УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй З.Баянсэлэнгийн бүрэн эрхийг түдгэлзүүлж магадгүй болоод байна. Учир нь З.Баянсэлэнгэ болон МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарыг энэ сарын 14-нд 10.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх тов гарчээ. Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 04-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, улсын яллагч Ц.Хашбаатар тэдэнд 1,2 жилийн ял төлөвлөснөө мэдэгдсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн тэдний хэрэгт нотлох баримт дутуу хэмээн нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан юм. Гэтэл улсын яллагч Ц.Хашбаатар уг шийдвэрийг эсэргүүцэж, зургадугаар сард Нийслэлийн шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ. Энэхүү эсэргүүцлийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, анхан шатны шүүхээр шийд гэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарыг шүүх хурал товлогдсон байна.
Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгэ нарыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчлах үеэр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан шалтгаанаар эрүүгийн хэрэгт холбогдсон юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар буруутгаж буй.
Зоос банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх байсан. Гэвч хурлыг даргалагч шүүгч И.Ганбат сургалтад сууж байгаа гэх шалтгаанаар шүүх хурал энэ сарын 24-ныг хүртэл хойшлогджээ. Өмнө нь улсын яллагчийг сольсон, шүүгдэгч П.Сэлэнгийн өмгөөлөгч н.Оюунбилэг гадаадад ажлаар явсан гэх шалтгаанаар шүүх хурал хойшлогдож байсан юм. Тэднийг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа. Уг хэрэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгасан юм. Гэвч мөрдөн байцаалтын явцад Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарын гэм буруутай нь нотлогдоогүй учир Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийн банкны мөнгө үрэгдүүлсэн хэргийг тусгаарлаж, хэргийг өнгөрсөн зургаадугаар сард хэлэлцээд, зургаан жилийн хорих ял оноосон ч 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан, түүнд оноосон зургаан жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, харин харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ёстой гэж шийдвэрлэсэн билээ. Тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм.
ХЭРЭГ ПРОКУРОРООС БУЦАВ
Налайх дүүргийн "Хаан" банкны салбарт өнгөрсөн хоёрдугаар сарын 03-нд “сурвалжлагч байна” гэж нэвтэрч улмаар хоёр хүнийг буудсан хэрэг гарсан. Тэдний нэг нь сумны шархаа даалгүй нас барсан юм. Энэ аймшигт хэргийг
их хэмжээний өрөө төлөхийн тулд банк дээрэмдэх гэж байсан А.Бат-Ялалт үйлдсэн юм. Улсын мөрдөн байцаах газар дээрх хэргийг шалгаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан юм. Уг хэргийг Нийслэлийн прокурор хянаж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.
Төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр кино найруулагч, СТА Г.Бадамрагчааг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нээс саатуулаад байсан. Түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь дөрвөн сар хөөцөлдсөний эцэст энэ сарын 06-нд батлан даалтад гаргажээ. Учир нь түүний хууч өвчин сэдэрч, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул батлан даалтад гаргаж эмнэлэгт хэвтүүлсэн аж.
Г.Бадамрагчааг ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. ТЕГ-ын албаны эх сурвалж “Г.Бадамрагчааг уран бүтээлтэй нь холбоотойгоор баривчлаагүй. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байсан учир хэрэг үүсгэн, болзошгүй хор хохирлоос сэргийлэх үүднээс таслан зогсоох арга хэмжээ авч, Г.Бадамрагчааг баривчилсан” хэмээн мэдэгдэж байсан. Түүнчлэн уг хэрэгт түүнтэй хамтран ажилладаг арав гаруй хүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа юм.
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярыг ТЕГ-аас шалгаж эхэлсэн. ТЕГ-ын албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад, “Манай байгууллага УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярыг салаавч гаргасан гэж баривчлаагүй. Харин эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж эхэлсэн. Учир нь Авлигатай тэмцэх газар УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярт холбогдох хэргийг шалгаж үзээд, харьяалал тогтоолгохоор манай байгууллагад шилжүүлсэн. Түүнийг төрийн албан хаагчийг үүрэг гүйцэтгэж байх үед заналхийлсэн, хүч хэрэглэсэн хэмээн буруутгаж байна” гэх хариултыг өгсөн юм.
Ч.БАТТУУЛЫН ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГАНА
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг зургаан удаа буудаж хөнөөсөн Ч.Баттуулд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Энэ хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байсан юм. Хэргийг сануулахад, Ч.Баттуул гэгч эмэгтэй нь Жон Мартин Кийнийг “Хамтарч бизнес хийе” хэмээн Монголд авчирсныхаа маргааш буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогийн ойролцоо аваачиж хөнөөн, цогцсыг нь нуусан байсныг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд илрүүлсэн. Түүний үйлдсэн хэрэгт холбогдуулан найз залуу болон ахыг нь шалгасан ч холбогдолгүй нь тогтоогдсон.
1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироосон “Анод” банкны удирдлагуудад холбогдох хэргийг УМБГ- шалгаж эхлээд байгаа. Учир нь энэ хэргийг өнгөрсөн сарын 25-нд Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцсэн юм. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаж үзээд, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарган, УМБГ-т шилжүүлэх тогтоол гаргасан. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтсээс 2008 оны арванхоёрдугаар сарын 10-нд тус банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Тамгын газрын дарга Л.Уламбаяр, нарыг ганц худагт саатуулж Эрүүгийн хуулийн 150,156 дугаар зүйл ангид заасан зүйл ангид буруутгаж, сэжигтэнээр татсан юм. Сүүлийн дөрвөн жил гаруй шалгаж байгаа уг хэрэгт тус банкны болон бусад банкны 14 хүн холбогдон яллагдагчаар татагдсан. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
ХЭРЭГСЭХГҮЙ БОЛОХ НЬ ЭЛБЭГШИЖ БАЙНА
Аймаг, дүүргийн Засаг дарга нар авлигын хэрэгт холбогдон, шалгагдах нь олширлоо. Тухайлбал, Налайх, Багануур, Сонгинохайрхан дүүрэг, Өмнөговь, Дундговь, Ховд, Увс зэрэг аймгийн Засаг дарга нарын хэргийг АТГ болон прокурорын байгууллага шалгаж эхэлсэн боловч дарга нарын хэрэг хууль хяналтын байгуулллагын аль нэг шатанд очин хэрэгсэхгүй болох нь элбэгшиж байна.
Ингээд АТГ-т шалгагдаж байгаа Засаг дарга нарт холбогдох хэргүүдийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбатаас тодрууллаа.
-Хэд хэдэн аймгийн Засаг дарга нарт холбогдох хэргийг танайх шалгаж байгаа. Эдгээр хэрэг шийдэгдэж эхэлсэн үү?
-Аймаг, дүүргийн засаг дарга нарт холбогдох хэргийг манайхаас шалгаж байна. Зарим хэрэг шийдэгдэж эхэлсэн. Хамгийн сүүлд Өмнөговь аймгийн Засаг дарга Д.Бадраад холбогдох хэргийг прокурорт шилжүүлснийг Прокурорын байгууллага хянаж үзээд хэрэгсэхгүй болгосон. Мөн Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваад холбогдох хятадуудтай гэрээ байгуулж, 29.5 сая тонн загасыг тусгай хамгаалалтад байдаг “Хар ус” нуураас бариулсан гэх хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандманьтай холбоотой гомдлыг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Өвөрхангай аймгийн Засаг даргатай холбоотой гомдлыг ч мөн адил шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.
-Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирыг шалгаж эхэлсэн гэсэн үнэн үү?
-Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирыг Газрын тухай хууль, тогтоомжоор тогтоосон журмыг зөрчиж, газар олгосон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Одоогоор энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна.
-Танайд шалгагдсан Засаг дарга нарын хэрэгт анхан болон давж заалдах шатны шүүхээс ял өгдөг ч Дээд шүүхэд очоод хэрэгсэхгүй болчихдог. Энэ ямар учиртай юм бэ?
-Үүнийг Дээд шүүхээс асуух нь зүйтэй байх. Учир нь АТГ шүүх, прокурорын үйл ажиллагаа шийдвэрт хариуцлага хүлээхгүй. Тэрийг бид хянадаггүй. Ямар ч байсан АТГ-аас мөрдөн байцаалт явуулсан эрүүгийн хэргийг прокурор хянаад шүүхэд шилжүүлж байгаа бол хэргийг шалгасан болон хянасан эрх бүхий субьектууд бүгд хэрэг байна гэж харсан гэсэн үг. Мөн шууд прокурор дээр хэрэгсэхгүй болж байгаа хэргийг тэндээс нь асуух зүйтэй болов уу гэсэн юм.
Ингээд сүүлийн үед олны анхаарал татах болсон аймаг, дүүргийн Засаг дарга нарын үйлдсэн гэх хэргийг эргэн сануулъя.
Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт холбогдох хэргийг өчигдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн тэдэнд холбогдох хэрэгт нэмж тодруулах зүйл байна гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Хан-Уул дүүргийн шүүхээс өнгөрсөн тавдугаар сарын 07-нд тэдний гэм буруутай нь нотлогдсон тул ял оноосон юм. Тодруулбал, Засаг дарга Э.Цасчихэрт албан тушаал эрхлэх эрхийг нь хоёр жил хасч, гурван жил хорих ял оноосон. Мөн ИТХ-ын дарга Д.Батсайханд хоёр жил хорих ял оноож, мөн хугацаагаар албан тушаал эрхлэх эрхийг нь хасах шийдвэр гаргасан юм.
Шүүхийн дээрх шийдвэрийг Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан. Хэргийг сануулбал, Э.Цасчихэрийг Увс аймагт улсын төсвийн хөрөнгөөр барихаар шийдвэрлэсэн Нарийний голын 325 м, Тээлийн голын 75.3 м зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая, төрийн албан хаагчдын орон сууцны хөрөнгөөс завшсан, төрийн алба хаагчдын цалинг барьцаалан зээл авсан гэх хэд хэдэн үндэслэлээр АТГ-т шалгасан юм. Харин ИТХ-ын дарга Д.Батсайханыг орон сууцны хөрөнгөөс завшихад оролцсон гэж буруутгасан. Нийслэлийн Прокурорын газраас Э.Цасчихэрийг төрийн албан хаагчдын таван давхар, 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгож 120 гаруй сая төгрөг завшсан гэж буруутган шүүж байсан юм.
ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ
Өмнөговь аймгийн МАН-ын хорооныхон Засаг дарга Б.Бадрааг дөрвөн тэрбум орчим төгрөг шамшигдуулсан гэж үзэж Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Тодруулбал, түүнийг тус аймагт 14 километр хатуу хучилттай зам тендерийг өөрийн хөрөнгө оруулалттай “Далан говь” компанид өгч мөнгийг хувьдаа завшсан. Мөн төсвөөс 180 сая төгрөг хувьдаа завшсан гэж буруутгасан юм. Уг гомдлын дагуу АТГ-аас Б.Бадраад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд байсан юм. Гэтэл прокуророос энэ хэргийг хэрэгсэхгүй болгох болгох шийдвэр гарчээ.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байна. Түүнийг 2006 оноос хойш Нийслэлийн хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа цас хайлуулах бодис худалдан авахад төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая төгрөг завшсан гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн юм. Улмаар Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон, Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч тус шүүхээс Ц.Болдыг буруутгаж буй ялын зүйлчлэл болон учруулсан хохирол нь тогтоогдохгүй байна хэмээн мөрдөн байцаалтад ийнхүү буцаажээ.
ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ
Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хууль бус үйлдэл хийж байгааг эсэргүүцэн тус аймгийн АН-аас мэдэгдэл гаргаж, АТГ-т шалгуулсан. Гэвч АТГ-аас шалгасны эцэст гэм буруутай нь тогтоогдоогүй учир хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна.
Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрийг 320 га газрыг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Жэхуан групп”-т их хэмжээний мөнгөөр зарахыг завдсан байж болзошгүй гэх үндэслэлээр гаргасан иргэдийн гомдлын АТГ-аас шалгасан байдаг. Мөн газрын гэрчилгээ өгөхөөс өмнө урьдчилгаа төлбөр хэрэгтэй гэдгийг ч хэлсэн зэрэг мэдээллээр шалгаж байсан юм. Гэвч мөрдөн байцаалтын явцад дээрх мэдээллүүд тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас Б.Баяндэлгэрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярын хэрэгтэй Сонгинохайрхан дүүргийн шүүгчид танилцаад, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, зүйлчлэлийг тодруулах шаардлагатай гэх үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаажээ. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн бараа, ажил үйлчилгээг тендергүйгээр худалдан авч, танил талынхаа компанид давуу эрх олгосон хэрэгт буруутган АТГ-аас шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан билээ. Хэргийг сануулбал, түүнийг ХХААХҮЯ-наас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 200 сая төгрөгөөр трактор, комбайн худалдан авах эрх олгосныг “Агсу-Алтай” гэх компанид тендергүйгээр 100 сая төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 100 саяыг нь хувьдаа завшсан хэмээн буруутгасан юм.