Зам түгжрэлгүй болох арга бий юу

Хуучирсан мэдээ: 2012.08.11-нд нийтлэгдсэн

Зам түгжрэлгүй болох арга бий юу

Улаанбаатарын замыг засах долоон ажил эрт эхэлсэн ч дуусах болоогүй байна.

Хэд хэдэн чиглэлд замыг түр хугацаагаар хэсэгчлэн хаагаад байгаа. Үүнээс үүдэн өглөө, оройдоо гацаа үүсэх болсон. Хариуцсан ажлаа цагт нь хийдэггүй хүмүүсийн буруугаас иргэд цаг, зав, шатахуунаа барах болсоор удаж байна.

Түгжрэлийн цаана нийслэлийн дарга нар ажлаа зохицуулж чадаагүй, тендерийн ажлыг хугацаанд нь хийлгүй элдвээр шалтагласан гэх мэт буруутай. Тухайлбал, Сансарын тунель орчимд явган хүний нүхэн гарцыг "Хотын зам" компани барьж байгаа. Энэ ажлыг уг нь өнгөрсөн жил эхлүүлсэн. Он дамжин хийгдэж байгаа ажлын дүр зураг өдгөө овоолсон шороо, хуулсан асфальт, ухсан нүхнээс нэг их хэтэрсэнгүй. Энэ зам ирэх сард ашиглалтад орж амжих уу гэдэг эргэлзээтэй. Гэтэл тэнд 10 хүрэхгүй хүн ажиллаж, хэдэн машин, ганц нэг техник зоожээ. Хөгжлийн энэ эринд хэдхэн техникийн хүчээр язгануулаад ажлаа шалавхан хийчихмээр санагдана.

Хүүхдүүдийн хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцээд нийслэлийн хөл, хөдөлгөөн ихэсдэг тул түүнээс наана Сансарын тунелийн нүхэн гарцын ажлыг яаравчлахгүй бол хэцүүдэж байгааг хэн ч харсан ойлгомжтой. Нийслэлийнхнийг тамлаж байгаа зам засварын ажлуудыг хотын дарга Э.Бат-Үүл газар дээр нь очиж үзэн, асуудлыг шийдэж, шахаж, шаардахгүй бол горьгүй гэдэг нь илт. Нүхэн гарцын ажлаас болоод Сансарын тунель орчмын замыг тэр чигээр нь хаасан юм. 13 дугаар хорооллын уулзвараас хойшоо эргэдэг зам, тунелийн хоёр урсгалтай замыг мухар болгосон. Үүнээс болоод нийслэлийн зүүн зүг болон Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур, Хэнтий гээд бүх л газраас ирж байгаа тэрэгнүүд зөвхөн зүүн дөрвөн зам болон Сан-сарын аюулгүй тойргоор эргэлгүй чигээрээ 100 айл орох ёстой болж байгаа юм.

Зарим нь Сансарын шатахуун түрээх станцын хажуугийн замаар зорчиж болно. Гэсэн ч энэ зам мөнхийн түгжрэлтэй болсон. Сүүлийн үед Сэлбийн гүүрийг засахаар тэр хавийн замыг хэсэгчлэн хаагаад нарийнхан хоолой болгосон. Үүнээс болж 100 айлын гүүр орчимд бөөн гацаа, түгжрэл үүсэх болсон. Оргил ачааллын цагаар 100 айлын гүүрээр нэвтрэх гэж 100 хүрэхгүй метр газар дор хаяж хоёр цаг явах нь энүүхэнд. Ийм байдалтай нийслэлд ажил хурдан бүтнэ гэж байхгүй юм.

Хотын нөгөө зах ч ялгаагүй болжээ. 22-ын товчоо орчмоор улаан шороо эргэлдэж баруун талаас ирж байгаа тэрэгнүүд хөдөөний замаас долоон дор донсолгоо ихтэй шороон замаар таваргах болсоор удаж байна. Өнгөрсөн жилийн хавраас эхэлсэн энэ замын засварын ажлыг "Бэрх зараа" компани гүйцэтгэж байгаа. УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярын дүү нарын компани "Бэрх зараа" гэлцдэг. Байгуулагдаад удаагүй, ямар ч туршлагагүй, техник чадал тааруу хэрнээ замын томоохон тендерүүдийг авч ийн олны ажлыг уяж байна хэмээн шүүмжилэх хүн олон бий. Ажил нь урагшлахгүй хэрнээ өнөө, маргааш дуусгана гэсээр хоёр жилийн нүүр үзэж байгаа 22-ын зам олон жолоочийг тамлаж байгаа гэхэд хилсдэхгүй.

Ажил гүйцэтгэгчид байнга л болж бүтэхгүй зүйл ярьж назгайрсаар өнөөдрийг хүрсэн. Тэдний барьж байгаа замын хашлагыг Монголын хоёр компани хийдэг бөгөөд үүнээс болоод хүлээлт үүссэн гэлцдэг. Мөн буталсан чулууны олдоц муу байгаагаас энэ замын хойд урсгалыг тавих ажил хүндрэлтэй болжээ. Том тэрэгнүүд замын өнгөн хэсгийг хотойлгож, борооноос болж хучсан зам дээр ус тогтож зарим хэсэг газар цөмөрсөн зэргээр тэдэнд шалтаг мундахгүй байна. Одоо энэ компанийнхан 4,5 км зам барих гэж тэрхүү газрыг бэрхшээлтэй болгожээ. Баруун аймгийг зорьж буй иргэд тамын замаар машин тэргээ эвдэж барин явж зам ашигласны төлбөр төлж байгаа нь шударга бус юм. Хотын хоёр захын гол хоолой болсон замын ажлууд ийн яст мэлхийний хурдаар явж байгаад иргэд бухимдахаас хэтрэхгүй байна. Хотын төв болон гэр хороолол, зуслангийн чиглэлд гэсэн хаалттай зам нэлээд бий.

Энэ мэтээр Улаанбаатар хотын замууд энэ зунжингаа түгжирлээ. Засаг дарга нисдэг тэрэг хөлөглөдөггүй байх. Эрхбиш нэг удаа ч болов түгжирсэн замаар явсан биз. Тиймээс мээр иргэдийн бухимдлыг ойлгож замын компаниудын ажлыг шахаж гацаанаас гаргаж өгнө гэсэн хүлээлт үүслээ.

Д.МЯГМАР

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж