Өнөөдөр олимпийн сүүлийн өдөр

Хуучирсан мэдээ: 2012.08.12-нд нийтлэгдсэн

Өнөөдөр олимпийн сүүлийн өдөр

Дэлхийн хүн төрөлхтнийг нэгэн дээвэр дор нэгтгэж, хоёр долоо хоногийн хугацаанд дэлхий нийтийн анхаарлын төвд байсан “Лондон-2012” зуны XXX олимпийн наадам өнөөдөр хөшгөө хаах гэж байна.

Дэлхийн 205 орны 10 мянга гаруй тамирчдын өрсөлдөөнөөс шилэгдэж, шигшигдэж гарсан олимпийн медальтнууд төрж, өнөөдөр спортын 10 төрөлд 15 багц медалийн эзэд тодорсноор энэ зуны олимпийн наадам хаах юм. Олимпийн наадамд өрсөлдөх 205 орныг илэрхийлэх 205 ширхэг цэцгийн дэлбээ нэгдэн нийлж, олимпийн галт бамбарыг бадамлуулсан цагаас хойш ийн 16 хоног өнгөрч, дэлхийд шигшигдсэн тамирчид олимпийн талбарт хурд хүч, тэсвэр тэвчээр, өөрт буй бүхнээ сорилоо. Баяр бахдал болоод харууслын нулимс, догдлол, дурсамж, хүлээлт, өөрийгөө, өрөөлийг ялан дийлэх сэтгэл, нутаг нэгт тамирчдаа уухайлж, ялалтын амт, ялагдлын гашууныг хуваалцан суусан гээд спортын хамгийн амьд мэдрэмжийг дэлхий нийтээр мэдэрсэн өдрүүд ийнхүү дуусгавар болох мөч ойртон иржээ.

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын хаалтын ёслолын ажиллагаа өнөөдөр 21.00 цагт /Монголын цагаар 04.00 цагт/ эхэлнэ. Олимпийн нээлтийн ёслолд тамирчид улс улсынхаа далбаан дор жагсан орж ирдэг бол дэлхийн ард түмэн нэгэн цул гэдгийг илтгэн хаалтын ёслолд дэлхийн бүх тамирчид нэгдэж, олимпийн цэнгэлдэхэд жагсан орж ирдэг билээ. Хаалтын ёслолын төгсгөлд олимпийн ариун галыг жаргаана. Грекийн Олимп уулаас эх авсан галт бамбар 2014 онд ОХУ-ын Сочи хотноо дахин бадамлах билээ. Улмаар Лондон хотын захирагч Борис Жонсон олимпийн тугийг зуны 31 дэх удаагийн олимпийн “нийслэл” Рио де Жанейро хотын захирагч Эдуардо Паест гардуулан өгснөөр энэ оны онцлох үйл явдал зуны XXX олимпийн наадам өндөрлөнө.

Монголчуудын олимпийн хагас зууны түүхэнд “Лондон-2012” олон шинэ, сонин тохиол нэмэв. Медалийн чанараа ахиулж чадаагүй ч медалийн тоогоо олшруулж чадсан Монголын тамирчид маань таван медаль хүртээд байна.

Медалийн буухиаг эхлүүлж, ОУХМ С.Ням-Очир жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д хүрэл медаль хүртсэн бол залгуулаад Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртсэнээр Монголын түүхэнд олимпийн анхны хос медальтан болсон билээ. Улмаар чөлөөтийн тамирчдын 32 жилийн хүлээлтийг тайлж, олимпийн хүрэл медаль зүүсэн С.Батцэцэг Монгол Улсын олимпийн медальтай гурав дахь эмэгтэй тамирчин болсон юм. Харин өчигдөр Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ олимпийн боксын рингэнд хүрэл медалиа гардлаа. Гурван олимпийн цикль, найман жилийн хугацаанд байнгын бэлтгэл, формтой байж, үргэлжид өрсөлдөгчдөө эмээлгэх хүчтэй өрсөлдөгч байж чадсан тэрбээр сонирхогчдын боксын тив, дэлхийн чанартай бүхий л тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны ширэн бээлийтэн юм.

Харин өнөөдөр дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт өнөөдөр олимпийн аваргын алтан медалийн төлөө тоглох гэж байна. Монголын олимпчидийн түүхэнд хамгийн залуу медальтан болсон тэрбээр 20.30 цагт боксын эх орон гэгдэх Кубын залуу тамирчинтай нударга зөрүүлнэ. Мөн өнөөдөр эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн болох бөгөөд Гавьяат тамирчин Б.Сэр-Од хурд сорих билээ. Тэмцээн Монголын цагаар 18.00 цагт эхэлнэ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж