Бүлэг байгуулах талаар хуулийн төсөл санаачилжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

Бүлэг байгуулах талаар хуулийн төсөл санаачилжээ

УИХ дахь МАН-ын 25 гишүүн бүлэг байгуулах эрхгүй хоцроод буй. УИХ-аар 2006 онд эрхэм гишүүн Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байх үед баталсан УИХ-ын тухай хуулийн 26-гийн 5 дахь хэсэгт “Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ” хэмээн заасан байдаг.

Нэгэнт УИХ-ын даргыг сонгоод 24 цаг байтугай 24 хонож буй тул МАН бүлэг байгуулах эрхгүй болсон юм. Ерөнхий сайдаар АН-ын дарга Н.Алтанхуягийг томилсон анхдугаар чуулганы хуралдаан дээр МАН-ын дарга Ө.Энхтүвшин УИХ дахь 25 гишүүнийхээ нэрийг уншиж, бүлэг байгуулах саналаа дуулгасан ч УИХ-ын дарга З.Энхболд хүлээж авах боломжгүй гэдгийг хэлсэн.

Нөхцөл байдал ийм болсон тул УИХ дахь МАН-ын гишүүд УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан намын бүлэг байгуулах зарчмыг өөрчлөх хуулийн төсөл санаачлаад байгаа юм байна. Цаашид УИХ-д МАН-ын гишүүд ямар бүтэцтэй байх талаар УИХ дахь МАН-ын гишүүдийн дэд дарга С.Бямбацогтоос тодруулахад “Манай гишүүд хуулийн төсөл санаачлаад байгаа. Ирэх даваа гаригт УИХ-ын даргад өргөн барина” гэлээ.

Дараагийн долоо хоногт хуулийн төслийг хэлэлцвэл УИХ-д суудалтай МАН-ын гишүүд ямар бүтцээр ажиллах нь тодорхой болох юм байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж