Говь-Алтай аймгийн мэргэжлийн хяналтын газраас Алтайгаас- Баянхонгор чиглэлд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй 128 км хатуу хучилттай авто замын ажлын явц, чанарт улсын байцаагчид хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар багагүй зөрчил илэрсэн байна. Үүнээс дурдвал, зураг төслийн “Ай-Си- Ти Консалтинг сайн” ХХК-ийн 2010 онд боловсруулсан Харганы худгаас-Дэлгэр сумын чиглэлийн 92 км авто замын даланд үерийн усны улмаас эвдрэл их гарсан. Мөн 2011 онд баригдсан зарим ус зайлуулах байгууламжийн ус оруулах амсар битүүрч шороонд дарагдсан. Авто замын ус зайлуулах өөрийн шуудууг стандарт, зураг таслийн дагуу байгуулаагүй, Алтай хотын төвөөс 7 км-т байрлах 30м урттай давуулах даланг стандартын шаардлагын дагуу бариагүйгээс үерийн ус авто замын хучилтыг дагаж урссан байдалтай байжээ.
Мөн замын ажлын усалгаанд Дэлгэр сумын Баянбуурал багийн Хургалж, Лүн, Ламын булгийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр малтаж, хөв байгуулан ашиглаж байсан зөрчил ч илэрсэн байна. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар ажлын гүйцэтгэгч БНХАУ-ын “Шин Жиан Шин-Фа” ХХК болон захиалагчийн хяналтын зөвлөхөөр ажиллаж байгаа “Аварга зам” ХХК-д хугацаатай үүрэг өгсөн байна.
Д.ЖАРГАЛ