17-хон настайдаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, Монголын ширэн бээлийтнүүдийн амжилтыг дэлхийн тавцанд тахалж байсан Гавьяат тамирчин Нямбаярын ТӨГСЦОГТ Лондонгийн олимпийн өрсөлдөөний талбарт монгол түмний бахархах учиртай баатар нь байлаа.
Анхны олимпдоо оролцсон залуу гавьяат Лондонгийн рингэнд тулаан бүртээ ялалт байгуулж, өрсөлдөгч болгоноо ялсаар олимпийн наадмын хамгийн сүүлийн өдөр аваргын төлөөх тулаанд боксын өлгий нутаг гэгдэх Кубын тамирчинд ялагдал хүлээлээ. Гэхдээ тэр Монголын спортын түүхэнд хамгийн залуу олимпийн медальтан. 1992 оны зургадугаар сарын 23-нд төрсөн тэрбээр ийнхүү 20 нас
50 хоногтойдоо олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байгаа юм.
“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлсөн тэрбээр аваргын төлөөх шийдвэрлэх тулаанд Кубын тамирчин Робейси Рамирез Карразанад 14-17 (5-6; 4-4; 5-7) харьцаатай ялагдал хүлээв. Карразана нь энэ жил 19 настай, солгой гартай, 2010 оны Сингапурын өсвөрийн олимпийн аварга, өнгөрсөн жилийн Пан Америкийн аваргад түрүүлсэн, Бакугийн дэлхийн аваргаар шөвгийн 16-д ОХУ-ын боксчин Миша Алоянд ялагдсанаар тэмцээнээ дуусгаж байсан чамгүй хүчтэй өрсөлдөгч байлаа. Ерөөс олимпийн талбарт сул өрсөлдөгч гэж үгүй. Дэлхийн долоон тэрбум хүнээс шигшигдсэн тэднийг ялж, дийлж, аваргын төлөө тулалдана гэдэг агуу амжилт.
Үнэндээ Н.Төгсцогтын учраа болгон хатуу, тулаан бүр хүнд байсан. Бакугийн дэлхийн аваргын рингэнд таарахдаа ялагдаж, олимпийн эрхээс мултарч байсан Азербайжаны боксчин түүний эхний өрсөлдөгч байв. AIBA /Олон улсын сонирхогчдын боксын холбоо/-гаас санаачлан зохион байгуулсан “World Series of Boxing” буюу Дэлхийн лиг гэгдэх хагас мэргэжлийн боксын тэмцээнд “Баку Файерс” багийн бүрэлдэхүүнд хамт бэлтгэл хийж байсан Элвин Мамишзадаг Н.Төгсцогт 18-11 (4-5; 7-3; 7-3) харьцаатай буулган авснаар ялалтын буухиагаа эхлүүлсэн. Улмаар Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт, Италийн тамирчин Винчензо Пикардиг 17-16 (4-6: 6-4; 7-6) харьцаатай, дараа нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Узбекистаны тамирчин Ясурбек Латиповтой нударга зөрүүлж, 15-10 (4-5; 5-3; 6-2) харьцаатай онооны давуугаар ялалт байгуулж, медалийн тавцанд гарах эхний алхмаа хийсэн юм. Ингээд хагас шигшээд ОХУ-ын боксчин Миша Алоянтай тулалдсан тэрбээр өрсөлдөгчөө 15-11 (6-4; 5-4; 4-3) харьцаатай буулган авснаар медалийн өнгөө хувиргаж, аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. 2011 оны дэлхийн аварга, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга гээд цол гуншин арвинтай түүнтэй Н.Төгсцогт өмнө нь Миланы рингэнд таарахдаа хожиж байсан юм. Ингээд шигшээ тулаанд Кубын боксчинд ялагдлаа.
Гэхдээ тэр нас залуу, цус шингэн. Дахиад хоёр ч олимпийн наадам түүний өмнө бий.
Монголын ард түмэн Н.Төгсцогтоор бахархаж байна.
Видеог ЭНД дарж үзнэ үү.