Иранд газар хөдөлж, 250 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.12-нд нийтлэгдсэн

Иранд газар хөдөлж, 250 хүн амиа алджээ

Ираны баруун хойд нутгаар өчигдөр орой хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 250 хүн амиа алдаж, 1500 гаруй хүн гэмтэж, бэртжээ. Газар хөдлөлт болох үед харанхуй бүрий болсон байсан тул аврагчдад эрэн хайх ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэлтэй байжээ. Гэхдээ аврагчид одоо болтол чулуу, нуранги доороос хүмүүсийг хайж, аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа аж.

Эхний газар хөдлөлтийн хүчтэй доргилтын дараа Ираны баруун хойд хэсгийн тосгодын олон мянган оршин суугч гэрээсээ гаран зогссон байна. Газар хөдлөлтийн улмаас зургаан тосгон бүрэн сүйрч, үлдсэн 60 гаруй тосгоны 50 гаруй хувь нь эвдэрч сүйрсэн байна. Эхний газар хөдлөлт нь 6.4 магнитудын хүчтэй байсан бөгөөд  Ираны Тебриз хотоос 60 километрийн зайд 9.9 километрийн гүнд болжээ. Харин хоёр дахь хөдлөлт нь 6.3 магнитудын хүчтэй байсан бөгөөд мөн тус хотоос 49 километрийн зайд Варзаган хотын ойролцоо ижил гүнд болсон байна. Варзаган хотын эмнэлгүүд гэмтэж бэртсэн хүмүүсээр дүүрсэн бөгөөд тэдэнд эмчлэх эмч, эм тариа, хоол хүнс хүрэлцэхгүй байгаа аж. Ираны газар хөдлөлтөд өртсөн тосгодоос ойролцоогооор 16 мянга гаруй хүнийг хорогдох газарт шилжүүлжээ.

Сүүлийн үед Иранд хүчтэй газар хөдөлт болох нь ихэссэн бөгөөд өмнө нь 2003 онд Ираны Бам хотод газар хөдлөлт болж, 25 мянган хүн амиа алдаж байжээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж