Ерөнхийлөгчид зүсэлсэн морь Олимпийн алт хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид зүсэлсэн морь Олимпийн алт хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн жил Швейцарьт айлчилж байхдаа морьтон монгол хүний нүдээр тэндхийн нэгэн моринд нүд унаган зүсэлсэн нь сая Лондонгийн олимпийн саадтай харайлтын төрөлд алтан медаль хүртжээ.

Ерөнхийлөгчийн адуунд нүдтэйн илэрхийлэл болсон энэхүү түүхээс дурдвал 2011 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарь улсад албан ёсны айлчлал хийх үед уг морины эзэн, ноён Щварценбах Монгол Улсаас Швейцарь улсад суух Өргөмжит консулын хувиар түүнийг дагалдан явжээ. Айлчлалын завсар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Щварценбахын эдлэнгээр зочилж, адуун сүргийг нь сонирхох үеэр нэг морь онцгойлон хараа булааж байсан нь уг алтан медальт хүлэг байжээ. Уг морийг эзэд нь Нино дес Буиссонец гэж дууддаг. Сая Лондонд Нино дес Буиссонецийг Стив Гуердат гэдэг тамирчин унаж, Олимпийн алтан медалийн эзэн болжээ. Энэ нь Швейцарь улсын түүхэнд 1924 оноос хойших морины саадтай харайлтын төрөлд хүртсэн анхны алтан медаль гэдгээрээ нэр хүндтэйд тооцогдож байна.

Энэ баярт мэдээг дуулгахаар Лондонгоос ноён Жон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр дээр захидал илгээсэн байна.

Захидалд, “Бид Монгол Улсаас Швейцарь Улсад суух Өргөмжит консул, хүндэт ноён Щварценбахийн хүлэг морь Лондоны зуны Олимпийн наадамд алтан медаль хүртсэнтэй нь холбогдуулан баяр хүргэх ёстой. Түүний Нино дес Буиссонец нэрт хүлгийг Стив Гуердат унаж, Олимпийн алтан медалийн эзэн боллоо. Энэ нь Швейцарь улсын түүхэнд 1924 оноос хойших морины саадтай харайлтын төрөлд хүртсэн анхны алтан медаль юм. Энэ гайхамшигтай үйл явдалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тун сайнаар нөлөөлсөн хэмээн бид бэлгэшээж байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Щварценбахын морины зүчээнд зочилж, Нино дес Буиссонец хэмээх хүлгийг нь аргамаг хурдан хүлэг байна гэж зургаа татуулсныг  бид санаж байна.  Дэлхийн шилдэг олон мянган аргамаг дундаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зүсэлсэн, хамт зургаа татуулсан хүлэг Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн нь эгэл жирийн тохиолдол биш юм. Иймээс энэ ер бусын үйл явдлыг нотолсон гэрэл зургийг бидэнд илгээхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ. 

Ерөнхийлөгчийн зүсэлсэн аргамаг олимпийн алтан медаль хүртсэн нь Монголын медалийн тоог нэгээр нэмсэн хэрэг боллоо гэж бас хэлж болох юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж