Ливид парламент нь засаг барихаар болов

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

Ливид парламент нь засаг барихаар болов

Ливийн Үндэсний шилжилтийн түр зөвлөл наймдугаар сарын 8-ны орой парламентын үүрэг гүйцэтгэх Үндэсний ерөнхий конгресст засгийн эрхийг шилжүүлэн өглөө гэж Agence France-Presse мэдээлэв.

Нийт 200 хүнээс бүрэлдсэн Үндэсний ерөнхий конгрессийн үүрэг нь шинэ Засгийн газрыг байгуулах, шинэ Үндсэн хууль бүтээх хуваарь гаргах явдал болж байна. Шинэ Үндсэн хууль баталтал улс орныг парламент удирдах болно. Дараа нь шинээр ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явуулах юм.

Мусульмануудын хувьд ариун гэгдэх рамадан сарын 20 дахь хоногт засгийг шилжүүлсэн ба жилийн өмнө яг энэ өдөр босогчдын арми нийслэлд шийдвэрлэх довтолгооныг эхлүүлсэн байлаа. Сануулахад, Үндэсний шилжилтийн түр зөвлөл нь 2011 оны хоёрдугаар сард Бенгази хотноо Маумар Каддафийн засгийн эсрэг байгууллага гэгдэн үүссэн юм. Гуравдугаар сардаа зөвлөл өөрийгөө Ливийн албан ёсны засаг гэж зарласан байлаа. Иргэний дайны үеэр зөвлөлийг дэлхийн олон орнууд хүлээн зөвшөөрч тэдэнтэй хамтарсан юм. Үндэсний түр зөвлөл 2011 оны наймдугаар сарын сүүлчээр Триполи хотод шилжин очжээ.

Дайны дараах Ливид зөвлөл нь төрийн дээд байгууллагын үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Зөвлөлийн гишүүд нь Үндэсний шилжилтийн зөвлөл нь түр хугацааны гэдгийг байнг хэлж иржээ. Сонгуулийн дараа засгийн эрхээ парламентад шилжүүлнэ гэж байлаа. 

Ливийн Үндэсний Ерөнхий конгрессийн сонгууль долдугаар сарын 7-нд явагдсан юм. Сонгуульд Үндэсний шилжилтийн түр зөвлөлийн ерөнхий сайд байсан Махмуд Жибрилийн Үндэсний хүчний либерал эвслийнхэн ялалт байгуулсан билээ. Мөн парламентад исламистуудын консерватив хүчин ба бие даасан депутатууд оржээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж