Ачаа татаад үлдсэн хүн

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажилдаа орлоо. Шинэ Ерөнхий сайд Монгол Улсын ирэх дөрвөн жилийн ахуй амьжиргааг тээсэн жингийн цувааны түүчээ тэмээний бурантгийг атгахуй дор тэргүү бурантгийг атгуулж өгсөн хүний тухай цухас дурдах нь зүйтэй болов уу гэж бодогдов. Жингийн цувааны ачааг сулруулалгүй чангалж татаж өгөөд үлдсэн тэр эрхэм бол Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд асан С.Батболд.

Түүнийг засаг тэргүүлж байхад өнөөгийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүн шадар сайд нь, баруун гар нь байж нэгэн буулга дор зүтгэн, Монголын эдийн засгийн өсөлтийг дөрвөн жилийн өмнөхөөс тэс өөр өндөр төвшинд хүргэсэн. Оюутолгойн төсөл ажил хэрэг болж, тун удахгүй хүдэр боловсруулах шатандаа шилжих гэж байна. Эрдэнэс-Тавантолгойн төслийн үр шимээс иргэд хүртэж нүүрсээ экспортлож эхлэв. Мал сүргийн тоо 50 саяд хүрлээ. Улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангадаг болов.

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт урьд өмнө хэзээ ч байгаагүй 17,3 хувьд хүрлээ. Дэлхийн банкны үнэлгээгээр Монгол Улс дундаж орлоготой улс орны тоонд жагсч, нэр хүнд бүхий “Стандарт энд Пүүрс” компанийн үнэлгээгээр Монголын зээлжих зэрэглэл урт хугацаанд ВВ, богино хугацаанд В үнэлгээнд хүрч хэтийн төлвөө “Тогтвортой” хэмээн дүгнүүлэв. “Фитч” хэмээх өөр нэг компани урт хугацааны зээлжих зэрэглэлийг бүр нэгээр ахиулан В+ болгон зарлав. Монгол Улс эдийн засгийн үзүүлэлтээрээ ийнхүү дэлхийн олон орны дунд нүүр улайхааргүй байр суурь эзлэв.

Хөгжлийн банк байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлж 600 сая ам.долларын эх үүсвэрийг мөнгөний авдарт нь хийж өгчээ. Малаа мадаггүй тоолдог атлаа иргэнээ тоолж чаддаггүй байсан цаг ард хоцорч, түүхэнд анх удаа хурууны хээний сан, дижитал зургийн мэдээллийн сантай болгов.

Хөдөө аж ахуйн Монгол орон энэ хэдхэн жилд уул уурхайн том улс болох төрхөө олж, дэлхий нийтээрээ Монголын зүг хардаг боллоо. Ердөө энэ өгүүлбэрийг хэлэхэд л 26 дахь Ерөнхий сайдын танхимын хийсэн ажлын дүн нуруу харагдах болно. Энэ зэрэгт хүргэхэд мэдээж тийм амар байгаагүй.

Улстөрчийнхөө хувьд С.Батболд төлөвшсөн, соёлтой улстөрчийн жишгийг харуулж чадлаа. Улс төрийн тавцанд өрсөлдөгч намтайгаа хамтран байгуулсан Засгийн газрыг тэрбээр чадамгай залсан. Тэгсэндээ дэлхийд өндөр хурдацтай эдийн засгийг улсдаа суурьшуулж чадлаа. Гадаад хэргийн дэд сайд байхаасаа л тэрбээр гадаад харилцааг эдийн засагжуулна гэсэн томъёолол гаргаж ирсэн. Тэр ч эрчээрээ Ерөнхий сайд байхдаа улс орноо хэтийдсэн улс төржилтөөс гаргаж эдийн засагжуулж чадсан юм. Энэ бүхний төлөө түүнд “Баярлалаа” гэж бардам хэлэх ёстой.

Хэдийгээр МАН-ын даргын хувьд УИХ-ын 2012 оны сонгуульд намаа тийм ч сайн оролцуулж чадаагүй ч ёс жудагтай улстөрчийн зангаргаар алдаагаа хүлээж, тахимаа өгч нэгэн шинэ жишгийг тогтоолоо. МАН хэрэг дээрээ хэд хэдэн сонгуульд ялагдал хүлээсэн. Гэвч ялагдсан дарга нар нь хэзээ ч буруугаа хүлээж, албаа өгч байгаагүй. Тэр нь яван явсаар 2012 оны энэхүү уналтад хүргэсэн гэж хэлж болно. Харин С.Батболд МАН-ын даргын хувьд алдаагаа хүлээн зөвшөөрч, өндөр сэнтийгээс бууж, хариуцлагаа үүрдгийн жишээг харуулан, туршлагатай гишүүн Ө.Энхтүвшинд халаагаа өглөө. Цаашдаа энэ жишиг Монголын улс төрд тогтох биз ээ.

Тэрбээр уян хатан улстөрч болохоо сүүлийн хэд хоногт бас харуулав. Лондонгийн олимпод Ерөнхий сайдын хувиар явах байсан ч төрийн ажлыг гацаахгүй гэсэндээ АН-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу айлчлалаа хойшлуулж, албаа өгснийхөө дараах өглөө олимпийн нийслэлийг зорилоо.

Ганц өдрийн өмнө боловч нийслэлийг эзэнтэй болгох гэсэндээ шинэ Ерөнхий сайд томилогдохыг хүлээлгүйгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийг батламжиллаа.

Засгийн газрын жингийн ачааг жимбийтэл татаад шинэ тэргүүнд нь гардуулсан С.Батболд гишүүн цаашдаа ч Монголын том улстөрчийн нэг байсаар байх болно.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж