Интернэт-хүчирхийллийн эсрэг интервенц

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Интернэт-хүчирхийллийн эсрэг интервенц

Уинстон Чөрчилль өөрийх нь номд зориулан Нобелийн шагнал олгосон Шведийн хаанд хандаж хэлэхдээ “Эрхэм дээдэс минь Та андуураагүй биз” гэсэн хамгийн товчхон үгийг зориулсан нь өнөө үед ч энэхүү нэр хүндтэй шагналын шалгууртай холбоотой маргааныг сануулсаар байгаа билээ. Энэ мэтээр Нобелийн шагналтан агуу эрдэмтэд анзаарч тунгаавал хэрэг болох үг хэлэх нь элбэг байдаг аж. Тэгвэл ойрмогхон Нобелийн шагнал хүртсэн нэгэн эрдэмтэн, “Хүн төрөлхтөн олон сайхан зүйл бүтээдэг ч бүгд өөрсдийх нь эсрэг “босдог” юм даа” гэсэн гайхалтай ишлэл хэлжээ. Үүнээс илүү яаж онож хэлэх билээ…

Интернэт дэх педофиль

“Педофиль” гэдэг нь хүүхэд,насанд хүрээгүйчүүдийг хүчирхийлэгч этгээд болон тэдний үйлдлийг ерөнхийд нь нэрлэдэг франц гаралтай үг бөгөөд ямар ч байсан интернэттэй холбогдоод амжжээ. Интернетийн сүлжээ нь мэдээллийг төсөөлшгүй өргөн хэмжээгээр маш богино хугацаанд хүргэдэг сайн талтай ч дамжуулж байгаа мэдээллийн агуулгыг ямар ч шүүлтгүйгээр буюу цензур байхгүйгээр түгээгч чөлөөтэй гарц болсон. Үүнийг нь ашиглаж садар самуун, хүчирхийллийг сурталчилсан агуулгыг интернэтээр дамжуулан зарж борлуулах болсон нь хүн төрөлхтний агуу нээлтийг хамгийн муу муухай үйлдлийн зэвсэг болгон хувиргажээ. Сүүлийн үед гарч байгаа мэдээллээр бол интернэтийн хүртээмжийг ашиглан борлуулж байгаа садар самууныг сурталчилсан агуулга бүхий киноны орлого жилдээ олон тэрбум ам.долларын ашиг олдог болсон төдийгүй порно кино, садар самуун агуулгатай хүүхэлдэйн киноны борлуулалтаар хагартлаа баяжсан тэрбумтнуудын жагсаалт ч гарч эхэлсэн байна. Хамгийн эмзэглэмээр асуудал бол дээрх ашиг орлого ихтэй бүтээгдэхүүний хамгийн гүйлгээтэй хэсэгт хүүхэд, өсвөр насныхныг садар самуунд уруу татсан, тэр ч байтугай хүчирхийллийн бай болгосон агуулгатай “бүтээлүүд” хамрагддаг байна.

Интернэтийн “педофилүүд” улам бүр эгнээгээ тэлж, тэдний дунд байр сууриа эзлэх хэрэглэгчдийн дотор санхүүгийн асар их эрх мэдэлтэй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа тухай гадаад эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь дээрхи төрлийн “бүтээл”-ийг бий болгон борлуулагчдын хэтэвчийг зузаалаад зогсохгүй тэрбумтнуудын жагсаалтад оруулж, улмаар нийгмийн хүлээн зөвшөөрдөг элит хүрээлэлд хүртэл хүлээн авах болсон нь интернэтийн “хүчирхийлэгчидтэй” тэмцэх нөхцөл байдлыг улам хүндрүүлэх болжээ. Нөгөө талаар ийм төрлийн мэдээллийн тулгаж буй суртал ухуулгын шууд нөлөөгөөр хүүхэд, өсвөр насныхан садар самуун, хүчирхийллийн бай болж, улмаар дэлхий даяар түгшүүр зарлаад байгаа хүний наймааны золиос болох тохиолдол улам гаарч байгаа аж. Мөнгө бүхнийг шийддэг мэт болсон өнөөгийн ертөнцөд интернэтийн хүчирхийлэгчидтэй хийх тэмцлийг тэр болгон улс орнууд хүчтэй дэмжихгүй байгаа талаар ялангуяа хөгжиж буй болон хөгжил буурай орны хүүхдийн эрхийн төлөөх байгууллагууд сүүлийн үед олонтаа ярих болсон. Энэ нь хүний наймаа болон порно-кино үйлдвэрлэлийн гол “түүхий эд”-ийг ядуу буурай орнуудын хүүхэд өсвөр насныхан бүрдүүлэх болсонтой холбоотой гэж ойлгож болох юм. Түүнээс гадна хүүхэд залуусыг садар самуун, хүчирхийллийн амьдралд бараг л дасгаж, улмаар донтох байдал руу оруулах аюултай шинж чанар бүхий агуулгыг дэлхийг аалзны тор мэт бүрхсэн интернэтийн олон зуун сая сүлжээгээр тараасаар байгаа юм. Ямар ч хориг саад байхгүй мэт чөлөөтэй урсах интернэт хүчирхийллийн энэ урсгалыг хэрхэн зогсоох вэ…?

Оросууд ууртай байна

Манай хойд хөрш Орос улс хүний наймаа болон садар самуун, хүчирхийллийн агуулга бүхий “кино-индустри”-г хөгжүүлэгч олон улсын сүлжээний хамгийн том хохирогчдын нэг болоод байгаа бололтой. Тиймээс ийм төрлийн гэмт хэрэгтэй хатуу ширүүн тэмцэхийн зэрэгцээ зарим төрлийн хориг арга хэмжээ авахыг зорьж байгаа ажээ. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр сүүлээр ОХУ-ын Харилцаа холбооны яамнаас хаалттай зөвлөгөөн хийж “Хүүхдийг эрүүл мэнд, хөгжлийг нь хохироох мэдээллээс хамгаалах” хуулийн төслийг боловсронгуй болгох ажлын хэсэг байгуулснаа зарласан байна. Мөн үүний зэрэгцээ ОХУ-ын хуулиар хориглосон агуулга бүхий сайтуудыг хянах, хаах эрхийг ОХУ-ын Улсын хяналтын хороонд олгожээ. Энэ шийдвэр гарсан даруйдаа интернэтийн сүлжээний бизнес хэрэглэгчдийн зүгээс багагүй болгоомжлолтой тулгарсан аж.

Интернэт сүлжээний эздийн зүгээс Оросын төр энэ чиглэлийн хяналтыг олон нийтийн байгуулагуудад олгоно гэсэн анхан шатны шийдвэрээсээ буцаж байгаа нь цаанаа улс төрийн агуулгатай байх вий гэж болгоомжилж байгаа бололтой. Сүүлийн үед Оросын улс төрд эсэргүүцлийн хөдөлгөөнүүд идэвхжин, “Тэмцэгч муурнууд” нэртэй охидын хамтлагтай холбоотой шуугиан газар аваад байгаа зэрэг нөхцөл байдал сайтуудыг хянах эрхийг төрийн байгууллагуудад өгөхөд хүргэсэн гэх хардлагыг бий болгосон гэнэ. Гэхдээ интернэтээр хүүхдийн оюун санаа,эрүүл мэндэд муугаар нөлөөлөх агуулгыг гаргахгүй байхыг зорьсон ОХУ-ын энэ шийдвэр бусдад үлгэр дууриал болохоор цагаа олсон шийдвэр ч байж болох юм. Ямартай ч интернэт-хүчирхийлэлтэй тэмцэхээр оросууд эргэлт буцалтгүй шийдсэн бөгөөд ажлын хэсэгтээ төрийн байгууллагын төлөөлөл, Төрийн Думын гишүүдээс эхлээд Google, Yandex, Mail.Ru гэх зэрэг интернэт сүлжээний концернийн төлөөлөл зэрэг олон талт бүрэлдэхүүнийг багтаан ажилдаа орж байгаа аж.

Гарч байгаа мэдээллээс үзвэл интернэтийн сүлжээнд хяналт тавихад цөөнгүй бэрхшээл тулгарч байгаа гэнэ. Юуны өмнө интернэт хэрэглэгчдэд хүрч байгаа хориотой мэдээллийг хэрхэн хаах арга замыг шийдэхэд хүнд байгаа аж. Маргааны гол нь тодорхой сүлжээний урсгалыг IP хаягаар нь бүхэлд нь хаах уу, эсвэл URL хаягаар хэрэглэгчийн нээж байгаа хуудсыг нь хаах уу гэдэг эцэслэн шийдэгдээгүй байгаа юм байна. Зарим талаараа сүүлийн арга нь зөв мэт боловч Оросын хэрэглэгчдэд хүрч байгаа техникийн шийдлийн хувьд бас бэрхшээл учирч байгаа бололтой. Учир нь Оросын томоохон хотуудын хувьд интернэт сүлжээг түгээгч- провайдер үйлчилгээнд хэрэглэж байгаа техник хэрэгслүүд нь орчин үеийн дэвшилтэт технологитой байдаг тул сүүлийн үеийн “DPI” хэмээх программын гүн шүүлт бүхий технологийг хэрэглэж болохоор байгаа бол харин төвөөс зайдуу газарт ийм боломж байхгүй гэнэ. Оросын алслагдмал газар нутагт интернэтийн орчинд хэрэглэж байгаа төхөөрөмж, программын хоцрогдол нь интернэт орчин дахь мэдээллийг хянах, хэсэгчлэн хаах боломжийг олгохгүй байгаа учир хэрэглэгчид хүрч байгаа тодорхой хуудсыг ялган хаах боломж байхгүй ажээ.

Нөгөө талаар ийм нөхцөл боломжийг тухайн хоцрогдолтой газруудад бий болгох нь асар их зардал нэхэж байгаа учраас одоогоор шийдэхэд маш төвөгтэй гэж мэргэжилтнүүд ярьж байгаа юм. Зарим мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ бүхнийг шийдэхэд хэдэн зуун саяас хэдэн арван тэрбум рублийн зардал гарахаар болоод байгаа нь Оросын төрийн байгууллагуудад хүндрэл учруулж болзошгүй ажээ. Гэхдээ ямартай ч тус улс интернэтийн хүчирхийлэл болон бусад хориотой мэдээллийн урсгалтай хатуу тэмцэнэ гэсэн шийдвэрээсээ буцахгүй гэж мэдэгдэж байгаа юм.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж