“Баянхонгор бага олимп”-ийн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2012.08.12-нд нийтлэгдсэн

“Баянхонгор бага олимп”-ийн эргэн тойронд

“Баянхонгор
бага олимп-2012” наймдугаар сарын 10-12-ны хооронд гурван өдрийн турш
үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа. 2008 онд Бээжингийн олимптэй зэрэгцэн
анх удаа зохиогдож байсан уг бага олимп энэ жил хоёр дахь удаагаа
Лондонгийн олимпиос буухиа аван, Баянхонгорын тэнгэрт бамбараа асаасан
юм. Бага олимп хэдийгээр орон нутгийн хэмжээнд зохиогдож байгаа ч
Баянхонгорын тамирчдын чансааг сорин, хүч, оюуныг нь уралдуулан
амжилттай болж өндөрлөлөө. Өнөөдөр орой 20.00 цагт тус аймгийн Төв
цэнгэлдэхэд “Баянхонгор бага олимп 2012”-ын хаалтын ёслол болох юм.

“Баянхонгор
бага олимп-2012”-д тус аймгийн 20 сум, есөн багийн 816 тамирчин жүдо,
чөлөөт бөх, волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, хүчний гурван
төрөлт, үндэсний бөх, буухиа гүйлт гэсэн есөн төрөлд өрсөлдөн шилдгүүдээ
тодруулсан бөгөөд нэмэлтээр хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээнийг зохион
байгуулж, аваргаа шалгарууллаа.

Сагсан бөмбөг

“Баянхонгор
бага олимп-2012”-ын хоёр дахь өдөр буюу өчигдөр сагсан бөмбөгийн төрөлд
тус аймгийн 20 сум, есөн багийн эрэгтэй 30 баг, эмэгтэй 30 баг хоёр
өдөр өрсөлдөн өнөөдөр аваргаа тодрууллаа. Сагсан бөмбөгийн
эрэгтэйчүүдийн төрөлд аваргын алтан медалийг нэгдүгээр багийн тамирчид,
мөнгөн медалийг “Хамо” баг, хүрэл медалийг Эрдэнэцогт сумын баг тамирчид
хүртсэн юм. Харин бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг
тавдугаар баг, мөнгөн медалийг долдугаар баг, хүрэл медалийг нэгдүгээр
багийн тамирчид тус тус хүртсэн юм. Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах
тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр бүх оддын холимог багийн нөхөрсөг
тэмцээн болж, “Лондон-2012” олимпийн хүрэл медальт, ОУХМ С.Ням-Очир,
Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ М.Уранцэцэг,  ОУХМ П.Лхамдэгд,
Гавьяат тамирчигн Х.Болдбаатар болон аймгийн цолтой бөх, жүдо, чөлөөт
бөхийн тамирчид, UBS телевизийн хөтлөгч Э.Гантулга, дуучин A Cool, бага
олимпийг сурвалжилж буй хэвлэл мэдээллийнхэн оролцон тоглолоо. 

Ширээний теннис

Бага
олимпийн ширээний теннисний төрөлд эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрт 30
тамирчин нийт 60 тамирчин ганцаарчилсан болон холимог хосын төрөлд
найман хэсэгт хуваагдан хасагдах зарчмаар хоёр өдөр өрсөлдөж, өчигдөр
аваргаа шалгарууллаа.

Холимог багийн төрөлд алтан медалийг
нэгдүгээр багийн тамирчин, спортын дэд мастер Б.Сийлэгмаа, спортын дэд
мастер Н.Мөнх-Оргил, мөнгөн медалийг Эрдэнэцогт сумын тамирчин спортын
мастер Б.Эрдэнэсувд, Б.Тэмүүлэн, хүрэл медалийг Шинэ жинст сумын
тамирчин Г.Бат-эрдэнэ, Б.Нямсүрэн нар авлаа.

Харин
эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг Р.Маргад, мөнгөн медалийг
М.Мөнх-оргил, хүрэл медалийг Г.Бат-Эрдэнэ нар хүртсэн юм. Түүнчлэн
эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг спортын мастер Б.Эрдэнэсувд, мөнгөн
медалийг Б.Сийлэгмаа, хүрэл медалийг Б.Батдэлгэр нар авлаа.
Эмэгтэйчүүдийн төрөлд алтын төлөө ширүүхэн тулаан болсон бөгөөд Биеийн
тамир спорт хорооны газрын дасгалжуулагч, спортын мастер Б.Эрдэнэсувд
өөрийн шавь Б.Сийлэгмаатай тоглон ялалт байгуулсан юм.

Жүдо

Бага
олимпийн жүдо бөхийн төрөлд 20 сум, есөн багийн 236 тамирчин
эрэгтэйчүүдийн -66 кг, -81 кг, -100кг, +100 кг-ийн жинд, эмэгтэйчүүдийн
-52кг, -63 кг, +63 кг-ийн жинд өчигдөр, өнөөдөр хоёр өдөр өрсөлдөн
өнөөдөр дүнгээ гаргалаа. Жүдо бөхийн шүүгчээр Улаанбаатар хотоос олон
улсын 12 шүүгч, орон нутгийн хоёр шүүгч ажилласан юм.

Эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд:

Бадмаа-алт
Тамжидмаа-мөнгө
Мягмарсүрэн, Хандмаа-хүрэл

Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд:

Эрхбаяр-алт
Түвшинтөгс-мөнгө
Мөнхбат, Дэлгэрсайхан-хүрэл

Эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд:

Дагвадорж-алт
Цэрэндэрэм-мөнгө
Батдорж, Галдмаа-хүрэл

Эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд

Энхбуян-алт
Маралмаа-мөнгө
Батчулуун, Жавзандулам-хүрэл

Эмэгтэйчүүдийн +63 кг-ын жинд

Түмэнжаргал-алт
Долгоржав-мөнгө
Батнасан, Уранчимэг-хүрэл

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд

Цэрэнтогтох-алт
Бат-амгалан-мөнгө
Уудамхүү, Эрдэнэмөнх-хүрэл

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд

Бат-Орших-алт
Буянмөнх-мөнгө
Бат-Ирээдүй, Эрдэнэхүү- хүрэл медалийн эзэд боллоо.

Хүчний гурван төрөлт

Бага
олимпийн хүчний гурван төрөлт нийт 50 гаруй тамирчид +75 кг, -75 кг-ийн
жинд газраас, цээжнээс, суултаар өргөх гэсэн гурван төрөлд эр бяраа
үзсэн юм. Өчигдөр болж өнгөрсөн уг тэмцээнд улсын аваргын медальт
тамирчин болон үндэсний бөх, хүчний гурван төрөлтөөр хичээллэдэг
тамирчид өрсөлдсөн юм. +75 кг-ын жинд Б.Мөнхтүшиг үндэсний бөхөөр
барилддаг ба спортын энэ төрөлд анх удаа өрсөлдөж байгаа хэдий ч 270
кг-д сууж, алтын болзол хангасан юм. Мөнгөн медалийг С.Бат-Ирээдүй,
хүрэл медалийг М.Батцэнгэл нар хүртлээ. Хүчний гурван төрөлтийн -75
кг-ийн жинд алтан медалийг Богд сумын тамирчин Б.Гансүх, мөнгөн медалийг
Баян-Өндөр сумын тамирчин Э.Сувджамц, хүрэл медалийг “Хамо” багийн
тамирчин Ч.Цэрэндорж нар хүртлээ.

Буухиа гүйлт

Буухиа
гүйлтийн төрөлд нийт 30 багийн 120 тамирчин өрсөлдсөн юм. Тамирчид хоёр
өдөр өрсөлдөн өнөөдөр дүнгээ гаргалаа. Буухиа гүйлтийн төрөлд алтан
медалийг нэгдүгээр баг, мөнгөн медалийг дөрөвдүгээр баг, хүрэл медалийг
Бууцагаан сумын баг тамирчид тус тус хүртлээ.

Шатар

Бага
олимпийн шатрын төрөлд 20 сумын 60 оролцогч швейцарь системээр гурав
хоногийн турш өрсөлдөн өнөөдөр дүнгээ гаргалаа. Шатарчид эхний өдөр
таван өрөг, өчигдөр гурван өрөг нүүн өнөөдөр сүүлийн өргөө тавин
шилдгүүдээ нэрлэлээ. Швейцари системээр буюу хожсон нь хожсонтойгоо
тоглох зарчмаар явуулж байгаа энэ удаагийн шатрын тэмцээнд  хамгийн
залуу оролцогч 11 настай хүү бол хамгийн ахмад оролцогч 80 настай
спортын мастер байлаа. Анх дөрвөн жилийн өмнө бага олимпийн шатрын
төрөлд 27 хүн оролцож байсан бол энэ удаа 60-д хүрч өссөн ба спортын
мастер нэг, дэд мастер тав өрсөлдөж байна. Эрэгтэйчүүдийн төрөлд алтан
медалийг долдугаар багийн тамирчин Я.Бүрэндэлгэр 7.5 оноогоор эзэлсэн
бол мөнгөн медалийг нэгдүгээр багийн тамирчин Ц.Одонгэрэл 7.0 оноо,
хүрэл медалийг наймдугаар багийн тамирчин Л.Хонгорсүрэн 7.0 оноогоор
хүртлээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд алтын болзлыг наймдугаар багийн
тамирчин Ш.Норов 7.5 оноо, мөнгөн медалийг хоёрдугаар багийн тамирчин
Ж.Мэнд-Амар 7.0 оноо, хүрэл медалийг Богд сумын тамирчин Л.Пүрэвлхам 6.5
оноогоор тус тус хүртсэн юм.

Бага олимпийн бэлгэ тэмдэг “Мазаалай”

Энэ
удаагийн “Баянхонгор бага олимп-2012” наадмын бэлгэ тэмдэг говийн
ховордсон амьтан болох мазаалай байлаа. Тиймдээ ч бага олимпийн наадмын
алт, мөнгө, хүрэл медалийг мазаалайн чихмэл дагалдаж байгаа юм. Мөн энэ
удаагийн наадамд зориулан “Баянхонгор бага олимп 2012” наадмын алтан
медалийн загвар бүхий жижиг алтан зоосыг гаргасан бөгөөд наадмын зочид
төлөөлөгчдөд бэлэглэсэн юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж