Иргэд хятад ногоо руу “хошуурч” байна

Хуучирсан мэдээ: 2012.08.11-нд нийтлэгдсэн

Иргэд хятад ногоо руу “хошуурч” байна

Нэг үе 10 мянган төгрөг давж байсан махны үнэ сүүлийн үед буурч тогтворжоод байгаа. Харин хүнсний ногооны үнэ харьцангуй нэмэгдсэн. Тэр дундаа лууван ховордож, үүнтэй холбоотойгоор үнэ огцом нэмэгдэж байсан юм. Одоогийн байдлаар хүнсний захуудад луувангийн үнэ бага зэрэг буурсан бол хүнсний дэлгүүр болон гар дээрх худалдаанд үнэтэй хэвээр байна.

Ургац хураалт эхэлбэл хүнсний ногооны үнэ буурна

Өчигдрийн байдлаар “Баянзүрх” худалдааны төвд монгол төмсийг 1200-1300, хятадыг 500, монгол лууванг 2200-2300, монгол байцааг 900-1000 төгрөгийн хооронд худалдаалж байв. Төмсний үнийн хувьд өнгөрсөн долоо хоногийнхоос өөрчлөгдөөгүй аж. Харин үнэд ороод байсан монгол луувангийн үнэ буурч 2000 гаруй төгрөгийн үнэтэй болсон байв.

Энэ талаар тус худалдааны төвийн хүнсний ногооны худалдагч Ж.Намжилмаа хэлэхдээ “Лууван ховордож, үнэ нь 3000 төгрөгт хүрч байсан бол одоо харьцангуй буурч 2000 гаруй төгрөгт хүрээд байна. Одоо хүнсний захуудаар 2000-2300 төгрөгийн үнэтэй байна. Цаашдаа ургац хураалт эхлэхээр үнэ нь огцом буурах байх” гэсэн юм.

Харин “Бэлх” зах болон “Хүчит шонхор” худалдааны төвд монгол лууван өнгөрсөн долоо хоногт 2800 төгрөг байсан бол буурч 2200 төгрөгөөр зарж байгаа аж. Энэ талаар “Бэлх” худалдааны захаар үйлчлүүлэгч СБД-ийн иргэн Г.Оюунчимэг “Лууван 3000 байсныгаа бодвол сүүлийн үед буурлаа. Гэхдээ л үнэтэй байна. Уг нь өдийд хүнсний ногооны үнэ буурдаг шиг санагдах юм. Гэтэл улам л өсөөд байх юм. Худалдагчид хэлэхдээ ургац хураалт эхлээгүй, эхнээсээ шинэ ногоонууд гарч ирж байгаа болохоор үнэтэй байгаа гэцгээж байна” гэлээ.

Ганц лууван ч гэлтгүй, шинэ ургацын ногоонууд эхнээсээ гарч ирж байгаатай холбоотойгоор үнэ өндөр байгаа аж. Тухайлбал, шинэ ургацын байцаа наадмын өмнөөс худалдаалагдаж эхэлсэн бөгөөд тухайн үедээ бөөний үнэ нь 2100 төгрөг байжээ. Харин одоо буурч 500-600 төгрөгөөр бөөндөж байгаа бол жижиглэнгийн үнэ 900-1000 төгрөг байгаа юм. Байцааны үнэ өнгөрсөн долоо хоногоос эхлэн нэлээд хэлбэлзэлтэй байгаа аж. Учир нь бороо орж байцааны хураалт саатсан үеэр үнэ нэмэгдэж, элбэгшээд ирвэл үнэ буурч байгааг худалдагчид хэлж байлаа.

Одоогийн байдлаар хүнсний захуудад голчлон монгол төмс, хүнсний ногоо элбэг байгаа аж. Харин монгол луувангийн үнэ нэмэгдэх үеэр хятад ногооны хэрэглээ өсчээ. Учир нь дотоодын тэнгэрт хадсан үнэтэй ногоог авч дийлэхгүй иргэд аргагүй эрхэнд хятадын хямдхан ногоо руу хошуурдаг байна.

Манайхан жил бүр иргэдээ дотоодын хямд ногоогоор хангаж байгаагаа зарладаг. Гэтэл өнөөдрийн байдлаар тэр хямд ногоо харагдсангүй.

Цаашид хураалт нэмэгдэх тусам хятад төмсийг зарахаа болино гэдэг. Гэтэл хурааж авсан ургацаараа намрын гурван сарыг л аргацаадаг. Өвлийн гурван сард үнэ нь нэмэгддэг. Хаврын гурван сараас ургац хураалт хүртэл тэнгэрт хадаж, газар тариалангийн оронд амьдрагч бид хямд ногооны мөрөөсөл болсоор амьдарч байна.

Мах үнэтэй хэвээр

“Баянзүрх” худалдааны төвд хонины ястай мах 6700, үхрийн ястай мах 7600 төгрөгийн үнэтэй байсан бол “Бэлх” захад хонины мах 6600, үхрийн мах 7800-8500 төгрөг байв. Харин “Хүчин шонхор” худалдааны төвд хонины мах 6800, үхрийн мах 7300 төгрөгийн үнэтэй байлаа. Энэ нь бусад захын үнээс хямд байсан юм. Гэхдээ махны үнэ өмнөх долоо хоногийнхоос дорвитой өөрчлөгдсөн зүйл байхгүй ч өдөр бүр ялимгүй нэмэгдэж хасагдах тохиолдол байдаг гэнэ.

Энэ талаар “Бэлх” захын худалдагч Х.Баярмаа “Махны үнэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад өөрчлөгдсөнгүй. Харин зарим өдөрт үнэ бага зэрэг өөрчлөгддөг. Өчигдөр манайх хонины махаа 6800 төгрөгөөр зарж байсан бол өнөөдөр 6600 болгож буулгалаа. Үхрийн махны хувьд тарган сайхан махыг 8500-гаар зарж байна. Ченж нараас авахдаа хямд үнэтэйг нь авч болно. Гэхдээ хямд туранхай махыг өдөртөө борлуулж чадалгүй өнждөг болохоор аль болох сайн мах авахыг хичээдэг” гэсэн юм.

“Миний дэлгүүр” худалдааны төвд хонины ястай мах 6790 төгрөг, “Номин”-д 9499-9899 төгрөг байна. Үхрийн махны хувьд “Номин” худалдааны төвд хамгийн үнэтэй буюу 11999 төгрөг байгаа юм. Энэ нь махны үйлдвэрт бэлтгэгдсэн гэдэг утгаараа үнэтэй байна гэдгийг худалдагчид хэлсэн. Хэдийгээр махны үнэ буурч байгаа ч махан бүтээгдэхүүний үнэ буурахгүй байгаа аж. Өнгөрсөн оны сүүлээр нэмэгдсэн хиамны үнэ одоо ч хэвээр байгааг иргэд төдийгүй захын худалдагчид хэлж байгаа юм.

“Баянзүрх” худалдааны төвийн худалдагч С.Болорцэцэг “Аль шинэ жилийн үеэр нэмэгдсэн хиамны үнэ одоо хүртэл буухгүй байна. Одоогийн байдлаар хиамны доод талын үнэ 5800 төгрөг, дээд тал нь 10 мянга давсан байгаа. Уг нь махны үнэ буусантай холбоотойгоор хиамны үнэ бас буумаар юм. Гэтэл буух болоогүй гэж компаниудын зүгээс хэлж байна лээ” гэсэн юм.

Мөн энэ талаар Хан-Уул дүүргийн иргэн Н.Дашхүү хэлэхдээ “Хиамны үнэ арай л дэндүү үнэтэй байна. Хамгийн хямд нарийн хиам хүртэл 6000 төгрөгт хүрнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэгээд амт чанар нь үнэтэйгээ адилхан байдаг бол яая гэхсэн. Гэтэл нил бүлх байдаг. Махны үнэ нэмэгдлээ гээд хиамныхаа үнийг нэмчихдэг юм байж, одоо буухаар нь буулгахгүй үнэтэй хэвээр нь байлгаад байгаа нь сонин байна.

Тэгээд ч хиамны компаниуд хоорондоо хуйвалдаад үнээ нэмдэг гэж би сонссон. Ийм шударга бус үнийн хөөрөгдлийг хянах хэрэгтэй байх” гэлээ. Гурил, будаа, сахарын үнэ тогтмол байлаа. 25 кг-ийн “Алтан тариа” гурил 16 мянга, “Атар”, “Улаанбаатар” гурил 15 мянган төгрөгийн үнэтэй байна. Сахар, будаа кг нь 1600 төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх долоо хоногийнхоос өөрчлөгдөөгүй байгаа аж.

М.Ариунсувд
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж