлэжээ. Энэ улсад насанд хүрээгүйчүүдийн төрөлт асар их байдаг нь эндээс анзаарагдана. Ажил амьдралын байр суурь, мэргэжил боловсрол эзэмшиж амжилгүй ээж болж байгаа нь ядуурлыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болдогийг судалгааны байгууллагын тайланд онцолжээ.
Насанд хүрсэн венесуэльчүүдийн 90 хувь нь гар утас хэрэглэдэг бол нийт өрхийн 56 хувь нь компьютер, 80 хувь нь угаалгын машинтай аж. Хүн амын цахилгаан барааны хангамжийг нэмэгдүүлэх нь тус улсын хэрэгжүүлж байгаа нийгмийн хөтөлбөрийн чухал хэсэг нь болдог. Хөтөлбөрийн хүрээнд ахуйн цахилгаан хэрэгслийг маш хямд үнээр банкны бараг хүүгүй шахам зээлээр олгодог. Ингэхээр иргэдийн амьжиргааны төлөв байдлыг цахилгаан хэрэгслийн хангамжаар тодорхойлох нь учир дутагдалтай болж харагдаж байна. Хамгийн чухал нь хүн амд хүрч байгаа усан хангамж, цэвэр бохир усны шугам гэхчлэн дэд бүтцээр хэмжигдэх учиртай болж байна.
Венесуэль дэлхийн хамгийн хямд шатахуунтай улс. Нэг литр бензиний үнэ 0.05 ам.доллар. Гэвч хүн амынх нь 30 хүрэхгүй хувь нь автомашинтай, найм орчим хувь нь мотоцикль хэрэглэдэг. Тус улсын эдийн засгийн гол салбар нь газрын тосны үйлдвэрлэл. Эдийн засгийн гол хангагч нь энэ салбар болдог. 1976 оноос газрын тосны салбарыг үндэсний мэдэлд авахын өмнө гадаадын компаниуд, тухайлбал англи, америкчууд концессийн гэрээгээр эзэмшдэг байв. Тэд түүхий нефть олборлож, өөрсдөө үнэ ханшийг нь тогтоодог байсан нь Венесуэль улсын хувьд багахан хэмжээний роляттийн татвар, орлогоор тэднээс хувь хүртдэг байв. Үүнийг нотлох нэг жишээ гэвэл 1917-1975 онд гадаадын газрын тосны компаниуд наанадаж 200 тэрбум ам.долларын ашиг олсон бол Венесуэльд ердөө 45 тэрбум ам. доллар үлдсэн гэсэн баримт байна. 2002 онд тус улсын ДНБ-ий үйлдвэрлэл 131.7 тэрбум ам.доллар хүрснээр нь Латин Америкийн орнууд дотроо нэг хүнд ногдох дундаж орлогоороо тэргүүлж байв. Гэвч энэ орлогын ихэнх нь зөвхөн газрын тосны салбараас бүрдэж байсан гээд бодохоор эдийн засаг нь ганц тулгууртай, нефтийн үнэ ханшаас хамааралтай гэдэг нь харагдаж байна. Тухайлбал нефтийн борлуулалт нь Венесуэлийн экспортын орлогын 90 хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд энэ нь тус улсын нийт орлогын 60 хувь болдог ажээ. Олборлосон нефтийнхээ бараг тал гаруй хувийг нь АНУ-д экспортолдог бөгөөд энэ нь тус улсын хэрэглээний 13 орчим хувийг хангадаг. Тус улс газрын тосноос гадна кофе, нүүрс, никель, гадил жимс, цэцэг зэрэг 65 тэрбум ам. долларын бүтээгдүүн экспортолдог.
Нефтийн орлого нь нийгмийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, тэрчлэн хувийн жижиг үйлдвэрлэгчдэд зээл олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд том хувь нэмэр болдог. Сүүлийн жилүүдэд тус улсад үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжийг импортлоход нефтийн орлогын нэлээдгүй хэсэг нь зориулагддаг. Үйлдвэрлэл, үйлчилгээний бусад салбараа хөгжүүлэх нь эдийн засгаа солонгоруулах гол нөхцөл гэдгийг эрх баригчид ухаарч эхэлжээ.
1999 онд Уго Чавес төрийн эрхэндээ гармагцаа эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлэхийг чухалчилж, газрын тосны салбарын татварыг нэмэгдүүлэх бодлого баримталж эхэлжээ. Газрын тосны олборлолт, үйлдвэрлэлийн 51 хувиас доошгүйг төр эзэмшдэг болсон. Энэ шийдвэр эхэндээ ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан ч Чавес ялалт байгуулжээ. 2007 оны эхээр Уго Чавес Америкийн фирмүүдийн эзэмшилд байдаг Венесуэлийн цахилгаан холбоо болон эрчим хүчний лидер компаниудын хяналтын багцыг төрийн мэдэлд авах гэж байгаагаа зарласан юм. Түүнчлэн “ExxonMobil” “ConocoPhillip” зэрэг нефть боловсруулах томоохон үйлдвэрийг ч үндэсний мэдэлд авахаа дурдсан юм. Энэ үеэрээ тэр “XXI зууны социлиализм” байгуулахаар төлөвлөж байгаагаа зарласан билээ.
Уго Чавесийн реформ энэ бүхнээр хязгаарлагдсангүй. Засгийн газар тухайн үед сард хоёр хувь хүрээд байсан инфляцийг хязгаарлах, хүнсний өргөн хэрэглээний бараагаар хангах цогц арга хэмжээ авчээ. Лангуун дээр сүү, мах, элсэн чихэр үзэгдэхээ больсон тэр үед хүнсний хангалтыг хэвийн болгохын тулд Засгийн газар гадаадаас үхрийн мах их хэмжээгээр худалдан авах гэж буйгаа зарлаж, дамын болон нууц арилжаа наймааг хоригложээ. Түүнчлэн мөнгөний ханшийн уналтыг тогтворжуулахаар ам долларын эрэлт хэрэглээг аль болох багасгах, тухайлбал венесуэльчүүд гадаадад явахдаа жилд нэг хүн 5.6 мянгаас илүүгүй ам.доллар авах хязгаарлалт тогтоож өгчээ. Дамын худалдаа болон бүтээгдэхүүнээ нуух нь “боливарын хувьсгал”-д халдсан, тус улсын социализмд шилжих явцыг тогтворгүйжүүлэх гэсэн гэмт хэрэг хэмээн үзэх болжээ. Хоёр жилийн өмнөх тоо баримтаар Венесуэлийн нийт гадаад өр 43.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Уго Чавесийн хэрэгжүүлж байгаа шинэтгэлийн өнгө төрх нэг иймэрхүү дүр зурагтай байна. Цаашид хэрхэхийг ирэх он жилүүд харуулна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин