Алт, хүрэл медалтай ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Алт, хүрэл медалтай ирлээ

Олон улсын “КАНСАТ” бичил хиймэл дагуулын гурав дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн ШУТИС, Механик Инженерийн Сургууль (МИС)-ийн (ЖАЙЭНТ) баг алтан медал, МУИС, Физик Электроникийн Сургууль (ФЭС)-ийн “NUMSAT” баг хүрэл медал хүртэн эх орондоо ирлээ. Энэхүү Европын КанСат олон улсын тэмцээн нь Испаны Мадрид хотноо долдугаар сарын 26-28-ны хооронд  Мадридын Политехникийн Их Сургууль дээр болж өнгөрсөн юм.

Хоёр баг тус бүр тав таван хүний бүрэлдхүүнтэй байсан бөгөөд багийн хоёр гишүүн ар талаа хариуцан эх орондоо үлдсэн юм. Телеметри төрөл буюу КанСат-ыг 1000-1500м хүртэл пуужингаар хөөргөөд шүхрээ задалж алгуур унах явцдаа хэмжилтийн параметрүүд, датагаа газрын станц руугаа дамжуулдаг төрөлд манай баг тамирчид оролцсон юм. Эхний өдөр баг тус бүрийн кансатын хийц, багуудын зохион байгуулалт, онцлогуудаа тайлбарласан брифинг шалгаруулалт байжээ. Өртөгийг 1000 Еврогоос, КанСатаа 300гр жижиг лазанд багтахуйц хэмжээнээс үл хэтрүүлсэн байх зэрэг шаардлагуудтай байдаг гэнэ. Хоёр дахь өдөр Мадрид хотоос 100-д км-т орших хөөргөлтийн талбайд болсон ба дунджаар 1300 м-т задрах төхөөрөмжүүд ажиллаж эхлэхээр тохиргоо бүхий пуужингаар хөөргөжээ. Гурав дахь өдөр буюу сүүлчийн өдөр үр дүнгийн тайлан, дүгнэлтийн дэбрифинг шалгаруулалт явагдаж дүнгээ гаргажээ. Энэ гурван өдрүүдийн төрөл тус бүрийн онооны нийлбэрээр шалгаруулахад манай улсын баг төрөлдөө дээрх амжилтыг үзүүлж энэ цомуудыг гардан авлаа.

Тэд  энэхүү тэмцээнд оролцохын тулд дөрөвдүгээр сараас эхэлж бэлтгэсэн ба багаа бүрдүүлэхийн тулд эхний сургалт семинараа үр дүнтэй явуулж тэр үед олон оюутан судлаач нарыг хамруулан тэднээс зөв сонголт хийж чадсанаар энэхүү амжилтанд хүрчээ. Монголд анхны загваруудаа нарийн деталь, эд ангиудыг нь захиалж бусад микросхем угсрах, схемүүдийн харилцан үйл ажиллагааг зохицуулдаг удирдлагын плат, хавтангуудыг холбох, програмчлах зэргээр бүгдийг өөрсдийн гараар хийж анхны хөөргөлтийн туршилтаа нисэх загварын модель ашиглан хийх гэх мэтээр нөөц боломжиндоо хичээн явуулж, хоёр сургуулийн шилдэг оюутан судлаач залуус маань гар нийлж хамтарч ажиллаж чадлаа. Тус тэмцээнд манай тамирчид оролцсоноор Монголын инженер судлаачид болон оюутан залуусыг үндэсний хиймэл дагуулаа зохион бүтээж ашигладаг түвшинд хүргэх, улмаар олон улсын түвшинд хүрсэн сансрын инженерчлэлийг хөгжүүлэх зорилготой юм. Тэдэнд өнөөг хүртэл итгэл хүлээлгэн санхүү, зохион байгуулалтын хүч дэмжлэгээ үзүүлж ирсэн ШУТИС, МУИС-ийн хамт олон мөн БСШУЯ, МИАТ компани, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим,  Мон-Кортаж компани, Монголын Ноосны нийгэмлэг зэрэг олон нийт, аж ахуйн байгууллагууд хүч нэмж туслалцаа дэмжлэг үзүүлж байгаа учраас манай баг тамирчид энэхүү тэмцээнд оролцон амжилт үзүүлж олон улсын хамтын ажиллагааны гараагаа амжилттай эхлүүллээ. Эх орондоо сансрын инженерчлэлийг хөгжүүлэх, хиймэл дагуул зохион бүтээх энэхүү үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэн дээрх бүх байгууллага хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж