ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.13-нд нийтлэгдсэн

ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэнэ

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд ажлаа хүлээн авч, Засгийн газрын гишүүдтэй уулзан цаг үеийн асуудлаар ярилцсанаар шинэ Ерөнхий сайдын  ажил эхэллээ. Сайд нарыг хүлээн авч уулзан тухайн салбарт тулгамдаж байгаа болоод анхаарах ямар асуудал байгаа талаар санал солилцсон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн уулзалтууд үргэлжилсээр байна. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг хүлээн авч уулзах үеэрээ Ерөнхий сайд шинэ хотын даргатай Ардчилсан намаас Нийслэлийн сонгуульд дэвшүүлсэн “5А” хөтөлбөр болон нийслэлд өрнөж буй зам засварын ажил, өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангах талаар ярилцаж, цаг үеийн байдалтай танилцсан юм.

Сүүлийн үед иргэдэд олгох Хүний хөгжил сан, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох мөнгө, зам засварын төсөв тасалдах зэрэг олон асуудал тулгарч буй. Энэ дагуу Ерөнхий сайд Хөгжлийн банкны удирдлага, Сангийн яамны холбогдох хүмүүстэй уулзжээ. Уулзалтаар хэд хэдэн асуудлыг хөндсөн бөгөөд бүтэн сар гаруйн хугацаанд шийдэгдэхгүй удааширч, иргэдийн бухимдалыг бараад байгаа зам засварын асуудлыг яаралтай шийдэхийг холбогдох хүмүүст нь даалгажээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улаанбаатар хотын замыг засварлахад шаардлагатай байгаа 100 гаруй тэрбум төгрөгийг ирэх хоёр өдөр гэхэд шийдэхийг тэдэнд үүрэг болгосон байна. Ийнхүү зам гэж там болсон Улаанбаатар хотын замын асуудал шинэ Ерөнхий сайдтай болсоноор шийдэгдэх боломжтой боллоо. 

Мөн тэрээр Хөгжлийн банкны удирдлагуудад өдөрт 120 сая төгрөгийн хүүгийн алдагдалд орж байгаа асуудлыг нэн даруй зогсоохыг ч үүрэг болгосон. Хөгжлийн байгуулагдсанаасаа хойш 600 гаруй төгрөгийн бонд гаргасан ч бондын орлогоор санхүүжүүлэх ажил тодорхойгүй байгаагаас өдөрт 120 сая төгрөгийн хүүгийн алдагдагд орсоор хэдэн сарын нүүр үзэж байгаа юм.

Шинэ Ерөнхий сайд томилогдсоноор Засгийн газрын бүтэц тодорхой болох учиртай. Тэрээр УИХ-д Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн барьсанаар эл асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Өнгөрсөн пүрэв гаригт шинэ Ерөнхий сайд томилогдсоны дараа гишүүд энэ хуулийн төсөл дээр ажиллаж байгаа гэсэн тайлбарийг өгч байгаа. Уг хуулийн төслийг өнөөдрөөс УИХ дахь нам, эвслийн бүлэг, байнгын хороодоор хэлэлцэж эхлэх аж. Тэндээс шинэ Засгийн газар хэдэн яам, хэдэн сайдтай байх нь тодорно. Нэгэнт Ерөнхий сайд Н.Алтанхуяг тамгаа гардаж ажилдаа орсон тул Засгийн газар байгуулах ажил шуударч байна. 

Засгийн газар одоогоор 11 яам, 13 сайдтайгаар үйл ажиллагаа явуулж буй. Харин шинэ Засгийн газрыг 16 яам, 19 сайдтайгаар ажиллуулахаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах талаар  улс төрийн хүчнүүд ярьж буй. Хэрэв яамдын тоог нэмэгдүүлэх, үүрэг чиглэлийн дагуу тусгаарлах, нэгтгэх шаардлагатай гэж үзэж байгаа бол орон тоо болон бусад бүтцэд өөрчлөлт оруулахгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг эх сурвалжууд хэлж буй. Өөрөөр хэлбэл, шинэ яам бий болсноор сайд, дарга нарын тоо нэмэгдэж төсөвт дарамт учруулна гэсэн хардлага үгүй болно гэдгийг тэд хэлж байгаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж