Манай улсад хөдөлмөрийн зах зээл дээр жилдээ 3000 гаруй инженер төгсөн гарч байгаа боловч нарийн мэргэжлийн боловсон хүчний хомсдол үүссэн гэж үздэг. Мөн уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй өнөө үед орчин үеийн техник, тоног төхөөрөмж дээр хөдөлмөр хамгаалал аюулгүйн дүрмийг баримтлан технологийн дагуу ажиллах, засвар үйлчилгээ хийж чадах боловсон хүчин хангалтгүй байгаа гэсэн судалгаа бий. Тэгвэл энэхүү эрэлт хэрэгцээг “Трансвест Монгол Сургалтын Институт” ханган ажиллах зорилт тавьж өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.
Энэ институт нь инженерийн дөрвөн жилийн боловсрол олгох сургалт явуулж хүнд машин механизм, дизель хөдөлгүүр дээр ажиллах, засвар үйлчилгээг гардан хийж гүйцэтгэх Механик, Цахилгаанчин, Гагнуурчин, Угсрагч гэсэн мэргэжлээс гадна уул уурхайн салбарт чухал шаардлагатай байгаа Тээвэр зууч, Агуулах, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Аюулгүй байдал, Уул уурхайн салбарын Англи хэл зэрэг чиглэлээр 3-р зэргийн сертификаттай нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргах юм.
Сургалтыг Австрали улсын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн байгууллагын дөрөвдүгээр зэрэг хангасан багш нар гардан явуулдаг бөгөөд нийт төгсөгчид нь уул уурхай хөгжсөн дэлхийн олон улс орон хүлээн зөвшөөрдөг Австрали улсын стандартын мэргэжлийн сертификаттай төгсөж дэлхийн аль ч улсад мэргэжлээрээ ажиллах боломжтой болдогоороо давуу талтай юм.
“Трансвест Монгол Сургалтын Институт”-ийн сургалтын цогцолбор нь 2000 м3 талбай бүхий анги танхим, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лабораториос гадна засвар үйлчилгээ явуулах үйлдвэрлэлийн дадлагын 1000 м2 талбай бүхий байгууламжтай.
Институт нь томоохон хэмжээний агуулахын үйл ажиллагаанд зориулсан өргөгч по, тавиур, түрэгч зэрэг агуулахын тоног төхөөрөмжийн сургалт зохион байгуулдаг. Үндэстэн дамнасан хүчирхэг компанийг чадварлаг ажилчин хүний гар бүтээдэг гэж тус компанийн захирал ноён Дэвид Тюрн бол нээлтийн үйл ажиллагааны үеэр дурдлаа.Эднийх Австрали улсын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн TAFE буюу Central Queensland байгууллага, Квинслендийн Техник Боловсролын Институт, ШУТИС, Монгол Солонгосын коллеж гээд бусад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй мөн хамтран ажилладаг юм байна.
Сургалтын төвийн бас нэгэн томоохон зорилго нь уул уурхайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн гол үйлдвэрлэгч “Комацу” компанийн тоног төхөөрөмж дээр ажиллаж чадах, засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх ажилчдыг бэлтгэх, хэрэглэгчдийг аюулгүй найдвартай ажиллагаа бүхий тоног төхөөрөмжөөр хангах явдал юм. Нөгөө талаар тус компани нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж улс орны хөгжилд боловсон хүчнээрээ дамжуулан хөрөнгө оруулж буй хэрэг болно.