Бангладешийн Засгийн газар тус улсын “Padma” гүүрийн төсөлд зориулж, 3 тэрбум ам.долларын зээлийг Дэлхийн банкнаас авахаар гэрээ хийгээд байжээ. Гэсэн ч өнгөрсөн зургадугаар сард Дэлхийн банкны Авлигын эсрэг хорооноос тус улсад олгох зээлийг цуцалснаа албан ёсоор мэдэгдсэн байна. Дэлхийн банк дээрх зээлийг цуцалсан явдал нь Бангладешийн авилгалын үзүүлэлттэй холбоотой аж. Харин Бангладешийн засгийн газар дээрх гүүрний төслийн ажлыг эхлүүлэхээр өөрийн улсын нийт ард иргэд болоод аж ахуй нэгж байгууллагуудыг хандив өргөхийг хүсчээ. Аж ахуй нэгж болоод хувь хүмүүсийн хандив өргөсөн мөнгийг өөрийн улсын төрийн эзэмшлийн банкууд болон хувийн арилжааны банкуудаар дамжуулан төвлөрүүлэх аж. “Padma” гүүрийн төсөл нь Бангладешийн нийслэл Дака хотыг Ганга мөрөнтэй холбох 6.2 км-ийн урттай гүүрний төсөл аж. Тус улсын Засгийн газрын албаныхны мэдээлж байгаагагаар дээрх гүүрний төсөлд зориулж 3 тэрбум ам долларын зээлийг 2014 онд Дэлхийн банкнаас олгохоор болоод байжээ. Гэсэн хэдий ч тус улсын Ерөнхий сайдын мэдээлсэнчлэн 2011-2012 оны авлигын үзүүлэлтүүд дээрх шийдвэр гаргахад нөлөөлсөн гэнэ. Дэлхийн банкны авлигатай тэмцэх хорооны мэдээлснээр зээл цуцлах шийдвэр гаргахаас өмнө Дэлхийн банк тус улсын Засгийн газрыг авлигаа бууруулах талаар шийдвэртэй алхам хийхийг даалгасан аж. Гэвч тус улсын Засгийн газраас авлигын асуудалд дорвитой шийдвэр гаргаж чадаагүй учраас Дэлхийн банкны дэмжлэгийг ийнхүү алджээ.
Э.АНХТУЯА