-Олимпиадын талаар сонирхуулаач?
-Энэ миний оролцсон олон улсын гурав дахь олимпиад. Өнөө жил нийт 47 орны 316 оюутан оролцсон. Өнгөрсөн жилүүдийнхээс ялгаатай нь Азийн орнууд олон оролцсон. Харин оролцсон оюутны тоо өмнөх жилүүдтэй адилхан байлаа.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгчид чинь аль улсын оюутан байсан бэ?
-Бүгд л хүчтэй өрсөлдөгчид байсан. Нэгэн жигд байсан болохоор яг тэр гээд хэлэхэд хэцүү байна. Медалийн хувьд оноогоор нь жагсааж дүгнэдэг болохоор алт, мөнгө, хүрэл авсан оюутнууд маш олон бий. Манай дээд дамжааны оюутан Б.Еркехулан бид хоёр хүрэл медаль хүртсэн. Мөнгөн медаль хүртэхэд нэг л оноо дутсан.
-Санасан хэмжээндээ хүртэл оролцож чадсан уу?
-Санасныг бодвол харьцангуй муу оролцсон.
-Шүүлт шударга болсон уу?
-Шударга байсан. Өөрөөс шалтгаалсан. Сэтгэл санааны хувьд бэлэн биш, тогтворгүй байснаас их сандарч, түгшсэн. Бодлого бодох үед анхаарлаа төвлөрүүлж, сандрахгүй байх чухал. Олимпиадад оролцож буй орнууд таван хүний бүрэлдэхүүнтэй дотроо багийн ахлагчтай байх ёстой байсан. Харин манайхаас таван хүний өртөг, зардлыг дааж явуулах бололцоогүй байсан учир хоёулаа явсан юм. Хоёулханаа өөр улсын оюутнуудын хамт байх хэцүү байсан. Шинэ газар болохоор орчны бүх зүйлс өөр. Таньж мэдэхгүй хүмүүс, цаг агаар, цагийн зөрүү гээд олон зүйл өөр байсан. Тийм болохоор сэтгэл санааны хувьд тогтворгүй, дасч чадахгүй байлаа. Тавуулаа биш юмаа гэхэд багийн ахлагч байсан бол илүү амжилт гаргах байсан гэж бодогдсон. Бусад орныг харахад багийн ахлагчид нь бусад оролцогчдоо их тусалж дэмждэг юм билээ. Тэгээд ч багийн ахлагч гэдэг ямар ч салбарт хамгийн их үүрэг хүлээж байдаг зайлшгүй шаардлагатай хүн шүү дээ. Дараачийн тэмцээнүүдэд манай орон оролцохдоо энэ асуудал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй юм шиг санагдсан.
-Бэлтгэл сургуулилт хэр хийсэн бэ?
-Бэлтгэл сургуулилтыг хичээлийн хажуугаар байнга шахуу хийдэг байсан. Харин хичээл амраад cap хагасын хугацаанд маш эрчимтэй бэлтгэж эхэлсэн. Биднийг Анализ, математикийн багш В.Адьяасүрэн бэлтгэсэн. Бэлтгэлийн хувьд маш сайн байсан.
-Өмнө нь хэчнээн олимпиадад оролцож, медаль авч байсан бэ?
-Олон олимпиадад оролцсон. Дунд ангид байхаасаа л том жижиг гэлтгүй математикийн төрлийн олимпиад, тэмцээнүүдэд оролцож байсан. Улсынхаас авахуулаад том, жижиг нийлээд 70-100 орчим олимпиадад оролцсон. Медалийн хувьд чамлахааргүй бий. Яг хэд гэдгийг хэлж мэдэхгүй гэхдээ гурван жил дараалж оролцсон энэхүү олон улсын математикийн олимпиадад дараалан хүрэл медаль авлаа.
-Зарим хүмүүс анхаарлаа төвлөрүүлэх өөрийн гэсэн аргатай байдаг. Харин таны хувьд?
-Ямар нэгэн арга гэх зүйл байдаггүй. Олимпиад эхлэхийн өмнө бэлтгэх хугацаа өгдөг. Тэр мөчид бие болон ухаанаа бэлтгэдэг. Яваандаа анхаарал маань өөрөө төвлөрчихдөг. Яг яаж гэдгийг сайн мэдэхгүй. Анхаарлаа төвлөрүүлэх зайлшгүй шаардлагатай болохоор ухамсраараа зохицуулчихдаг байх.
-Анх тоонд яаж сонирхолтой болсон бэ. Хэн нэгэн нөлөөлсөн үү?
-Би анх арван жилийн дөрөвдүгээр ангид байхдаа тооны хичээлийг сонирхож эхэлсэн. Хэн нэгэн намайг энэ чиглэлээр яв гэж зөвлөж, шахаж шаардаагүй. Өөрийн сонирхлоор энэ хичээлд амтшиж эхэлсэн. Манай гэрт надаас өөр тооны шинжлэх ухаанаар явсан хүн байхгүй.
-Арван жил гэснээс өөрийнхөө талаар бидэнтэй хуваалцахгүй юу?
-Би 1991 онд Орхон аймагт төрөөд Дархан хотын, хуучнаар 17 дугаар дунд сургууль, одоогийн Оюуны ирээдүй цогцолбор сургуульд орж суралцсан. Багадаа үеийнхнээсээ даруу, номын хүүхэд байсан. Хичээл ном, тоо гээд арай өөр сонирхолтой байлаа. Арван жилээ төгсөөд МУИС-ийн математик компьютерийн сургуулийн Онолын математикийн ангид орж суралцсан. Ам бүлийн хувьд аав, ээж, дүүтэйгээ хамт амьдардаг. Манай гэр бүлийнхэн Дарханд амьдардаг. Би энд одоо ганцаараа амьдарч байгаа.
-Ганцаараа амьдрахад их зүйл шаардагдана биз?
-Тийм ээ. Их хэцүү шүү. Урьд нь дотуур байранд амьдарч байсан. Гэхдээ өнгөрсөн жилээс байрнаас гарч байр түрээсэлж амьдрах болсон. Маш олон бэрхшээлүүд тулгардаг. Ганцаараа байхад уйдаж, ганцаардаж, хүний орон зай их үгүйлэгддэг. Дээр нь мөнгө санхүүгийн асуудал алхам тутамд тулгарна. Хоол хүнсээс эхлээд л элдэв зардлууд шил шилээ дараад урган гардаг даа. Гэхдээ найз нөхөд минь надад их тус дэм болдог.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Ихэвчлэн найзуудтайгаа өнгөрүүлдэг. Хаяа нэг спортоор хичээллэнэ. Чөлөөт цагаа амралтын маягаар өнгөрүүлэх дуртай даа. Урьд нь чөлөөт цагаараа зоос цуглуулдаг хоббитой байсан. Хичээл, ном гээд цаг зав муутай болохоор зоос цуглуулахаа больсон.
-Хаяа спортоор хичээллэдэг гэсэн. Урлаг спортод хэр сонирхолтой вэ?
-Шатар даам их сонирхдог. Мөн ширээний теннис тоглох дуртай. Урлагийн тал дээр авьяасгүй гэхэд хилсдэхгүй байх. Гэхдээ монгол хүн бүхэн дуучин байдаг гэлцдэг. Ямартай ч өөрийгөө наадамд гурван даваатай найранд гурван дугараатай гэж боддог.
-Та их зарчимч байх?
Тийм шүү. Ер нь аливаа зүйлийг жин тан, алдаа мадаггүй хийх хэрэгтэй гэж боддог. Харин цаг барих тал дээр маруухан.
-Ирээдүйд юу хийхийг төлөвлөж байгаа вэ?
-Одоогоор төлөвлөсөн юм алга. Гэхдээ энэ чиглэлээрээ цааш суралцаж улам гүнзгий мэрэгшихийг хүсдэг. .