Нийслэлийн энд тэндгүй замаар хашигдсан хиймэл нуурууд мэлтэлзэнэ. Бага насны хүүхдүүд усны гутал углачихаад баяр хөөртэй гэгч нь тоглон наадах шавар шалбаагтай хиймэл нууруудыг зам тавьдаг ах нар өөрсдөд нь зориулж үйлдвэрлэсэн мэт өдөр шөнөгүй туучиж тоглоод машин тэргэнд дайруулах шахна. Ойворгон зантай жолоочийн үсчүүлж цацсан шалбааганд охидын цагаан даашинз өнгөө өөрчилж борлоно гээд харахад энгийн юм шиг хэрнээ хамгийн эмгэнэлтэй асуудлыг хөндөхгүй, ярихгүй, ийм л байх ёстой юм шиг, ингэж л амьдрах хувьтай юм шиг өнгөрөөж яав ч чадахгүй нь.
Арай гэж зээлээр авсан шинэ машин сарын дараа дуу ороход, Амгалангаас Баянхошуу ороод бөөр өвдөн шаналахад гайхаад байх зүйл алга болжээ. Зам цөмөрлөө л гэх, зам хууларч бороонд урслаа л гэх, эвдэрхий зам тойрох гэж байгаад их хэмжээний осол гарлаа гээд зам тойрсон түм бум асуудал хэзээ жигдэрч, хэл ам татлахгүй болохыг би битгий хэл, бурхан ч мэдэхээсээ өнгөрсөн бололтой. Зам тавигсадын хэлдэг хэдхэн л тайлбар бий. Энэ жил үер их буулаа, хүнд даацын машинууд зам эвдрэхэд гол шалтгаан болж байна гээд л өөрсдөөсөө булзааруулах бүх л аргыг бодож амжина. Тэгвэл худалч хүнд арваад жил болж байгаа ядончуудын тавьсан “Нарны зам” яагаад эвдрэлгүй одоо болтол бүрэн бүтэн байгаад байна вэ?
Овон товонгүй учраас хурдтай давхиж байгаад унтчих гээд байдаг юм гэж жолооч нарын магтан хошигнодог энэ замыг бороо тойрч ороод, хүнд даацын машин дээгүүр нь нисээд өнгөрдөг бололтой хачирхалтай тайлбар өөдөөс өгөх нь сонин. Үлгэр ярьж тендэрт ялчихаад нүглийн нүдийг гурилаар хуурсан замын компаниудтай хариуцлага тооцож, хатуухан ярих цаг ирсэн гэлтэй. Зориулалтын тоног төхөөрөмж багатай компани тендерт ялчихаад 98 хувь нь техникээр бүтэх ажлыг мэргэжлийн бус хүмүүсээр гар ажиллагаа голлон ажиллаад цаг хугацаа алдаж чанар гэгчийг мартаж орхидог. Өөрийн хэтэвч нь л зузаарч байвал улс орны ирээдүй падгүй гэж боддог монгол хүмүүсийн өмнөөс япон инженер санаа нь зовж сонин асуулт асуух юм гэнэ. “Танай хотын замыг барьсан инженерүүд одоо хаана байгаа вэ” гэж монгол залуугаас асуухад монгол залуу “Ажлаа хийгээд л явж байгаа” гэж хариултал, “Шоронд ороогүй юм уу манайд ийм зам тавьсан инженер шууд л шоронд орно” гэж халаглан ярьсан гэх инээхээсээ илүү ичээр яриа гарсан байх юм. Улаанбаатар хот 400-гаад км автозамтай. Энэ жил замын засварт зориулж 114 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Дарь-Эх, Офицеруудын ордны тойрог, “Говь” компаний ойролцоох зам, Баян хошуу, Зүүн салаа гээд харахаар л айж, халдаж ойртмооргүй зам яасан их. Одоогоор нийслэлд арваад зам засвартай байна. 100 айлаас Баянбүрд хүрэх замыг өргөсгөж явган хүний замыг нь нарийсгаж байна. Мөн Сансрын тунель, төв музейн зүүн тал, тээврийн товчоо гээд нилээдгүй зам засвартай байна. Явган хүний замыг багасгаад авто замыг өргөсгөх гэдэг тийм ч оновчтой шийдэл биш санагдана. Машинтай зэрэгцээд дайруулах шахаад л явах юм байх. Гадаадад бол явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй хүний явах зам гээд эхнээс нь зав төлөвлөсөн байдаг гэнэ билээ. Хүүхэд тоглох, хөгшид нарлах талбайг яриад ч хэрэггүй. Одоо харин хаагуур яаж шүү юм машинд дайруулахгүй явах вэ гэдгээ л бодох болоод байна………Үргэжлэлийг Үндэстний Тойм сэтгүүлээс
Эх сурвалж: www.toimsetguul.mn