“Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадмыг Монголын баг тамирчид хоёр мөнгө, гурван хүрэл медальтай үдлээ. Уг нь нэг шар өнгөтэй медаль хүртэх боломж хангалттай байсан ч өчигдөр болсон боксын 52 кг-ын жингийн шигшээ тоглолтод Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт Кубын Робейси Рамирест шүүгчдийн нөлөөтэйгөөр 14:17-гоор дийлдсэн юм. Эхний хоёр үед манай тамирчин идэвх санаачлагатай тоглож, харьцангүй олон цохилт гүйцэтгэсэн ч оноо 4:5, 4:4 гэж эсрэг тамирчны талд гарсан нь хачирхалтай. Өнөөх куба гуравдугаар үед оноогоо илт хамгаалж, олон хоног жингээ барьж, багагүй сульдсан Төгсөө маань давшиж тоглож чадалгүй байсаар цагаан алтан медаль хүртсэн юм.
“Лондон-2012” эхэлсэн цагаас монголчуудынхаа итгэлийг алдаагүй түүнд баярлалаа. Чухамдаа тэр л Азербайжаны Элвин Мамишжада, Италийн Винченцо Пикарди, Узбекистаны Ясурбек Латипов, ОХУ-ын Миша Алоян зэрэг “хатуу самар”-уудыг “цөмсөөр” энд гарч ирсэн. Харин Робейси Рамирес “Сураггүй гар”-уудыг аргалсаар шигшээ тоглолтод орсон юм. Хэрвээ Төгсөө энэ кубатай арай эртхэн, их ядраагүй байхдаа үзсэн бол нухах байсан нь даанч тодорхой. Хэдийгээр анхныхаа олимпод түрүүлж чадаагүй ч энэ жил 20-хон настай Н.Төгсцогтод их ирээдүй бий. Түүнийг хоёроос гурван олимпийн наадам, олон олон ДАШТ хүлээж байна.
Д.НАНЖИД
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин