Замаа соль, эсвэл даргаа соль

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

Замаа соль, эсвэл даргаа соль

“Шинээр баригдаад байсан байшин нурж энэ хэргийн буруутанг олох шүүх хурал болж байна.

Тоосгыг буруутгав: -Чамаас л болж энэ байшин нурлаа. -Би ямар ч хамаагүй ээ, Би бүр чанарын тэмдэгтэй шүү. Элсийг буруутгав:

-Чамаас л болж энэ байшин нурсан байна.

-Надад ямар ч хамаагүй ээ. Намайг зуурсан хэмжээгээр нь л байсан. Цементийг буруутгав:

-Ерөөсөө чамаас болж энэ байшин нурсан байна.

Цемент: -Хүүе болиод өгөөрэй. Тэгж яривал би тэнд чинь огт байгаагүй”
 
Өнөөдөр энэ онигоо бодит зүйл болж байна. Хаа сайгүй зам эвдэрч, нүх ховил үүсч буйн буруутан нь олдохоо байв. Машин эвдэрч, түгжрэл үүсч, осол гарч байгаагийн буруутан хэн бэ?

Хийхээс илүү хийж байгаа харагдах нь амархан

Төрийн ордны хажуугийн зам Офицерийн ордны тойргийн замын аль нь илүү эвдрэлтэй байсан бэ?

Хариултыг нь бараг бүгд мэдэж байгаа. Бараг засаад байх зүйлгүй ч гэсэн ордны хажуугийн замыг хааж чамбай гэгч нь замыг нь засварласан. Харин одоог хүртэл Офицерийн ордны зам машины эд анги эвдсээр олны бухимдлыг төрүүлсээр л байгаа. Хотын удирдлагууд зам засах ажлаа хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал дурын таксины жолоочийг зогсоогоод асуухад хэлээд өгнө. Дулаахан өрөөнд цаасан дээр зам засварын ажил төлөвлөж суухын оронд гараад дурын чиглэлийн автобусанд суугаад гэр хороолол руу яваад үз, хийх ажлаа олно. Гэвч ингэж ажилладаг дарга үгүй бөгөөд замын ажлын чанар, үр дүнд анхаарахаас илүү тоо, ажлын үзүүлэлтэд анхаарлаа хандуулах болжээ.

Өнгөрсөн онд зам засварын ажилд нийт 67 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн ба үүнд улсын төсвөөс 1,8 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 7,6 тэрбум төгрөг, нийслэлийн замын сангийн 9,4 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна. Энэ онд мөн ойролцоо мөнгөөр зам засахаар болж.

Тодруулбал, 2012 онд нийслэлд 435 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Үүнээс зам засварын ажилд 70 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд зарим ажлын гүйцэтгэл, тендер шалгаруулалтаас шалтгаалан хөрөнгө мөнгө өөрчлөгдөж болзошгүй байгаа аж. Мөн дээрээс нь Хөгжлийн банкны санхүүжилт зэргийг оруулан тооцвол энэ онд нийт 114,8 тэрбум төгрөгийн ажил хийхээр батлагдсан аж. Гэвч өнгөрсөн жил зассан замын нэлээд нь дахин засахаас өөр аргагүй болж, мөн үед яригдаж байсан асуудлууд дахиад л давтагдаж байна.

Зурагтаас Баянхошуу өгсдөг, Баянбүрдээс хороолол руу явдаг, 21-р хорооллоос Таван шар хүртэлх, 13-р хорооллын шинэ зам, Сансарын шатахуун түгээх станцаас Дарь эхийн хуучин эцэс гэхчилэнгээр өнгөрсөн жил их засвар хийж, шинээр тавьсан замууд өнгөрөгч хэд хоногын бороонд бүгд эвдрээд жилийн өмнө зассан гэж хэлэхээргүй болж. Гэтэл ус зайлуулах хоолой хийхийн оронд энэ жил замын хажуугийн хүрээ брожурыг сольсоор зуныг барсныг нийслэлийнхэн бүгдээрээ харсан. Ингээд зам дээр ус тогтоох “үүргээ” амжилттай биелүүлсний ачаар өнгөрөгч өдрүүдийн бороо замыг сайн гэгч нь эвдсэн.

Хотын замд хурд сааруулагч хэрэггүй

“Жилийн газрыг сараар, сарын газрыг өдрөөр туулаад” гэх үгс үлгэрт гардаг байлаа. Сүүлд хөдөлгүүрт авто техник хэрэглэх болсон үед мөн л бахархалтайгаар хэрэглэгдэж байсан гэдэг. Гэвч өнөөдөр өнөөх бахархам сайхан техникийн ололт болсон машинтайгаа минутын газрыг цагаар, цагийн газрыг өдрөөд туулах нь холгүй болов. Ийнхүү түгжрэх шалтгааны нэг нь өнөөх замын чанар. Хотын замд хурд сааруулагч хэрэггүй. Тэртэй тэргүй тэр чигтээ хурдан явах ямар ч боломжгүй болж. Машинтай найз маань “Зам тээврийн яамыг шүүхэд өгөхсөн. Сарын өмнө таван зуун мянгаар янзлуулсан машин маань энэ замын нүхнүүдээс болж эвдрээд дахиад янзлууллаа” гэж халаглана. Энэ бол машин унадаг бүх хүний нийтлэг зовлон. Статистик үзүүлэлтээс харвал замын нөхцөлөөс шалтгаалан гарсан осол өнгөрөгч оныхоос улсын хэмжээнд долоо дахин, нийслэлийн хэмжээнд 14 дахин өсчээ. Үнэхээр газар дээрээ жолооч нар нүх тойрох гэж байгаад хажуугийн машинтайгаа мөргөлдөх, гэнэт зам эвдэрснийг харж огцом зогсолт хийснээс болж осолдох нь өдөр бүхэн таардаг энгийн үзэгдэл болоод байна. Өөрөөр хэлбэл замаар зорчино гэдэг нь уураа барах, бухимдах нэг шалтгаан боллоо.

Замаа сайжруулж чаддаггүй даргыг сайжруулья

Улаанбаатард усанд автдаггүй ганцхан зам байдаг нь арав гаруй жилийн өмнө япончуудаар тавиулсан Нарны зам. Харин монголчуудын тавьсан зам сарын дараа үйрч, цаг орсон бороонд урсаад алга болдог. Замынхаа өргөн, өндөрөөс нь зэрэг зэрэг мэрж “идээд”, ус зайлуулах төхөөрөмжөө хүртэл хэмнээд барьчихаж байгаа юм чинь яаж эвдрэхгүй байх юм. Тиймээс нийслэлчүүд одооноос “Монголчуудаар зам хийлгэхээ больё. Гадныханд мөнгийг нь өгөөд тэднээр хийлгэе” гэж байна. Мэдээж энэ бол үндсэрхэг үзэлтнүүдэд таалагдахгүй үг. Гэвч арга ядсан хүмүүс ингэж хэлж байна. Хэдий болтол “хүний нохой идэхээр, өөрийн нохой идэг” гэж хамаг мөнгөө ажил хийж чадахгүй арчаагүй нөхдөд барьчихаад, хариуд нь өөрсдөө там болсон зам дундуур туучиж явах билээ. Шуудхан хэлэхэд ажлаа хийж чаддаггүй менежерийг амбаардаж чаддаг тогтолцоо хэрэгтэй. Тендер зарлах, зам засах компани шалгаруулах, гэрээ байгуулах зөвшөөрлийг яамнаас авах, гүйцэтгэгчээр ажлыг нь гүйцэтгүүлэх, шалгаад стандартыг хангасан байвал хүлээж авах, хоёр жилийн хугацаанд эвдрэл гарвал гүйцэтгэгчийн хөрөнгөөр засварлуулах. Энэ бол ерөнхийдөө зам засах, тавих дараалал. Үүний хаана нь алдаа гарснаас болж бид шаардлагад нийцэхгүй замтай болж байна вэ. Үүнд дарга хариулах ёстой.

Нэг нь замын компанийн нэрээр тендер авдаг, энэхүү зөвшөөрлөө өөр компанид зардаг, харин худалдаж авсан нь тендерт ирүүлж байсан шиг техник хэрэгслээр биш хүрз, трактор төдийхэн, хямд төсөр материалаар замын ажлыг гүйцэтгээд л. Мэргэжлийн хяналт нь хүлээж аваад л. Харин сүүлд нь асуудал гарахад хариуцах эзэн нь олдохгүй давхар гэрээ ярьж, бурууг өөр нэгэнд тохоод л. Эцэст нь бороо усанд бурууг өгч дахин өөр компаниар засуулаад л. Зам засна гэдэг дахиад л түгжрэлийн шалтгаан. Хэдэн сар, хэдэн долоо хоногоор зам хаасны хэрэг гарахгүй. Замыг ингэж удаан хааж байгаа юм чинь чанартай барьж болдоггүй нь хачирхалтай. Хаагаад барьж буй байдал нь яг л яст мэлхийн хурдтай. Ганц машинаа хүлээсэн ажилчид хууч хөөрөөд л. Ганц зүйл дутаад байгаа, тэрийг авчрахаар ажилдаа орцгооно гэж суугаад л. Хүрз, жоотуугаа дундаа хэрэглэх нь холгүй хэдхэн ажилчин, ямар зохион байгуулалтаар ажлаад буй нь ойлгогдохооргүй хэдэн бөөгнөрсөн хүн. Бүтэн сарын турш түжигнүүлснээс ганц хоёр хоног оволзуулаад дуусгачихаж чадахгүй байгаа нь анхнаасаа зөв компаниар ажил гүйцэтгүүлж чадахгүй байгаатай холбоотой. Яах вэ, Монголд л ганцхан бороо орж байгаа бол буруутнууд байгалийн үзэгдэл рүү чихэхийг нь зөвшөөрч болох л юм.

Уг нь зам засварын ажлыг хаягжуулья, хэн гэдэг компани хаана зам засч байгааг нь тодорхой байлгая, замын ажлын эхлэл төгсгөл хоёр дээр компанийн нэр хаяг тодорхой байя, эхнийхээ замыг чанаргүй хийсэн, хэрэглэгчдээс гомдол гаргасан бол дараагийн удаа тухайн компаниар ажил гүйцэтгүүлэхээ больё гэдэг шаардлагыг хэдэн жилийн өмнөөс тавиад, ганц нэг компани ажилчдынхаа хувцас, засч байгаа замынхаа уулзвар дээр өөрсдийн хаяг адресаа тавиад эхэлж байсан юм. Гэтэл Монголын хууль гурав хоног гэдэг болж удаах жилээс нь энэ хаягжуулалт байхаа больсон. Бодвол өмнө зассан замаасаа болж овоо олон хүнээс хараал сонссон учраас компаниуд нүүрээ нуугаад эхэлсэн биз. Хөгжлийн хөтлөгч нь зам байдаг гэдэг. Гэвч манайханд зам тавьж байгаа үндэсний компаниуд ч, тэднийг хөлсөлж ажиллуулж байгаа дарга нар нь ч монголчуудыг хөгжилд хөтлөхөөсөө өнгөрсөн юм байна. Тэгэхээр замаа солих уу, дарга нараа солих уу гэдэг дахиад  нэг асуулт тулгарлаа…

Хэн хариуцлага хүлээх вэ?

Монголд замын стандартгүй биш стандарттай. Журамгүй биш журамтай. Хуульгүй биш хуультай. Хяналтын байгууллагагүй биш байгууллагатай. Гэвч хариуцлага хүлээдэг хүн олддоггүй. Шинээр барьсан замын баталгаат хугацааг өнгөрсөн жилээс эхэлж хоёр жил болгож өөрчилж баталгаат хугацаанд зам эвдэрч, цоорвол гүйцэтгэсэн компани өөрийн хөрөнгөөр эргэж засварлах журам гарсан. Гэвч зам нь жилийн насгүй, засвар нь сарын насгүй. Энэ бүхний буруутанг олж хариуцлага хүлээлгэсэн тохиолдол өнөөдрийг хүртэл үгүй. Хуулийн дагуу замын тендерт саналаа ирүүлсэн компаниудаас бага үнийн саналтайг нь сонгосны буруу юу. Авто замын компаниуд мэргэжлийн инженер багатайн буруу юу. Хамгийн хямд материал ашигладаг нь буруу юу. Улсын комисс стандарт хангасан хэмээн хүлээж аваад ашиглалтад оруулж байгаа нь буруу юу. Амархан исэлдэмтгийгээс эдэлгээ муу байдаг асфальтны холбогч болох битумны буруу юу. Инженерчлэлийн алдаа байна уу, эсвэл энэ бүхнийг зохион байгуулж буй бүтцэд алдаа байна уу. Эсвэл өвөлд зам дээрх дагтаршсан цасыг арилгах гэж хүрзээр нүддэг хот тохижилтынхны буруу юу. Хүнд даацийн машинуудаас болов уу. Хэн байшинг нураав гэдэг шиг энэ асуултад хариулах хүн байна уу?

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж