БНСУ руу 200 хүн явуулна

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

БНСУ руу 200 хүн явуулна

Энэ сард л гэхэд 200 хүн БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлэхээр алсын замд гарах гэж байна. Энэ сарын 18-нд 60-аад хүн, 25-нд 124 хүнийг БНСУ-руу гэрээт ажилчнаар явуулах аж. Гадаадад ажиллах хүч илгээх төв өнгөрсөн хугацаанд нийт 4380 хүнийг албан ёсоор Өмнөд Солонгос Улсад ажиллуулахаар гаргажээ.
Харин энэ жил БНСУ-д гэрээгээр 3100 ажилчин гаргах болсон. Үүнээс 3000 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт, 100 нь хөргөх үйлдвэрийн салбарт ажиллах ажээ.
Гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэл нөгөөдрөөс эхэлнэ. Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст шалгалтад оролцогчдыг бүртгэх юм байна. Шалгалтын хураамж 26 000 төгрөг ба шалгалт ирэх сарын 27-нд болно. Бүртгэлд ял шийтгэлгүй, БНСУ-д хууль бусаар буюу олны хэлж заншсанаар хараар ажиллаж байгаагүй, албадан саатуулагдаж байгаагүй, Монгол Улсаас гарах эрхээ хасуулаагүй 18-39 насны хүн байна.
Дээрх бүртгэлтэй холбогдуулан анхааруулахад, бүртгэл эхлэх үеэр иргэдийг хууран мэхлэх, залилах хууль бус үйлдэл гарах нь бий. Тухайлбал, бүртгүүлж өгнө, найдвартай явуулж өгнө гэх мэтээр иргэдээс мөнгө авч хохироож болзошгүй. Тиймээс ГАХИТ иймэрхүү хүмүүст итгэх хэрэггүй харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлэхийг зөвлөж байна.
Дээрх байгууллагын зүгээс эмэгтэйчүүдийг олноор бүртгүүлэхгүй байхыг зөвлөсөн байна. Эмэгтэйчүүд ажилд сонгогдох боломж бага ба харин эрэгтэйчүүдийн квотдоо сөргөөр нөлөөлдөг ажээ. ГАХИТ-д жилд 10 000 орчим хүн бүртгүүлдэг ч 30 хувь нь хэлний шалгалтдаа унаж, 30 хувь нь эрүүл мэндийн байдлаас болж тэнцэхгүй хасагддаг гэнэ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж