Тайгер Вүүдсийн ойрын ирээдүй бүрхэг байна

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Тайгер Вүүдсийн ойрын ирээдүй бүрхэг байна

Дэлхийн номер нэг гольфчин Тайгер Вүүдсийн хүзүүний гэмтэл сэдэрч, шөрмөсний төвгөр гадаргуунд архаг үрэвсэл бий болсон бөгөөд чухам хэзээ гольфын ногоон зүлгэнд эргэн ирэх нь тодорхойгүй байгаа талаар тэрбээр өөрийн вэбсайтдаа бичжээ. Вүүдс уг гэмтлийн улмаас өнгөрсөн долоо хоногийн Players Championships тэмцээнийг орхисон бөгөөд лхагва гаригт Флоридад эмнэлгийн бүрэн үзлэг шинжилгээнд хамрагдаж, дээрх оношийг тогтоосон байна. Тэрбээр “Хүзүүний шөрмөсний холбоосууд үрэвсч, гэмтэхээр тэр хэсэгтээ их зовиуртай болдог. Дээр нь толгой өвдөж, хойшоо, хажуу тийшээ эргэж харахад ч хэцүү байна. Нэгэнт ийм байдалд хүрсэн болохоор одоо биеийн байдалдаа анхаарах шаардлагатай байна. Бие махбодийн хувьд бэлэн болсон цагтаа дахин гольф тоглохоор эргэн ирэх болно” гэжээ.
Физик эмчилгээ, амралт болон эм бэлдмэлийг хослуулснаар уг гэмтлийг эдгээх боломжтой бөгөөд Вүүдс өөрөө чухам хэдийд эргэн ирэхээ хэлж мэдэхгүй байгаа аж. Хувийн амьдралынхаа асуудлаас болж таван сарын хугацаанд их спортоос хөндий байсан Вүүдс энэ улиралд ердөө гуравхан тэмцээнд оролцсон бөгөөд урт хугацаанд хамтран ажилласан түүний дасгалжуулагч Хэнк Ханей саяхан ажлаа орхисон нь Вүүдст мөн том цохилт болсон юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж