Испани хогоо ядуусаас хамгаалж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

Испани хогоо ядуусаас хамгаалж эхлэв

Испанийн Каталони мужийн хойд хэсэгт байдаг Жирона хотын захиргаа дэлгүүр үйлчилгээний газрын хүнсний үлдэгдэл ба хугацаа нь дууссан барааны хогийн савуудыг түгжээтэй болгож ядуу өлгөлөн хүмүүсийн хогноос хоол хайхыг таслан зогсоохоор шийджээ. Хямралаар гарч ирсэн ийм үзэгдэл нь хүний эрүүл мэндэд занал учруулж, нийгмийн түгшүүр төрүүлж байна хэмээн хотын захиргаа энэ үйлдлээ тайлбарлав.

“Бидэнд хугацаа нь дууссан ч хүнсэнд хэрэглэж болохоор бараа их байгаа. Ядарсан хүмүүс ийм зүйлийг л хайж хогийн сав ухаж байна. Гэтэл хотын захиргаа тийм хүнс цуглуулдаг хүмүүст таагүй хандах юм” хэмээн нэгэн дэлгүүрийн ажилтан хэлж байна.

Жирона хотын эрх баригчид хогоо түгжээд хүний хүнстэй байх эрхийг хангахаар оролдож байна. Эрх баригчид хог ухан нэр нүүрээ барахын оронд нийгмийн тусламжийн төвүүдэд хандахыг ядууст уриалж байна. Супер маркетуудын дэргэд тусгай ажилтнууд жижүүрлэн тэнүүлчдийг тусламжийн төв рүү илгээж эхэлжээ. Төвүүдэд өлсгөлөн хүмүүсийг хооллож, тэдэнд хоол, хүнсний цуглуулга тараадаг аж. Гэхдээ олон хүмүүс хотын захиргаа нь жуулчдын нүдэнд хотын имижийг унагаж буй ядуусыг далдлан нуухаар оролдож буй санаа хэмээн хэлж байгаа.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж