Балбын Засгийн газраас Персийн буланд ажилладаг эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж, хөдөлмөрөө мөлжүүлдэг зэрэг байдлаас 30-аас доош насны эмэгтэйчүүдийг тэнд ажиллахыг хоригложээ. Энэ тухай өчигдөр Балбын Мэдээлэл, Харилцаа Холбооны сайд Раж Кишор Ядав мэдэгдсэн байна. Балба болон Азийн бусад орнуудын мянга мянган эмэгтэйчүүд ажил хайн Ойрхи Дорнодод ирдэг бөгөөд тэдний ихэнхи нь сайн дураараа ирдэг байна. Гэвч тэд паспортаа хураалган, шилжих хөдөлгөөнөө хязгаарлуулан, өдөрт 20 хүртэлх цагаар цалингүй ажиллаж, сүрдүүлэг заналхийлэлд өртөж, нойр хоолоор дутагдаж, биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг аж. Энэхүү байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд Балбын Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргасан байна. Гэхдээ хүний эрхийн байгууллагаас Балбын Засгийн газрын бодлого асуудлыг шийдвэрлэх дорвитой арга биш гэж үзсэн байна. Балбын засгийн газрын мэдээлснээр Балбын 58 мянган эмэгтэй Саудын Араб, Кувейт, Бахрейн, Катар, Арабын Нэгдсэн Эмирт, Оман зэрэг орнуудад хөдөлмөрлөдөг байна. Өмнө нь Балбын Засгийн газраас тус улсын нэг ажилчин амиа хорлосны дараа эмэгтэйчүүдийг Персийн буланд ажиллахыг бүрэн хориглож байсан ч энэхүү хоригоо 2010 онд цуцалжээ.
Б.АНХТУЯА