Дэлхийн шилдэг спринтерүүдээр багаа бүрдүүлсэн Ямайкийн тамирчид олимпийн хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 4х100 метрийн уралдаанд дэлхийн рекорд эвдэн түрүүллээ. Багийн гол гишүүн Усаин Болт ийнхүү “Лондон-2012” зуны олимпийн гурав дахь медалиа хүртэж байна.
Ямайкийн дөрвөл 36.84 секундын амжилт үзүүлснээр өмнөх дэлхийн рекордыг эвджээ. Энэ төрөлд АНУ-ын тамирчид мөнгө, хүрлийг Тринидад ба Тобаго улсын баг хүртсэн байна. Уг нь Канадын тамирчид шигшээ уралдаанд хүрэл медалийн болзол хангасан ч буухиа уралдааны гурав дахь тамирчин Жаред Коннатон гарааны шугам давж гишгэсэн тул медалиа хураалгажээ.
Ямайкийн тамирчдаас Неста Картер, Майкл Фрейтер нар уралдааны эхлэлийг тавьж, олимпийн 100 метр ба 200 метрт мөнгөн медаль хүртсэн, дэлхийн аварга Йохан Блейк тэргүүлэл авчран, улмаар Усаин Болт төгс амжилтаар буухиаг өндөрлүүлжээ. Наймдугаар сарын 21-нд 26 насны төрсөн өдрийн баяраа тэмдэглэх “Цахилгаан” Болт ийнхүү олимпийн гурван алтаар өөртөө бэлэг барилаа. Тэрбээр дөрвөн жилийн өмнө мөн Бээжингийн талбарт дээрх гурван зай төрөлд түрүүлж байсан билээ.
Усаин Болт ийнхүү Лондонгийн өрсөлдөөнийн талбарт ч дахин од болон гялалзлаа.