Төмөрлөгийн үйлвэрт хөрөнгө оруулахыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

Төмөрлөгийн үйлвэрт хөрөнгө оруулахыг уриаллаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Л.Хашчулуун, Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Х.Ганбаатар, Дархан-Уул аймгийн Засаг дарга н.Эрдэнэбат нар хэвлэлийн бага хурал хийж,  Дархан-Уул аймагт Төмөрлөгийн үйлдвэр байгуулах ажилд хөрөнгө оруулалт хийхийг үндэсний хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгж, компаниудад уриаллаа. Уриалгыг хүлээн авч хөрөнгө оруулах сонирхолтой байгууллагуудын ажил хэрэгч саналыг ирэх есдүгээр сарын 10 хүртэл Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст хүлээн авах юм байна. Түүнээс цааш ч санал авах ажил нээлттэй аж. Саналуудыг есдүгэр сарын дундуур Дархан-Уул аймагт зохион байгуулах форумаар хэлэлцэхээр болжээ.

Эрхэм гишүүн С.Ганбаатар энэ талаар “Хүнд үйлдвэрлэл хөгжсөнөөр ЖДҮ хөгжинө. Тэр дундаа металлургийн үйлдвэрлэл хөгжиж байж улс хөгжинө. Улсын тусгаар тогтнолын үндэс бол хүнд үйлдвэр, металлургийн үйлдвэр, дараагаар нь химийн үйлдвэр юм” гэлээ. Тэрбээр УИХ, Засгийн газраас хүнд үйлдвэрийн өмнө хариуцлага хүлээж татвараас хөнгөлөх ёстойг хэлсэн юм. “Гэвч төмрийн хүдрийг уул уулаар нь хөндийлөн шороогоор нь гадагш зөөх сонирхолтой бүлэглэл байна. Гэтэл монголчууд эргээд гадаадаас барилгын төмөр хийцээ авдаг. Монгол Улс төмрийн нөөц багатай тул шороогоор нь зөөх ёсгүй” гэж байлаа.

Дархан-Уул аймгийн Засаг дарга н.Эрдэнэбатын мэдээлснээр Дарханы төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад ороод 18 жил болсон ч дорвитой хөгжөөгүй байна. Уг нь төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор байгуулж 2010-2015 онд хөгжүүлэх концепц гаргасан. Түүнд 100-120 тэрбум төгрөг хэрэгтэй юм байна. Одоогоор 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ хооронд Хүдэр сум руу төмөр зам тавьж төмрийн хүдрийг вагон вагоноор зөөж буй ажээ.

Монгол Улс 270 сая тонн буюу ердөө 100 жилийн төмрийн нөөцтэй юм байна. Тиймээс төмрөө дотооддоо үйлдвэрлэж төмөр хийцүүдээ өөрсдөө хийх ёстой гэж үзэж байгаа ажээ.

Өнөөгийн байдлаар хоёр уурхай дээр баяжуулах үйлдвэр байгуулж эхэлсэн байна. Ингэснээр нийт 3000 хүн ажлын байраар хангагдах гэнэ. Одоо Дарханд төмөрлөгийн салбарт 1500 хүн ажилладаг юм байна. Хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Л.Хашчулууны хэлснээр ОХУ, Хятад, БНСУ зэрэг орон хүнд үйлдвэрийн салбараа татвараас чөлөөлдөг юм байна. Энэ салбарт Засгийн газар, хувийн хэвшил хамтарч ажиллах ёстой гэж хэвлэлийн бага хурал оролцогчид хэлж байлаа.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж