Энэ хүүгийн төлөө олон олон ээжүүд сүүнийхээ дээжийг өргөж, олон аавууд санаагаа зовоон сууж байлаа. Хорин нэгэн аймаг, гурван зуун гучин гурван сум, нийслэлд, харь холын нутагт сууж буй монголчуудын ярианд энэ тоглолтод хэрхэх бол гэсэн үгс өрнөж байлаа. Уг нь бол зургаахан минут. Гэвч энэ зургаан минутад хэрхэх бол гэсэн бодол хүн бүрийн толгойд байлаа. Интернэт хуудсаар түүнд амжилт хүссэн үгс давалгаалан, энэхүү давалгааг өөрт нь хүч өгөөсэй хэмээн дор бүрнээ найдаж байлаа.
Н.Төгсцогт маань ч өмнө өөрийн сэтгэгдлийг хуваалцан “Одоо ганцхан даваа үлдсэн” хэмээсэн юм. Түүний алтын төлөөх тоглолтын өмнө мөнгөн медалийн болзол хангасныхаа дараа үлдээсэн сэтгэгдлийг хүргэвэл “Та нарт ямар байсан бэ. Тоглолтын үндсэн шүүгчийг “хөх булан” гээд зарлах мөч хүртэл өөртөө итгэлтэй байсан ч нэлээд түгшсэн шүү. Ачит багш нарийн маань хөдөлмөр, ард түмний маань заяа түшиж мөнгөн медалийн болзол хангалаа гэж бодож байна. Одоо ганцхан даваа үлдсэн. Хичээх болно оо. Би онцгойлон нэг зүйл хэлэхийг хүсч байна. Монголын олимпын боксын холбоондоо маш их баярлаж байна. Энд надтай хамт нойр хоолоо хасч, хөлс хүчээ шавхаж яваа Бат-Энх ахдаа, холбооны ерөнхийлөгч Ганзориг болоод шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ганзориг, дасгалжуулагч Сайнбилэг, эмч Бат-Очир нартаа баярлалаа. Бас хамт бэлтгэл сургуулилт хийдэг бөхийн нийт хамт олон тамирчиддаа баярлалаа. Энэ мөнгөн медаль Монголын олимпын боксчдын амжилт шүү гэдгийг хэлмээр байна. Одоо ганцхан даваа үлдсэн. Би түүнд тэмүүлж байна. Авахыг хүсч байна. Бүх чадлаараа хичээнэ” гэсэн аж.
Монголчуудын бодол санаа, зүрх сэтгэлд Их эзэнт гүрний эрэмгий омголон зан байж “алтыг авах ёстой” гэх бодол баттай байдаг нь энэхүү хүлээлтийн цаг ойртох бүрт мэдрэгдэж байлаа. Н.Төгсцогтод хандаж “Хэдхэн цаг үлдлээ. Тэсэн ядан хүлээж байна. Чи ялах ёстой. Ялахгүй байсан ч чи бол Монгол үндэстний баатар. Чамаар Их Монгол Улсын иргэн бүр бахархаж байна”, “Төрийн дуулал маань эгшиглэвэл ямар гоё вэ. Бүр нулимс гарах нь гэж бодсон чинь” “Олимпын тэнгэрт Монголынхоо далбааг мандуулаарай” “Миний ээж чиний төлөө долоон бурханд сүү өргөсөн шүү” “Тэд бишрэг, чамайг бас миний Монголыг” “Монгол хүн ямар хүчтэйг харуулаад өг” “Чамайг алт авна гээд төрийн далбаагаа бэлдчихсэн байгаа” гэх зэргээр уншиж дуусамгүйгээр цааш үргэлжилжээ. Үнэхээр ялна хэмээх итгэл олон хүнд байсан тул олон хүн баяр тэмдэглэх зүйлсээ бэлдэж, зарим хэвлэлийнхэн ялсан гэх мэдээг нь урьдчилан бэлдсэн байлаа. Энэ тоглолтыг үзэхийн тулд ажилчдаа эрт тарааж, гэртээ эртлэн ирсэн нь ч олон байв. Харьж амжихгүй байж магад гээд ажлынхантайгаа дэлгэцийн өмнө суугсад ч цөөнгүй байлаа. Найман цагийг хүлээсэн хүлээлт үргэлжилсээр. Сэтгэлийн үгс хөвөрсөөр. Ард чинь Монголын ард түмэн чинь цугтаа дэмжиж байгаа. Чи рингэн дээр ганцаараа биш хоёр сая 700 мянгуулаа байгаа… ЧИ ЧАДНА АА. АЛТАН ЖААЛ минь