Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн хүн амын өсөлт нэмэгдэхийн хэрээр өлсгөлөн, гуйланчлал, баян хоосны ялгаа дээд цэгтээ хүрч болзошгүй гэсэн таамаг байдаг. Учир нь, хүний дуусашгүй хэрэглээг хангах арвин их нөөц байхгүй. Тиймээс ч эдийн засгийн ухаанд шавхагдашгүй хэрэглээг шавхагдах нөөцөөр хэрхэн хангах вэ гэдэгт тархиа гашилгадаг. Харин эдийн засагчид энэ тал дээр толгойгоо гашилгасан ч, техник технологийн давуу талыг ашигласан ч долоон тэрбум хүн эхнээсээ өлсөөд эхэлсэн. Өнөөдөр дэлхий дээр нэг тэрбум хүн хүнсний хомсдолд орсон гэдэг статистик бий. Долоон хүний нэг нь хоосон ходоод, хатсан уруултай хорвоогийн өдрийг арай ядан туулж байна гэсэн үг. Харин 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9.1 тэрбумд хүрч, хүнсний хэрэгцээ 70 хувиар нэмэгдэж, дэлхий дахин хоолны төлөө дайтаж магадгүй гэх тооцоог НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага гаргажээ.

Өнөөдөр дэлхий нийтэд өлсгөлөн үүсч байгаа хэд хэдэн шалтгаан байгаа гэнэ.

Нэгдүгээрт, уур амьсгалын өөрчлөлт хүнсний хомсдолыг бий болгох хамгийн том шалтгаан болоод байгаа аж. Тэр дундаа цэвэр усны нөөц хомсдож байгаа нь экологийн хувьд сүйрэл дагуулж, тэр хэмжээгээр хүсний хомсдолыг бий болгож байгаа юм. “Oxfam” олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар хэрвээ хүн төрөлхтөн энэ маягаар байгаль экологид хортой үйл ажиллагаа явуулсаар байх юм бол 2030 он гэхэд дэлхийн хүн амын талаас илүү хувь нь өлсгөлөнд нэрвэгдэнэ гэсэн байна. Тиймээс бид хүнсний хомсдолд орохгүйн тулд эхлээд байгаль эхээ хайрлах хэрэгтэй юм.

Хоёрдугаарт, хүн амын нягтаршил хөдөө аж ахуйг шахаж байгаа нь хүнсний хомсдолыг бий болгодог байна. Хүн ам өсч, хот суурин газар нэмэгдэх бүрт газар тариалан явуулах боломж хомс болж ирдэг. Тиймээс энэ талын мэрэгжилтнүүд хүн амын зүй зохистой өсөлтөд дэлхий нийт анхаарал хандуулах цаг болсон гэдгийг анхааруулж байна. Мөн хөгжингүй орнуудын хөдөө аж ахуйн салбарт олгох татаасыг багасгаж, хөгжиж байгаа орнуудын тариачдад илүү тусламж үзүүлвэл зохино гэж шинжээчид үзэж байгаа ажээ.

Гуравдугаарт, хүнсний зориулалтын газрыг ашгийн төлөө ашиглах. Энэ нь ихэвчлэн “Эдийн засгийн алуурчид”-аас хамааралтай хүнсний хомсдол байдаг аж. Үүнийг зарим шинжээчид “Орчин үеийн өлсгөлөн” гэж нэрлэдэг байна. Эдийн засгийн алуурчдын гол зорилго нь байгалийн баялаг ихтэй орныг олон тэрбум ам.долларын өрөнд оруулах байдаг гэнэ. Зөвхөн ашгийн төлөөх үндэстэн дамнасан компаниудын дэмжлэгтэйгээр “Эдийн засгийн алуурчид” тухайн орны Засгийн газарт “молиго үмхүүлэх”, хэлэлцээр хийгч талуудын дундуур гуравдагч этгээд мэт харагдаж, зөвлөгч нэрээр худал хэлж их хэмжээний өрөнд оруулах явдал байдаг аж. Их хэмжээний өрөнд орсон улс орон, үндэстэн дамнасан компаниудад байгалийн баялгаа хямдхан өгсний улмаас тавьсан өрөө төлж дийлэхгүйд хүрдэг байна. Ингэснээр зөвхөн өр дарах зорилгоор хүнсний зориулалтын газрыг ашиглах талаар улс төрийн шийдвэр гарах нь улс орны хэмжээнд ядуурал, өлсгөлөн гуйланчлал авчирдаг аж.

Харин Монгол
Манай улс хүнсний хомсдолын үзүүлэлтээр тийм ч сайн дүн авдаггүй байна. Тухайлбал, Дэлхийн хүнсний байгууллагын стандартаар нэг хүнд ногдох өдрийн хүнсний хангамж килкалор нь 2550 байдаг бол монгол хүн 2285 буюу байвал зохих хэмжээнээс доогуур байна. Мөн Монголын дундаж амьдралтай өрх айл орлогынхоо 40 ба түүнээс илүү хувийг өдөр тутмын хоол хүнсэнд зарцуулдаг гэсэн судалгааг “Мерси Корпс Монгол” гаргасан аж. Гэтэл өндөр хөгжилтэй улсуудын энэ үзүүлэлт нэг оронтой тооноос хэтэрдэггүй байна. Түүнчлэн Монгол Улсын нийт хүн амын 27 хувь нь хоол хүнсний хомсдолтой гэсэн судалгааг НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага гаргажээ. Уг нь монголчууд өлсөх ёсгүй. 40 сая малтай, цөөхөн хүн амтай. Тариа, ногоо тарих өргөн уудам газартай. Жаахан хэтрүүлээд хэлэхэд өлсөж байгаа дэлхийг бид хооллох боломжтой аж. МҮХАҮТ-ын санаачилгаар хэрэгжиж буй “Үндэсний брэндийн маркетинг” хөтөлбөрийн удирдагч  Stephen Kreppel “Монгол улс хүнсний үйлдвэрлэлээ бүрэн гартаа авч дэлхийн хэмжээний хүнсний хомсдолыг өөрт ашигтайгаар эргүүлэх бүрэн боломжтой. Гэхдээ хамгийн түрүүнд өөрийн гэсэн нэр хүндийг бий болгох нь чухал. Тэр нь экологийн цэвэр хүнсээр дотоодын хүнсний хэрэгцээгээ бүрэн хангаад, түүнийгээ экспортлох хэрэгтэй. Тиймээс энэ тал дээр эртнээс анхаарч чадвал ойрын ирээдүйд дэлхийн хүнсний зарим нэг гол бүтээгдэхүүний зах зээлийн үнэд нөлөөлдөг экспортлогч орон болохыг үгүйсгэхгүй” гэсэн юм. Харин уг зорилгыг биелүүлэхэд төр, засгийн зүгээс анхаарал хандуулах нь чухал аж. Тиймээс бид дээрх мэт өлсөж байгаа дэлхийг хооллож яагаад болохгүй гэж.

Э.Зоригт

Эх сурвалж: WWW.MONGOLIANECONOMY.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж