Түүнтэй уулзаж байр суурийг нь сонслоо.
-Олон намын төлөөллөөс бүрдсэн энэ удаагийн УИХ-ын нэг дэд дарга нь та боллоо. Ирэх дөрвөн жилийн УИХ-ын үйл ажиллагааг тэр чигээрээ зөвшилцөл дээр тогтоно гэж тодорхойлоод буй. Та ямар зарчим баримталж ажиллах вэ?
-УИХ-ын дэд дарга гэдэг бол хариуцлагатай албан тушаал. Тэр тусмаа энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр олонхгүй парламент бүрдсэн. Тиймээс төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, тэнцвэртэй байлгахад нам, эвслийн бүлгүүд онцгой анхаарах үүрэгтэй болж байгаа. Ийм онцлогтой үед энэ албан тушаалд томилогдлоо. Тиймээс төрийн үйл ажиллагааны тэнцвэрийг хангах, хууль тогтоох үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, хамгийн гол нь баталсан хууль түүний хэрэгжилт үр дүнд илүүтэй анхаарах бодолтой байна.
-УИХ-ын дэд даргын үүрэгт ажлын үндсэн чиг үүрэг нь юу байдаг юм бэ?
-УИХ-ын дэд даргад хуулиар тодорхойлсон тодорхой чиг үүрэг байдаг. Хамгийн гол нь төр засаг нам эвслийн ажлын уялдаа холбоог шуурхай хангах. Үүний дагуу одоо байгаа нөхцөл байдалд тулгуурлан, холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгох эрх зүйн зохицуулалт дээр ажиллах шаардлагатай болж байна.
-Танай эвслээс намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон Ц.Оюунбаатар өнөөдрийг хүртэл тангаргаа өргөөгүй байна. Ц.Оюунбаатар хэзээ орж ирэх вэ?
-Тодорхой шалтгаан байгаа учраас тангараг өргөх ёслол хойшилсон. Манай эвслийн дарга Н.Энхбаярын асуудлыг эцэслэн шийдээгүй байна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин