“Аюул занал Йемений нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг террористуудын бүтцээс юуны түрүүнд гарах магадлал их байна” хэмээн Германы Холбооны тагнуулын албаны (BND) дарга Герхард Шиндлер наймдугаар сарын 11-ний өдөр Welt сонинд өгүүлсэн байна. “Аль-Каида” Европын нутаг дэвсгэрт “ариун дайн” гэгчээ явуулах эрмэлзэлтэйг тэр сануулав.
Йеменийн “ганц чононууд”
Тусгай албадын мэдээгээр террористууд “ганц чонын тактик” гэгчийг сонгон амиа золиослогч нарыг тусгай лагериудад бэлтгэж байна. “Аль-Каида” ийм тактикийг сонгосон гэдэг талд тусгай албаныхан онцгой анхаарч байна гэдгийг BND-ийн тэргүүн хэлжээ.
Афганистанд BND-ийн ажилтнууд, тэсрэх төхөөрөмж, амиа золиослогч нарыг ашиглан Германы армийнхны эсрэг хийх гэж байсан олон аллагыг таслан зогсоож чадсан гэх Шиндлерийн үгийг Reuters агентлаг анзаарсан байна. “2011 оны эхнээс хойш бид бундесверийн цэргийн албан хаагчид халдах гэж байсан 19 довтолгооныг таслан зогсоож чадлаа” гэж тэр хэлсэн байна.