Ямайкийн шилдэг спринтер Усаин Болт Лондонгийн олимпийн эрэгтэйчүүдийн 200 метрт түрүүлснээр ойрын зайн хоёр төрөл болох 100 м ба 200 метрт олимпийн аварга цолоо хамгаалсан түүхэн дэх анхны тамирчин боллоо. Өчигдөр болсон 200 метрийн уралдаанд Ямайкийн гурван тамирчин алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, олимпийн тавцанг ямайкчууд эзэлсэн нь бас нэгэн гайхалтай амжилт байлаа.
Усаин Болт шигшээ уралдаанд 19.32 секундын амжилт үзүүлснээр 1996 оны Атлантын олимпийн наадмаар Майкл Жонсоны үзүүлсэн амжилтыг давтсан юм. Тухайн үед Жонсон дээрх амжилтаараа дэлхийн дээд амжилтыг шинэчилж байжээ. Харин мөнгөн медалийг түүний нутаг нэгт, дэлхийн аварга Йохан Блейк, хүрлийг Уоррен Уейр хүртжээ.
Ямайкууд хэдийнээс хөнгөн атлетик, тэр тусмаа ойрын зайд шилдэг тамирчдыг бэлтгэсээр ирсэн, харин энэ удаад Усаин Болт гэгч зөвхөн өөртэйгээ өрсөлдөгч, агуу тамирчин байгаа нь бусад тамирчдын жишиг, үзүүлэлт, амжилт өсөхөд чухал нөлөөтэй байсан тухай гадны хэвлэлүүд онцолж байна. Ямайкийн дотоодын сорилт тэмцээнд Блейк Лондонг зорихын өмнөхөн Болтыг түрүүлж байсан, гэхдээ олимпийн талбарт “Цахилгаан” Болт шилдэг нь байлаа. Уралдааны дараа Болт “Энэ л миний хүсч байсан зүйл. Түүндээ хүрлээ. Өөрөөрөө бахархаж байна. Өнгөрсөн нэг улирал миний хувьд хүнд байлаа. Гэхдээ тэр бүхнийг даван туулж, энд ирээд зорилгоо биелүүлсэндээ сэтгэл хангалуун байна. Дэлхийн рекорд эвдэх бол боломжийн юм шиг л санагдаж байлаа. Би хурдан байлаа, гэхдээ хангалттай байж чадсангүй” хэмээн ярьжээ.
Олимп эхлээс ердөө ганцхан сарын өмнө нуруундаа бэртэл авсан ч богино хугацаанд бэртэл гэмтлээ, өөрийгөө ялан дийлж, Лондонгийн оимпийн баатар болсон тэрбээр формоо хадгалахын тулд бүхнээ зориулсан тухайгаа хэлжээ.
Дэлхийн аварга Йохан Блейк шигшээ уралдаанд 19,44 секундын амжилт үзүүлсэн нь түүний хувьд энэ улирлын дээд амжилт нь болжээ. Харин хүрэл медалийн эзэн, 22 настай залуу тамирчин Уейр 19,84 секундээр хувийн амжилтаа шинэчилсэн байна. Гэхдээ уралдаан Болтынх байсан, энэ зуны олимп дахин Болтынх боллоо. Ийнхүү тэр олимпийн таван алтан медальтай, Ямайкийн бүх цаг үеийн хамгийн “ганган” олимпийн тамирчин болж байна. Одоо тэр 4х100 метрийн буухиа уралдаанд хурд сорьж, Бээжингийн олимпийн аварга цолоо бататгах боломжтой. Товчхондоо олимпийн зургаа дахь алтан медалийн төлөө уралдах юм.
200 метрийн зайд олимпийн аварга цолоо хамгаалсны дараа Усаин Болт өөрийгөө “хамгийн агуу тамирчин” хэмээн тунхаглажээ. Дэлхий нийт түүнийг хэдийнэ амьд домог хэмээн хүлээн зөвшөөрсөн, харин Болт “Одоо л би амьд домог” боллоо гэсэн гэнэ. Хэдийгээр тэр энэ төрөлд зайд олимп, дэлхийн рекорд эвдээгүй ч өөрийнхөө амжилтад сэтгэл хангалуун байгаагаа медаль гардсаны дараа болсон хэвлэлийн хурлын үеэр илэрхийлжээ. “Би зодог тайлахад бэлэн биш. Би энэ спортод хайртай. Гэхдээ би одоо тайван суугаад, амрангаа дараагийн зүйл юу байх тухай бодож болохоор боллоо” хэмээсэн Болт “Энэ бүхний дараа би чухам юу хийхийг хүсч байгаагаа хэлж мэдэхгүй байна. 100 метр, 200 метрт гүйх үү, эсвэл өөр ямар нэг зүйл турших уу гэдгээ мэдэхгүй. Намайг хөдөлгөх хүч болж чадах тийм зорилго олох хэрэгтэй. Одоо энэ улирлын үлдсэн хугацаанд би амарч, өөртөө цаг заваа зориулна. Учир нь би энд ирсэн зорилгоо биелүүллээ” гэжээ.
Усаин Болтын өөрийнх нь хэлснээр тэр одоо “жинхэнэ домог” боллоо.