
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч энэ сарын 8-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д Итгэмжлэх захидлаа гардуулав. НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүн Байнгын төлөөлөгч О.Очид Итгэмжлэх захидлаа гардуулж буйтай нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсээд олон талт хамтын ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байдгаа илэрхийлэв. Байнгын төлөөлөгч О.Оч Монгол Улс, НҮБ-ын Бүрэн эрхт гишүүн болсоны 50 жилийг ойг өнгөрсөн жил ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлснийг дурдаад Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжин тусалж ирсэн НҮБ-д талархал илэрхийлэхийн ялдамд цаашид ч манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхитэй дэмжиж, өөрийн бодит хувь нэмрийг оруулахын төлөө чармайн ажиллахаа нотолсон байна.
Байнгын төлөөлөгч О.Оч Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011-2013 онд даргалж байгаа орны хувьд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн талаар ЕНБД-д танилцуулж, 2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын уулзалтад биечлэн оролцохыг урьсан байна. Түүнчлэн Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний дүнд МХЗ-уудын хэрэгжилт 66 хувьтай байгааг мэдээлж, ЕНБД-аас санаачилсан 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудыг тодорхойлох өндөр түвшний ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна гэж ГХЯ-ны ОНХГ-аас мэдээлэв.