У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ

"Лондон-2012" зуны 30 дахь удаагийн олимпийн наадмаас хүрэл медалийн болзол хангаад байсан дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дөнгөж сая мөнгөн медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Украйны боксчин Денис Беринчиктэй тоглож, 21-29 (6-4; 9-8; 6-17) харьцаатай ялагдсанаар олимпийн наадмын хүрэл медаль хүртэхээр боллоо. У.Мөнх-Эрдэнэ тоглолтын эхний хоёр үе өндөрлөхөд 15-12 харьцаатай онооны илүү байсан ч гуравдугаар үеийн тоглолтод Беринчик илүү тоглолт үзүүлж, 17 оноо авснаар ялалт байгууллаа. Өнгөрсөн жил Бакуд болсон дэлхийн аваргаар Украйны боксчин манай тамирчныг мөн ялж байсан юм.

У.Мөнх-Эрдэнэ Лондонгийн олимпийн рингэнд эхний тойрогт Чехийн Зденек Хладекийг 20:12, дараа нь Маврикийн тамирчныг 15:12, улмаар рингний эзэн орон, Их Британийн боксчин Том Стокерийг 23:22 харьцаатай ялж, хүрэл медалийн болзол хангасан билээ.

Тэрбээр ийнхүү гурав дахь олимпийн наадамдаа оролцож, хүрэл медаль хүртэх эрхтэй болж байна. Гурван олимпийн циклийн хугацаанд байнгын форм, бэлтгэлтэй байж, олимпийн рингэн дэх хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн тэрбээр ийн Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ноос зохион байгуулдаг олон улсын чанартай тив, дэлхийн бүхий л тэмцээн болоод олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын анхны ширэн бээлийтэн болж байна.

Өнөө шөнө 03.30 цагт Гавьяат тамирчин Н.Төгсцогт 52 кг-ын жинд мөнгөн медалийн төлөө ОХУ-ын боксчин Миша Алоянтай тоглоно.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж